Шууд Chart

Онон Балж

2019-05-30 12:53:34

Хэнтий, Дорнод аймгийн нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт байх багахан хэмжээний нарсан ойг хамгаалах, байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд байрладаг юм.

Байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн зааг дээр оршдог учраас биологийн төрөл зүйлийн хувьд баян нутаг юм. Хэнтийн нурууны зүүн, Эрээний нурууны баруун төгсгөл, хойноос урагш ойн бүсээс хээрт шилжих зааг, ойт хээр бүхий газарт онцгой сонирхолтой байгалийн үзэмжүүдийг харуулжээ.

Монгол орны "Улаан ном"-д орсон дагуур шинэс, Крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байна. Монгол орны нарсан ой, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдолтой юм.

Ой, тайгын ховор амьтдаас гадна дархан цаазат шувуу болох цэн тогоруу, хар тогоруу, тоодог гэх мэт шувууны олон зүйл байдаг. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай.

Бараан хандгай, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, шилүүс, бараан хэрэм, улаан ойсог, чандага туулай, умрын сарсаахай гэх мэт амьтад бий. Мөн дорнод Азийн олон зүйл амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготнотой. 

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь түүх, соёлын дурсгалаар баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд нилээд бий.


Онон Балж  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 09:19
Сайхан эх орон минь

Бидэнтэй нэгдээрэй