Шууд Chart

Пабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт

2019-05-24 09:44:13

МҮОНТ-ээр орой бүр "Пабло Эскобар" хэмээх олон ангит уран сайхны кино гарч байгаа билээ. Үзэгчид ч цэнхэр дэлгэцийнхээ өмнө "хүлээтэй" байх болов. Иймд тус киноны бодит дүрийн талаарх хамгийн сонирхолтой найман баримтыг уншигч танаа хүргэе. 

Пабло Эскобар (Pablo Escobar) бол 1980-аад оны Колумбын хар тамхины наймаачин, мансууруулах бодисын сүлжээний тэргүүн байсан гэдэг. Тэрээр нас барснаасаа хойш 20 гаруй жилийн дараа, хамгийн хүчтэй мансууруулах бодисуудыг наймаалдаг гэмт этгээд байсан гэдгээрээ олонд танигдсан билээ. Тиймдээ ч түүний тухай олон алдартай ном зохиол, дуу хөгжим бүр кино ч бүтээгдсэн байдаг. 

  1. Мансууруулах бодисын холбоог үүсгэн байгуулсан

Эскобар бол жирийн фермер, багш хоёроос төрсөн хүү байсан бөгөөд өсвөр наснаасаа л гэмт хэрэгт орооцолдож эхэлжээ. Зарим мэдээллээр, түүний анхны хууль бус үйлдэл нь хуурамч диплом борлуулах байжээ. Дараа нь тэрээр хууль бус үйлдлээ улам өргөжүүлж, хуурамч тайлангийн картууд гаргаж, стерео төхөөрөмж хууль бусаар зөөвөрлөж, яваандаа бүр булшны чулуу хүртэл хулгайлж дахин борлуулдаг болсон байна.

Тэрээр мөн 1974 онд машин хулгайлж, анх удаа баривчлагдсан юм. Үүнээс хойш удалгүй хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 1970 оны дунд үеэс Колумбын Меделлин хотын мансууруулах бодисын холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцжээ.

  1. "Mucho Dinero"

Удалгүй Меделлин хотын хар тамхины сүлжээ нь кокаиний худалдаанд ноёлж, оргил үедээ долоо хоногт 420 сая ам.долларын орлого олсноор, тус холбооны тэргүүн болох Эскобар дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ. Тэрээр 25 тэрбум ам.доллар буюу үлдсэн амьдралдаа хэрэглэх хангалттай хэмжээний мөнгөтэй болсон байна.

Түүний тансаг амьдралын хэв маягт хувийн онгоц, дээд зэрэглэлийн орон сууц зэрэг багтаж байлаа. Харин 1980 онд Колумб Улсын зүгээс түүнд 10 тэрбум ам.долларыг улсдаа төлбөл, хууль бус эд хөрөнгийг нь шилжүүлэн авахгүй байхаар тохиролцох санал тавьж байжээ.

Хамгийн сонирхолтой нь 1992-1993 онд Эскобар гэр бүлээрээ зугтаж байх үедээ охиноо дааруулахгүйн тулд хоёр сая ам.доллар шатаасан гэх яриа байдаг аж. Энэ мэт Эскобар мөнгөө хэчнээн их үрсэн ч, бүгдийг нь үрж бараагүй бөгөөд ихэнх нь агуулах, талбайд хадгалагддаг байжээ. Эскобарын ахын хэлснээр агуулахад хадгалсан мөнгөнөөс жил бүр 10 хувь нь хархуудад идэгдэж, зарим нь элэгдэж, үүрч дуусдаг байсан аж.

  1. "Hacienda Nápoles" эдлэн 

Эскобар хэд хэдэн орон сууцны газар эзэмшиж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгө нь Богота, Меделлин хотуудын хооронд байрлах 7,000 акр талбай бүхий Наполес (Hacienda Nápoles)  эдлэн газар ажээ.

Тус газарт 63 сая ам.долларын үнэтэй хөл бөмбөгийн талбай, үлэг гүрвэлийн хөшөөнүүд, хиймэл нуур, спортын талбай, онгоцны буудал, теннисийн талбай, амьтны хүрээлэн, сонгодог загварын машинуудын цуглуулга зэрэг байдаг байжээ. Мөн Эскобар анхны хар тамхиа Америк руу зөөхөөр онгоц хөөргөх үед онгоц Наполес эдлэнгийн урд хаалганы дээд хэсгийг шүргэн нураасан нь өнөөгийн хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг ул мөр юм.

  1. Ширэнгийн хаан

Эскобарын хувийн амьтны хүрээлэн нь тэмээн хяруул, заан, анааш, тэмээ зэрэг 200 гаруй амьтны гэр болсон тул тэрээр ширэнгэн ойн эзэн шиг л байжээ. Мөн түүний эдлэн газрын доторх ихэнх бүтээлүүд нь хилийн чанадаас, хар тамхины хөлөг онгоцоор, хууль бусаар нэвтрэн орж ирсэн байдаг.

Эскобарыг 1993 онд нас барснаас хойш ихэнх амьтдыг амьтны хүрээлэнд шилжүүлсэн юм. Гэвч Эскобарын хувийн амьтны хүрээлэнд дөрвөн усны үхэр үлдээжээ. Тэдгээр нь удалгүй үржиж, 2016 он гэхэд тоо толгой нь 40 гаруй болсон байна. Гэвч усны үхэр хэт олноор үржвэл, нутгийн иргэд, хүүхдүүдэд аюул учруулж болзошгүй хэмээн сэрэмжилсний үндсэнд, эрх бүхий хүмүүс эрэгчин усны үхрийг хянах замаар үржлийг нь бууруулсан ажээ.

  1. Робин Гүүд хочтой

Эскобар Колумбчуудын итгэлийг олж, дэмжлэг авахын тулд буяны ажил үйлддэг болсноор Робин Гүүд гэдэг хочтой болжээ. Тухайлбал, тэрээр эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн, ядууст зориулж орон сууц зэргийг олноор бариад зогсохгүй хөлбөмбөгийн багуудыг мөн ивээн тэтгэж байжээ.

Ингэснээр тэр Колумбчуудын итгэлийг олж чадсан нь, 1982 онд Конгрессын орлогчоор сонгогдсоноос батлагддаг. Хоёр жилийн дараа, түүний өмнө нь хийж байсан хууль бус үйлдлүүд илэрч, суудлаасаа татгалзахаас аргагүйд хүрсэн. Харин үүнийг удирдан явуулсан шүүгч алагдсан юм.

  1. “Plata o Plomo” арга

Эскобарийн бүх асуудлыг шийдэх арга нь "Plata o Plomo" буюу мөнгө (хээл хахууль) эсвэл сум (бууны) байсан аж. Тэрээр эдгээрээс эцсийн сонголт хийхдээ огтхон ч эргэлздэггүй байсан бөгөөд тэрээр энэ хэрцгий зангаараа нэрд гарсан байна.

Эскобар цагдаа болон бусад төрийн албан хаагчид гээд нийт 4000 гаруй хүний амийг хороосон байдаг. 1989 онд түүний хар тамхины холбоо нь сэжиг бүхий зорчигчидтой гэх шалтгаанаар онгоцонд тэсрэх бөмбөг хаян, 100 гаруй хүний аминд хүрчээ.

  1. "La Catedral" шорон

1991 онд Эскобар хэрвээ өөрийн гэсэн шорон барихыг нь зөвшөөрвөл, тэр шорондоо сууж, өөрийгөө эрх баригчдын мэдэлд шилжүүлэхээр санал болгожээ. Төрийн эрх мэдэлтнүүд ч үүнийг нь зөвшөөрсөн байна. Ингээд Эскобар тансаг зэрэглэлийн "La Catedral" шоронг барьжээ.

Гэвч энэ нь шорон гэхэд хэтэрхий тансаг бөгөөд шөнийн цэнгээний газар, саун, хүрхрээ, хөл бөмбөгийн талбайтай, дээр нь утас, компьютер, факсын машинтай байжээ. Гэсэн ч Эскобар харгис аллага үйлдсээр шоронгийн хоёр харгалзагчийг хэрцгийгээр хөнөөсөн байна. Тиймээс төрийн эрх баригчид түүнийг жинхэнэ шоронд хорих хэрэгтэй хэмээн үзжээ. Харамсалтай нь 1992 оны долдугаар сард буюу түүнийг шорон руу шилжүүлэхийн өмнөхөн Эскобар оргосон байна.

  1. Эскобарын үхэл

Эскобарыг оргосны дараа Колумбын Засгийн Газар АНУ-ын тагнуулын албаныхан, Эскобарын хар тамхины компанийн өрсөлдөгчид зэргээс тусламж хүсэж, асар том эрлийн багийг бүрдүүлсэн байна. Харин тэр үед буюу 1993 оны арван хоёрдугаар сард Эскобар 44 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, бялуу, дарс зэргийг хүртэж байжээ.

Гэвч маргааш нь эрлийн баг түүний Меделлин хотод нуугдсан газрыг нь олсон байна. Тэд барилгыг бүсэлж байхад, Эскобарын бие хамгаалагч нь түүнийг дээвэр рүү гаргажээ. Тэр үеэр маш аймшигт зэвсэгт мөргөлдөөн гарч, эцэст нь Эскобар буудуулсан юм.

Зарим тохиолдолд түүнийг амиа хорлосон ч гэж ярьдаг. Учир нь хэрвээ тэр үед Эскобар амьдаараа баригдсан бол АНУ-ын шоронд шилжих ёстой байсан аж. Харин тэрээр “Америкийн шоронд хоригдсоноос, Колумбд булшлагдсан минь дээр” хэмээн хэлж байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт  
Үзсэн: 2262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bbb [127.0.0.xxx] 2019-05-25 12:22
Хар тамхи зарвал сайхан амьдарна гээд байгаа юм уу?!!!!!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 10:05
Паах яг манай сахалт эзэн байна шуу дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 00:21
Тэр их мөнгө юунд нь хэрэг болсон юм болдоо хөөрхий азгүй тахиа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-24 20:32
sain saihan ajil hiij mongo oldog aldar ner ch oldog hair tatam humuus baihad iim muuhai yumnuud tamd ochoosoi
Venezuela [127.0.0.xxx] 2019-05-24 18:35
colombian dirty mother fuckers

Бидэнтэй нэгдээрэй