Шууд Chart

Цэдэнбалын Зориг: Харамсалтай нь аавыгаа ховорхон харж байсан

2019-05-19 15:02:00

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүү, ОХУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Ц.Зоригтой ОХУ-ын нийслэл Москва хотод хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ээж аав, улс орон нь үр хүүхдээ анхаарч халамжлах ёстой

-Сайн байна уу Зоригт Цэдэнбалович. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн баг өнөөдөр тантай уулзаж, ярилцаж байгаа нь маш том нэр хүндийн хэрэг билээ.

-Баярлалаа. Надад ч гэсэн монголчуудтайгаа уулзах үнэхээр сайхан байдаг. Та болон танай телевизийн зураг авалтын багийн хамт олонтой уулзаж байгаа нь миний хувьд маш том баяртай үйл явдал болж байна. Ялангуяа бидний уулзалт өнөөдөр (тавдугаар сарын 9) ОХУ-д тэмдэглэж буй Аугаа их ялалтын баяртай давхцаж байгаа нь тун сайхан хэрэг. Миний бодлоор ялалтын баяр оросуудын, бусад ястан үндэстэн, энэ дайнд асар их хувь нэмэр оруулж, олон хүнээ алдсан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж, дараа нь тусгаар тогтнолоо олсон 14 улс үндэстний ард түмэн, фашизмын эсрэг тэмцэж байсан Франц, Чех, хуучин Югослав зэрэг олон улс оронд амьдардаг хүний баяр төдийгүй дэлхий дээрх бүх үнэнч шударга хүний баяр юм.

-Би хүмүүст нэг үгийг хэлэх маш дуртай. Хэрэв “Ариун их дайны дуу”-г сонсоод хэн нэгний биеэр зарс хийтэл хүйт оргивол тэр хүн зөв хүмүүжилтэй гэж үздэг.

-Зөв л дөө.

-Харин та Монголын ямар дууг сонсохоор эх орноо хайрлах, эх оронч сэтгэл төрдөг вэ?

-Надад Монголын маш олон дуу таалагддаг. Ер нь манай монголчууд их дууч ард түмэн. Бүгд дуулна. Гэхдээ Монголд хоёр л хүн ерөөсөө дуулж чаддаггүй. Нэг нь миний аав, тэгээд би (инээв). Харамсалтай нь надад дуулах авьяас даанч байхгүй.

миний ээж тэдний хувьд төрсөн ээж шиг нь байсан

-Таны ээж Эх нялхасын болон дутуу нярайн сувилал болон эмнэлэг, Хүүхдийн ордон, Залуу техникчдийн ордонг бариулсан?

-Ерөнхийдөө ээж маань монголын хүүхдүүдийн төлөө их юм хийсэн.  Энэ тоонд “Найрамдал” зуслан ч орж байгаа. Ээжийн санаачилгаар, удирдлага дор нь, хүүхдэд зориулсан их олон барилга байгууламж баригдсан л даа. Энэ тал дээр ээж асар их ажил хийсэн гэж хэлж болно.

-Танд багадаа сурсан таны санаж явдаг дууны үг, ая бий юу?

-Би их олон монгол дуу мэднэ. Яг одоо хэлэх гэхээр санаанд орохгүй байна. Надад олон монгол дуу таалагддаг. Их сайхан аятай. Миний найз, нөхөд дуулахад би сонсох дуртай. Баяртай ч байдаг.

-1980-аад онд өсч хүмүүжсэний хувьд сайн мэддэг юм. Миний үеийн бүх хүн “Найрамдал” зусланд өнгөрүүлсэн хүүхэд бага насаа их сайхнаар дурсаж ярьдаг. Энэ бол таны ээжийн ач тус. Түүхийн ачаар бид эдгээр барилгын үүсэл гарлыг мэддэг. Харамсалтай нь одоогийн хүүхэд багачууд энэ түүхийг сайн мэдэхгүй. Гэхдээ манай телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн ачаар алдагдсан энэ түүхийг олон нийтэд танилцуулах боломж байгаад маш их баяртай байна. Энэ уулзалтыг ашиглаж, та монголын хүүхэд багачуудад юуг хэлэх вэ?

-Би нэг жишээ татъя. Манай ээжийн анхааралд байж, багагүй цаг заваа зарцуулсан объектын нэг нь Улаанбаатар хот дахь хүүхэд асрах газар. Нэлээн хэдэн жилийн өмнө би тэр асрах газар өсөж, хүмүүжсэн хүүхдүүдтэй уулзах завшаан тохиосон. Бүгд нас биед хүрчихсэн, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болчихсон байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөм уулзалт болсон. Би одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэдний нэг эмэгтэй нь Монгол Улсын гавьяат багш болсон байсан. Тэр уулзалтад байсан бүх эмэгтэй уйлж байсан. Ээжийг минь дурсаж, бүгд талархсан сэтгэлийн нулимс унагасан. Надад хэлснээр нь бол миний ээж тэдний хувьд төрсөн ээж шиг нь байсан гэсэн. Хүүхэд нас хүнд ганц заяах болохоор аз жаргалтай байгаасай гэж хүсмээр байна. Ээж аав, улс орон нь үр хүүхдээ анхаарч халамжлах ёстой. Хамгийн гол нь хүүхэд нас сайн сайхан байх ёстой юм шүү.

Охиноо монгол нэртэй бол гэхэд дуртай зөвшөөрсөн

-Таны охин Анастасия өвөөгийнхөө дурсгалтай холбоотой хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа. Увс аймгийнхантай нягт хамтын ажиллагаатай байдаг гэсэн. Охиныхоо хийж буй ажлыг хэрхэн хардаг вэ. Охинд тань байгаа бүхэн зөвхөн танаас өвлөгдсөн гэж боддог?

-Мэдээж охиндоо хамгийн сайн сайхан гэсэн бүхнийг өвлүүлэхийг хичээсэн. Энэ тал дээр санаанд хүртэл байж чадсан гэж боддог. “Охинтойгоо холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд бид энэ сарын 5-нд уулзсан. Миний охин бид хоёр нэг шийдвэр гаргасан” (Монгол хэлээр ярив). Охин маань шинэ нэр авахаар шийдсэн. Нэрээ өөрчилнө.

-Юу гэсэн үг билээ?

-Монгол нэртэй болно.

-Хамгийн түрүүнд бидэнд дуулгаж байгаа юм уу?

-Тийм ээ. Энэ талаар өөр хэн ч мэдээгүй. Охин бид хоёр л шийдсэн юм шүү. Өмнө нь Зоригийн Анастасия нэртэй байсан бол Зоригийн ...... гэсэн монгол нэрээр дуудуулна. Одоогийн байдлаар нэрний сонголт хийж байна. Манай монгол нөхөд хэд хэдэн аятайхан нэр бэлдчихсэн байгаа. Тэд харамгүй тусалсан. Харин би охиндоо “Чи том хүн болсон. Өөрөө нэрээ сонго” гэж хэлсэн. Нийт нэрнээс арвыг шигшчихсэн байгаа. Үүнээс сонголтоо хийх юм.

-Анастасия монгол нэртэй болж байгаа нь Монгол гарал угсаатай гэсэн сэтгэлийн гүн дэх дуудлагаа дагаж байгаа гэсэн үг үү?

-Мэдээж. Тэгэлгүй яах вэ. Гэхдээ ахин хэлэхэд энэ нь миний санаа. Аавынх нь зүгээс гаргасан санаачилга. Гэхдээ охин маань дуртай хүлээн авч зөвшөөрсөн. Чин сэтгэлээсээ дэмжсэн. Тэгээд эцэст нь аав, охин хоёр ийм шийдвэрт хүрсэн дээ.

-Таныг буддист (буддын шашинтан) гэж мэднэ. Та Төвд болон буддын шашныг дэмжих тал дээр эрдэм шинжилгээ-судалгааны нэлээн өргөн цар хүрээтэй ажил явуулдаг. Та хоёрын шигшсэн 10 нэрний дунд төвд нэр бий юу. Монголчууд шинээр мэндэлсэн хүүхдэдээ буддын шашны сүсэг бишрэлийнхээ дагуу нэр хайрлах тохиолдол олон ажиглагддаг.

-Тийм ээ. Цэдэнбал гэдэг нэр ч гэсэн тодорхой хэмжээнд төвд гаралтай гэж мэднэ.

-Анастасия аавынхаа мэргэжлийг өвлөсөн эрдэм шинжилгээний ажилтан. Ази судлалаар мэргэшсэн байх?

-Тийм ээ. Ази, Африк судлалаар суралцаж төгссөн хүүхэд л дээ.

-Тиймээс нэр сонгохдоо тухайн нэрийнхээ гарал үүсэлд анхаарах нь дамжиггүй болов уу. Шинэ нэр нь ямар нэгэн утга бэлгэдэх үү. Эсвэл зүгээр л найз нөхдийнхөө зөвлөсний дагуу чихэнд чимэгтэй, сонсголонтой ч гэдэг юм уу тийм нэр сонгох уу? 

-Миний бодлоор бүгдийг анхаарах байх. Сонсголонтой гэдгийг ч тэр.

-Нууц биш бол ямар нэр жагсаалтад багтсан бэ?

-10 нэр байгаа. Сонголт хийснийх нь дараа л нийтэд ил болгох байх.

-Монгол өрх бүл нэмэхэд ийм нэг нэр сонгох уламжлал байдаг. Гэр бүлийн гишүүн эсвэл ойр дотны улс нь шинээр төрсөн хүүхдэд өгөх нэрийг цаасанд бичээд тагштай цагаан будаанд хийдэг. Тэгээд өрхийн тэргүүн буюу хүүхдийн эцэг аягатай будааг сэгсэрч хамгийн түрүүнд гарч ирсэн нэрээр хүүхэд насан туршдаа дуудагддаг. Анастасиягийн нэрийг сонгохдоо энэ монгол уламжлалыг дагах уу?

-Болох л юм. Энэ зарчмын хувьд сайхан уламжлал байна. Үнэхээр зөв, сайхан. Гэхдээ та хэллээ. Шинээр мэндэлсэн хүүхдийн нэрийг ингэж сонгож өгдөг байх нь. Ухаан ороогүй, нялх балчир учраас тэр хүүхэд юу ч ойлгохгүй байгаа. Харин Анастасия маань нас биед хүрсэн хүн. Тэгээд л би “Чи том болсон хүн. Тиймээс нэрээ өөрөө л сонго” гээд хэлчихсэн. Тиймээс эцсийн шийдвэрийг өөрөө л гаргаг. Харин би зөвлөх маягтай л оролцох байх.

-Буддист, Төвдийн талаар бараг бүгдийг мэддэг хүний тань хувьд асуух асуулт байна. Хүн нэрээ дуудуулснаар өөрийн туулах амьдралын номыг бичиж эхэлдэг. Тэгвэл монгол нэртэй болсноор Анастасиягийн хувь тавилан өөрчлөгдөх болов уу?

-Хэр их өөрчлөгдөхийг үнэндээ тааж мэдэх юм алга. Гэхдээ охинд минь сайн талын л нөлөө үзүүлэх байх гэж бодож байгаа. Тиймээс ирээдүйд шинэ нэрээрээ сайн сайхан явах байх гэж найдаж байна.

Би хэний хүү вэ гэдгээ мэднэ. Аавын минь нэрийг дуудсан, дуудаагүй

-Танд их баярлалаа Зориг Цэдэнбалович ...

-Заавал бүтэн нэрээр дуудах хэрэггүй. Зүгээр л Зориг.

-Болно гэж үү?

-Мэдээж.

-Жаахан эвгүй санагдаад...

-Үгүй дээ. Би бүтэн нэрээрээ дуудуулах дургүй.

-Яагаад?

-Би хэний хүү вэ гэдгээ мэднэ. Аавын минь нэрийг дуудсан дуудаагүй мэдэх учраас...

-Та зөвшөөрсөн болохоор би таныг зүгээр л нэрээр тань Зориг гэж дуудъя. Сүүлийн үед Ялалтын баяр, Халх голын 80 жилийн ойтой холбоотойгоор Монголоос таныг зорьж зочид ирэв үү?

-Албан ёсны төлөөлөгчид ч гэх юм уу, тусгайлан зорьж ирсэн хүн алга. Харин Москвад байдаг найз нөхөдтэйгээ уулзаж, учирч байна. Зарим нь байнга оршин суудаг бол нөгөө хэсэг нь ирж очин л байцгаадаг.

-Таны хамгийн дотны найз хэн бэ?

-Хэд хэдэн хүн бий.

-Тэгвэл танд бүр багийн найзууд бий юу? Монголд ижий, аавтайгаа хамт амьдарч байх  үеийн найз?

-Яг тэр үеийн гэвэл ойр дотно явдаг найзууд байхгүй. Бүгд л өөрийн гэсэн аж амьдрал, хувь тавилантайгаас гадна өөр өөр улсад аж төрж байгаа. Тиймээс уулзаад байдаггүй. Сарантуяа гэдэг эмэгтэй найз байсан. Одоо хижээл насныхан боллоо л доо. Өнөр өтгөн айлын эзэгтэй. Улаанбаатарын дунд сургуулийн нэг ангид сурч байсан юм. 1990-ээд онд тэр найз минь Москва хотод ажилладаг байлаа. Тэр үед хааяа нэг уулздаг байсан. Харин одоо Улаанбаатар уу эсвэл Эрдэнэтэд амьдарч байгаа.

-Та хамгийн сүүлд хэзээ Монголд буугаад мордов?

-Хоёр жил хагасын өмнө гэхээр 2016 оны намрын сүүл сард, аавын 100 насны ойгоор очсон.

-Дахин очих хүсэл бий юу?

-Би байнга л хүсдэг. Харамсалтай нь тэр бүр санааны зоргоор болдог юм гэж хаа байх вэ. Цаг зав, чөлөө тэр бүр гарахгүй юм.

Аавынхаа тухай дурдатгал ном бичиж байгаа

-Цаг зав, чөлөө тэр бүр гардаггүй гэхээр эрдэм шинжилгээний ажилтай холбоотой юу?

-Бүх хүн ажилтай төрөлтэй. Би өөрөө хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа. Тиймээс тэр бүр чөлөөт цаг гараад байдаггүй. Харамсалтай юу, азтай юу бүү мэд. Тэгж л таарч байна.

-Таны одоо явуулж буй хэд хэдэн ажлын чиглэлд Монгол Улстай холбоотой зүйл бий юу?

-Миний нэн тэргүүний бөгөөд үндсэн ажил Монголд л доо. Би “Цэдэнбалын нэрэмжит академи” нэртэй олон нийтийн байгууллагыг удирддаг. Шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллага. Ерөнхийдөө шинжлэх ухааны нийгэмлэг ч гэж болно. Ялангуяа аавын ажиллаж, амьдарч байсан цаг үетэй холбоотойгоор түүх судлалын чиглэлээр түлхүү ажилладаг. Бид шинжлэх ухааны үүднээс бодитой хандахыг зорьж ажилладаг. Аавын явуулж байсан үйл хэргийг бүхий л талаас нь харуулахыг эрмэлзэж байгаа. Ер нь Монголын эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухааны амьдралыг олон талаас нь тусган харуулдаг. Хамгийн гол нь байгаагаар нь, бодитоор. Сөрөг тал байлаа ч бид орхигдуулахгүй. Гэхдээ эерэг, нааштай тал нь их байдаг гэж хувьдаа үздэг. Ганц би ч биш, олон хүн ингэж үздэг.

Бид дээрх чиглэлээр ном товхимол, шинжлэх ухааны нийтлэл олныг хэвлүүлсэн. Хурал зөвлөгөөн, семинар ч зохион байгуулж байлаа. Хэдийгээр бие минь энд бгаа ч сэтгэл зүрх минь Монголдоо байгаа, би Монгоынхоо төлөө ажиллаж байгаа. Хамт олонтойгоо байнга интернэтээр холбоотой байдаг. Энэ тал дээрээ би Монголд ажиллаж байна гэсэн үг. Үүнээс гадна, шинжлэх ухааны нийтлэлүүд бичиж байна. Өөр нэг хийж буй чухал ажил бол аавынхаа тухай дурдатгал ном бичиж байгаа.

-Дараагийн асуулт энэ сэдэвтэй холбоотой байлаа.

-Энэ том ажил. Ганцаар тогтохгүй жил болж байгаа. Эхлүүлээд гурван жил болчхож. Хэзээ дуусах байгаа юм. Учир нь энэ уран бүтээлийн явц. Заримдаа өөр хийх ажил мундахгүй гарна. Ямар сайндаа бүтэн сарын хугацаанд ганц ч мөр явуулаагүй байх жишээний. Дараа нь гэнэтхэн онгод орж, тэр өдөртөө овоо хэдэн нүүр юм биччихсэн байдаг. Тиймээс уран бүтээлийн урьдаас тааварлашгүй үйл явц юм даа.

-Мэдээж бид таны ном хэвлэгдэхийг тэсэн ядан хүлээх болно.

-Номоо юун түрүүнд монгол хэлээр, Монголд хэвлэгдээсэй гэж бодож байна. Тийм боломж бололцоо нь таарвал энд орос хэлээр хэвлүүлнэ. Мөн гадны хэд хэдэн хэл дээр гаргах санаа бий.

-Таны дурдатгал хийгээд нэгэнт бичигдсэн, бичигдээгүй, дурдагдсан дурдагдаагүй түүх зөндөө бий. Халх голын тулааны ялалтын ойн баярын хүрээнд Монголд аавын тань амьдралыг өгүүлсэн уран сайхны кино бүтээхээр болсон.

-Би ч бас дуулсан. Тиймээс киноны уран бүтээлчдэд нь амжилт хүсье. Өөрийн зүгээс тусалж чадах юм байвал тусална.

-Уран бүтээлийн баг нь бүрдчихсэн. Тантай ирж уулзаагүй л байгаа юу?

-Улаанбаатар дахь нөхдөөсөө энэ тухай дуулсан юм. Москвад ирэх төлөвлөгөөтэй юм билээ. Яг хэдийгээр гэдгийг нь сайн мэдэхгүй.

-Та зохиолтой нь танилцаж амжаагүй гэсэн үг үү?

-Одоогоор үгүй. Чимээгүй л байна.

-Зохиолтой нь танилцлаа гэхэд тус төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх эсэх эрх нь танд бий.

-Зарчмын хувьд ...

-Таны үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй?

-Зарчмын хувьд бол тийм. Гэвч эхлээд тухайн зохиолтой нь танилцах хэрэгтэй байх. Гэхдээ зохиолчид нь сайн зохиол бичсэн байх гэж найдаж байна.

Аавтай бараг уулздаггүй байсан гэхэд болно

-МҮОНРТ 2008 онд аавын тань амьдралыг харуулсан таван ангит баримтат кино бүтээсэн. Одоо хийгдэх гэж буй уран сайхны кино дэлгэцнээ гарахад аавынхаа ямар уран сайхны дүрийг олж харахыг хүсэж байна?

-Амьдрал дээр ямар хүн байснаар нь.

-Яг ямар гэдгийг нь та тодорхойлж хэлж болох уу?

-Юун түрүүнд миний багын дурсамжид хамаг байдгаа зөвхөн ажилдаа зориулдаг хүн байлаа. Харамсалтай нь аавыгаа ховорхон харж байсан. Яагаад гэхээр, би балчир ч байж. Өглөө унтаж байхад л ажилдаа явчихсан байдаг. Орой унтсан хойно ч гэсэн аав маань ажил дээрээ. Тиймээс бараг уулздаггүй байсан гэхэд болно. Амралтын өдрүүдээр ч гэсэн ажилтай л байдаг байсан. Хааяа нэг завшаан таарвал амралтын өдрийг хамт өнгөрүүлнэ. Аавтайгаа хамт байх надад сайхан байдаг байсан.

-Аавдаа гомдож байсан үе бий юу. Аав, хүү хоёр байж ховорхон уулздаг байж.

-Би бүр бага байхын л ойлгодог болчихсон байсан. Хариуцлагатай ажил хийдэг учир ажил дээрээ байхгүй бол болохгүй гэдгийг нь. Тиймээс энэ талын гомдол байгаагүй ээ.

-Ойлголоо. Та манай үзэгчдэд буддын шашинтай холбоотой ажил, төслийнхөө талаар мэдээлэл өгч болох уу?

-Одоо хэрэгжүүлж буй төслүүдийн нэг бий. Далай ламын төлөөний хүн Москвад байгаа. Бас л миний санаа. Далай ламын зураг бүхий цомог монгол, орос хэлээр бүтээнэ. Ийм цомог бүтээх санаа Далай ламын сургаалийг сонсож байх үеэр санаанд орсон. Далай лам үзэсгэлэнгийн том танхимд ном айлдсан юм. Хананд нь Далай ламын амьдрал, оюун санааны үйл хэргийг нь илтгэн харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байсан. Тэр үед энэ санаа орж ирсэн л дээ. Тухайн номлол дуусахад зургийг хураачихна. Харин тэр бүх зургийг цомог болговол олон хүнд хүрнэ. Ийм цомог англи, франц, герман хэл дээр байдаг юм байна лээ. Харин орос мөн монгол хэлээр байхгүй. Тиймээс энэ хоёр хэлээр цомог бүтээх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд энэ төслийг хамтран хэрэгжүүлээд явж байна. Далай ламын зурагчин зургийн сонголтыг нь хийж байгаа. Тэдгээр зураг цомогт багтана гэсэн үг. Төслийн үйл явц өрнөөд явж байна.

-Далай ламын амьдралыг хүүхэд ахуй цагаас нь харуулсан гэрэл зургийн цомог гэсэн үг үү?

-Тийм. Төрсөн цагаас нь эхэлнэ гэсэн үг. Мөн одоогийн үе, амьдралыг нь харуулсан.

-Та Далай ламтай дотно харилцаатай юм билээ. Мөн “Гэсэрийн тууж”-ийг англи хэл рүү хөрвүүлсэн гэсэн?

-“Гэсэр”-ийг би биш манай гэр бүлийн хүн орчуулсан. Харин би өөр зохиол орчуулсан. Монголын түүхч хүний ном л доо. Маам гэдэг хүний тэртээ 1970-аад онд бичсэн байна “Төвд орон” гэдэг ном. Далай лам Монголд айлчлах үеэрээ Маамтай уулзсан. Маам тэр номоо бэлэглэсэн юм билээ. Мэдээж монгол хэл дээр л дээ. Тэгээд төвдийн албаны хүмүүс надтай уулзаж, тэр номыг англи дээр сийрүүлж өгөхийг хүссэн. Ингэснээр Далай лам тэр номыг унших боломжтой болсон. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ хамтарч  англи хэл рүү орчуулсан юм.

-Надаас хүлээж байгаа асуулт бий юу. Телевизийн цэнхэр дэлгэцээр дамжуулж монголчуудад хэлэх үг байгаа байх? ОХУ-д Монголын телевизийн олон баг ирж болно. Ирэхгүй ч байж мэднэ. Танаас янз бүрийн л зүйл асууж лавлана эсвэл үгүй байх. Тиймээс танаас хэзээ ч асууж байгаагүй тийм асуултын тавихыг хүссэн юм?

-Шууд ингээд хэлчихлээр би тулгамдчихлаа. Өмнө нь ганц, хоёр өдөр бодох хэрэгтэй байх. Та нар өмнө нь утас шөрмөсөөр холбогдсон бол ч... Одоо тэгээд юу ч гэх вэ дээ. Ярилцлагын төгсгөлд монгол түмэндээ хандаж цөөн хэдэн үг хэлнэ ээ.

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Танаас ямар нэгэн санаа ундарч гарах байх.

-Мэдэхгүй, одоогоор мэдэх юм алга. Бас ч гэж шууд хэлэх аргагүй л дээ

Сталин, Гитлер хоёр чинь холбоотон байлаа шүү дээ

-Аавын тань тухай киног хэрхэн бүтээх, зохиолыг нь хэн туурвих нь яамны түвшинд шийдэгдчихсэн. Зохиолын багт кино зохиол оролддог бус мэргэжлийн зохиолчид сонгогдсон. Тэд ирж тантай уулзсан уу?

-Одоохондоо үгүй л байна.

-Танд урилга хүргүүлээгүй гэхээр сонин юм. Бидэнд цаг зав гаргасан танд гялайлаа. Тантай танилцсан явдал миний хувьд нэр төрийн хэрэг. Та манай үзэгч олонд юу гэж хэлэх вэ?

-Монголын нийт ард олон, монголчууддаа амжилт бүтээл, сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгааг дуулсан. Цаг үе нь ч ороо бусгаа таарч. Олон ч хүнд амьдрах амаргүй даваа байгаа. Гэхдээ даван туулаад гарна гэдэгт нь итгэлтэй байна. Учир нь бид Ялалтын баяраар уулзаж байна. 20 дугаар зууны улс төрийн гарамгай зүтгэлтэн, агуу хүмүүний хэлсэн үг санаанд бууж ирлээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед амьдарч байсан юм. Тэр бол Их Британийн Ерөнхий сайд асан Черчилль. Тэр эрхэм улс гүрнийхээ хамгийн хүнд хэцүү цагт Ерөнхий сайдаар сонгогдсон. Яг л тавдугаар сарын энэ өдрүүдийн нэгэнд буюу 1940 оны тавдугаар сард. Хамгийн хүнд бэрх цаг дор шүү. Франц буугаад өгчихсөн үе. Их Британи л фашист түрэмгийллийн эсрэг цор ганцаархнаа сөрөн зогсож байсан. Европ бүхэлдээ Гитлерийн холбоотнуудад эзлэгдчихсэн. АНУ дайнд орж эхлээ ч үгүй далайн чанадад амар жимэр сууцгааж байлаа. АНУ дайнд татагдан орохыг нэг их хүсэхгүй байсан юм шүү дээ. Нэлээн хожуу л оролцсон. Тэгвэл яг тэр жил ЗХУ Гитлерын холбоотон байсан. Сталин, Гитлер хоёр чинь холбоотон байлаа шүү дээ. 1940 оны тавдугаар сард Фашизмтай, Гитлертэй тэмцэж байсан ганц улс бол Их Британи байлаа. Тэгтэл хамгийн хүнд хэцүү үеэр Черчилль Ерөнхий сайд болоод хамгийн анхны, хамгийн алдартай үгээ хэлсэн байдаг. Товчхондоо “Би англичуудад цус, нулимс, хөлс хөдөлмөрөөс өөр юу ч амлаж чадахгүй” гэж хэлсэн юм. Одоо бид арай дээр цаг үед аж төрж байна. Дайн дажин алга. Тиймээс ямар нэгэн цус асгарахгүй гэж найдаж байгаа. Нулимс ч асгарахгүй. Гэвч бид бүгдээрээ хөдөлмөрлөх ёстой. Тиймээс хүн бүр хөдөлмөрлөвөл Монгол айл бүрийн ирээдүй гэрэлтэй байх болно. Өөр нэг агуу хүмүүн болох Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёв Монголын талаар олон удаа бичсэн. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай хүн. Чингисийн үеийн талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө тухайн үед монголчууд идэвхтэй байсныг нь онцолдог. Аль ч ард түмэнд сэргэн мандалт, бууралтын тодорхой үе гэж байдаг. Монголчууд ч гэсэн тойроогүй, туулаад гараад ирсэн. Гэхдээ миний үзэж байгаагаар, манай ард түмэнд нөөц бололцоо их. Тиймээс бүх юм сайн сайхан болно л гэж бодож байна даа. Гэхдээ мэдээж дор бүрнээ хөдөлмөрлөх л хэрэгтэй.

-Бас өөртөө итгэлтэй байх.

-Тийм. Итгэлтэй байх. Черчиллийн ийм нэг үг бий. “Хэзээ ч цөхөрч болохгүй. Хүнд хэцүү цаг ирсэн ч цөхөрч болохгүй”. Тиймээс бүгдээс нь хүсэхэд мэдээж хүн бүрт хэцүү үе ирдэг. Гол нь хэзээ ч  цөхөрч  болохгүй. 

-Танд их баярлалаа. Таныг Монгол нутагтаа ирэхийг хүлээж байгаа шүү. Магадгүй Халх голын түүхэн ялалтын ойгоор ирнэ гэж.

-Одоогоор сайн мэдэхгүй байна. Цаг зав, ажил төрлийн байдлаас шалтгаална.

-Бас Анастасияаг өөртөө ямар нэр сонгохыг нь тэсэн ядан хүлээнэ.

-Миний бодлоор одоо удаан хүлээлгэхгүй биз. Хэд хоног бодоод шийдвэрээ гаргах байх.

-Монголын ард түмний өмнөөс танд эрүүл энхийг хүсье. Биеэ бодож байгаарай.

-Маш их баярлалаа.

 

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Цэдэнбалын Зориг: Харамсалтай нь аавыгаа ховорхон харж байсан  
Үзсэн: 4270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 09:29
Ю.Цэдэнбал даргыг эгийн голын эрэг дээр БЭЛСЭГ-ийн тохойд амарч байхад 1978 -7 -24 -ний өдөр тэндэхийн малчин ЖУМБА гуай хонио хариулаж яваад даргатай уулзаж сайхан яриа өрнүүлэж энэ тухай үнэн сонинд зурагтайгаа гарч байсан,орой аргалын ил галд дарога хөлөө ээж маш сайхан амарч таашаал авч байсан,ер нь ингэж амарч үзээгүй гэж ярихад нь би бид өрөвдөж байж билээ,зайлуулдаа ажил ажил гэсээр байгаад биеэ орхисон хүн байсан санагддаг юм
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 12:08
Ажил албаны үүрэг ёсоор явах зам,байрлах газрын нь аюулгүй байдлыг хангуулаж 1978 оны 7сард Булган аймгын Ингэтийн хужиртын ам цагаан хустад эгийн голын эрэг дээр хэд хоног Цэдэнбал даргыг гэр бүлээр нь амруулах ажилд оролцсон,хэн аль нь сайхан дөлгөөн зан ааштай улс байсан,Зориг тэхэд бага залуу байсандаа,Филатова гуай орон нутгийн иргэд хөгшчүүлтэй маш дотоно сайхан харьцаж байхыг хэд хоног нүдээрээ харж чихээрээ сонссон хүн би амьд байнадаа,зарим үед худлаа хэтрүүлэг явдаг шүү?
Өлөн [127.0.0.xxx] 2019-05-22 02:53
Улаан гуйлгачин өвгөншд энэ.Мөнхийн өлөн явж байдаг
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 17:45
MOngolchuudad handaj goliig n olj heljee hun bur dor burnee hodolmorloh estoi. Dain dajingui enh tsagt zovj zuderch yaduu zuduu amidarch baigaa n haana haanaa zalhuu l baigaagiin har gai
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 17:45
Цэдэнбал гэдэг тэр түүхэн хүнийг ганцааранг нь биш бүр гэр бүлээр нь дэндүү гадуурхаж хатуурхаагүй бол энэ хүний амьдрал үүнээс өөр байх байсан биз. Энэ хүний буруу гэж юу байхав.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 05:01
Зоригтой би ойр явсаан. Хан хүү шүү дээ ! "Сүүлчийн эзэн хаан" гэж кино байдаг. Яг л тийм хан хүү. Энэ хүнд буруу алга. Цэндийн Дамдинсүрэн гуайн үр ач нар ч монгол хэл мэдэхгүЙ. Бал дарга ч Да багштан ч монгол түүхийг бүтээсэн улс даа ! Хубилай хаанч хятад эхтэй байсан шүү дээ ! Москвад биш Хаан Балгаст ээжийнхээ ураг төрөлд ойрхон нүүж амьдарсан.
Чааваас [127.0.0.xxx] 2019-05-19 23:11
Монгол хэл мэдэхгүй, монгол дуу мэдэхгүй энэ Зориг бол байдаг л нэг тэтгэврийн орос өвгөн.Ямар ч ашиггүй гар
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 12:22
chi muu hujaa neg ch hujaa duugaa medehgui, hujaa helee medehgui bizdee
Сда [127.0.0.xxx] 2019-05-22 02:54
Чи бэтий хуц.Дарлуулж байхдаа таарсан сда
Чааваас [127.0.0.xxx] 2019-05-19 23:10
Жилийн хагасыг нь Москвад амьдардаг байсан айлын хүүхэд яаж орос хэл сурах вэ дээ.Авгай өвчин халдана гээд монгол хүүхэдтэй ч тоглуулдаггүй байв.Төрөхөөсөө л зөвлөлтийн паспорттой бүр МХЗЭийн гишүүн биш Комсомолийн гишүүн болж байлаа.Монгол хүн биш энэ Зориг
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 12:23
chi muu hujaa neg ch hujaa duugaa medehgui, hujaa helee medehgui bizdee
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 21:32
Цэдэнбал даргын үед монгодд гуйлагчин луйварчин цөөхөн байсан байх төрийн мөнгийг гудрагчид байгаагүй байх төрийн байшинд байсан үнэ цэнэтэй зураг хулгайлагчид байгаагүй байх эх орныхоо газар шороог худалдаагүй байх гадаадад тансаг байр авсан офшорт мөнгө байршуулдаг луйварчин байгаагүй байх хоосон хонодог айл цөөхөн байсан байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 18:18
yum bolgond oontogch baixaa boli doo augaa xunii ur sad shuu dee bid xundetgeltei xandax estoi
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 16:36
Ээж шигээ Монголоор ганц ч өгүүлбэр хэлж сураагүй өвгөн байналээ энэ Зориг гэгч
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 17:07
hutsdag haltar we myy hujaa chi l ooroo mgloor neg oguulber helj chadku bh
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 15:36
Худлаа Баагий юм бишүү, тойруулж бөөрөнхийлж хариулжээ, Цэдэнбал даргын хүү болж төрсөндөө гомддог байх
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 09:12
Төрүүлсэн эх эцэгтэй гомдож явдаг хүн чамаас өөр байхгүй байхаа. Өөрийнхөө санааг хэлчихлээ дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 15:50
beti huts. chi ooroo hudal baagii. uwsad hured ir togloh hereggui bandi min

Бидэнтэй нэгдээрэй