Шууд Chart

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2019-05-16 07:29:53

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн албан хаагчид болох сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, мөн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид болох зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Харин “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу Улсын Их Хурлаас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар төсөлд тусгасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй