Шууд Chart

“ЭГО-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2019-05-20 14:14:50

Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Энд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэн судлаач, багш, оюутнууд та бүхэнд нийслэлийн нийт хүүхэд, залуучууд, гэр бүлийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа. Нийгэм гэдэг бол хүмүүс хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана. Энэ эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь (2010-2019) хөтөлбөр дэх “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна. Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


“ЭГО-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй