Шууд Chart

Нотр Дамыг сэргээн босгох асуудал маргаан дагуулаад байна

2019-05-15 16:05:15

Парисын Дарь эхийн сүм Нотр Дамыг сэргээн босгох асуудал олон нийтийн дунд маргаан дагуулаад байна. Францын нийслэл Парис хотын түүхэн байгууламжуудын нэг болох Нотр Дамын сүмд гал гарах үеэр сүмийн 90 метрийн өндөртэй шовх орой нурснаас гадна дээврийн хэсгийн дийлэнх нь шатсан. 

Францын Засгийн газраас Дарь эхийн сүмийг 2024 онд болох Парисын олимпоос өмнө сэргээхээр төлөвлөж, сүмийг шинэ загвар дизайнтай болгох олон улсын уралдаан зарлах гэж буй юм байна.

Гэвч олон нийтийн зүгээс сэргээн засварлах цаг хугацааны асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэхийг хүссэн нээлттэй захидалд гарын үсэг зураад байна. Мөн шинээр шовх орой хийх нь Дэлхийн өвд бүртгэлтэй энэ сүмд аюул учруулж болзошгүй хэмээн Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлөөс анхааруулж байгаа юм байна.

Францын хэвлэлээр сүмийг сэргээн засварлахтай холбоотой олон нийтийн маргаан мэтгэлцээний дагуу санал хураалт явуулсан байна. Мянга орчим хүн оролцсон энэ санал хураалтаар 55 хувь нь сүмийг анхных нь загвараар засварлахыг хүсч байгаагаа хэлсэн бол, 44 хувь нь шинэ дизайнтай болгох нь зүйтэй гэжээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоох мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Албаныхны хувьд шалтгааныг цалгар байдалтай холбон сэжиглэж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 15-нд гал гарч шатах үеэр сүмд засвар шинэчлэлийн ажил хийж байжээ.

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр гал гарсан газраас хэд хэдэн тамхины иш гарч ирсэн байна. Мөн ажилчдын цахилгаан шатанд богино холболт үүссэн гэж албаныхан хэлцгээж буй юм байна.

Сүмийн барилгыг нуралтаас сэргийлэн хүчитгэж, будаг, зураг, чимэглэл бүхий шилэн цонхнуудынх нь дийлэнхийг буулгажээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Нотр Дамыг сэргээн босгох асуудал маргаан дагуулаад байна   
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй