Шууд Chart

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сэтгүүлчдэд танилцуулав

2019-06-08 09:26:17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт, ярилцлагыг өчигдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Төсөл танилцуулах уулзалт, ярилцлагад Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан Монгол Улсын Үндсэн оруулах хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн зарим гишүүд, Тамгын газрын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн 60 гаруй байгууллагын 80 гаруй сэтгүүлч оролцов.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан эхлээд Монголд Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлага, ажлын хэсгээс боловсруулсан төслийн үзэл баримтлал, танилцуулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

 Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойших 27 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд ирүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байв.

Тухайлахад, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч тухайн үеийн Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэн баталж амжаагүй.

Улмаар 2016 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал гаргасан байна.

Энэ үндсэн дээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолоор уг зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл байгуулж, 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад түүнээс 5 багц асуудал нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн юм. Улмаар 2017 оны 5 дугаар сард Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан бөгөөд уг төслийн талаархи иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллуулсан.

Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнг нь нийтэд мэдээлэн архивын баримт материал бүрдүүлсэн байгаа. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагаатай тэнцэхүйц томоохон ажил, зохион байгуулалтын арга хэмжээ болсныг дурдлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Ингэхдээ Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах; Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах; Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийгхамарсан нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулаад байна. Дашрамд хэлэхэд энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх гэж асуудал биш зөвхөн зарим зүйл, заалтад нь нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй юм гэдгийг онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг төгөлдөржүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Мөн дэд ажлын хэсгийн гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн, судлаач эрдэмтэн О.Мөнхсайхан нар сэтгүүлчдийн асуултад нэмэлт тодруулга, тайлбар өгсөн юм.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг төгөлдөржүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед энэ саналд 263389 иргэн санал өгснөөс 180504 иргэн буюу 68.5 хувь нь дэмжсэн байна. Харин зөвлөлдөх сана асуулгаар "Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хуралд хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудал"-ыг I шатны санал асуулгад оролцогчдын 94.5 хувь, II шатны санал асуулгад оролцогчдын 89.4 хувь нь тус тус дэмжжээ.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд

Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан дэглэмтэй Бельги, Итали, Англи, Португали, Грек, Словак, Чех, Польш, Румын, Литва зэрэг 21 улсад сайдыг зөвшөөрөх эсэхээр бус харин Ерөнхий сайд, сайд нар, Засгийн газрын хөтөлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эсэх эсуудлаар санал хураалт явуулдаг байна. 

Зөвлөлдөх санал асуулгын судалгааны I шатны судалгаанд оролцогчдын 88.9 хувь нь, харин II шатны судалгаанд оролцогчдын 87.9 хувь нь төрийн жинхэнэ алба мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүн, улс төрийн үзэл бодлоос нь хамаарч ажлаас халахгүй байхыг дэмжжээ. Мөн энэ хоёр шатны судалгаанд оролцогчдын дийлэнх олонх нь Төрийн албаны зөвлөлийн хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалахыг дэмжсэн учраас Зөвлөлдөх зөвлөлөөс энэ асуудлыг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шууд тусгах боломжтой" гэж зөвлөсөн байна. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хумих чиглэлээр ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэхээр тусгагдсан дээрх заалтыг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд тусгажээ.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд

Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 72.5 хувь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх нь зүйтэй гэсэн санал өгчээ. Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон 267096 иргэний 191262 нь буюу 71.6 хувь нь энэ саналыг дэмжсэн байна. Мөн хойд болон өмнөд Европын загварын улсууд болон пост социалист орнуудын шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд хийсэн судалгааг харгалзан үзжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2-т заасан "хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй" гэдэг шаардлагыг задалж тодорхойлоогүйгээс хууль үйлчилж эхэлснээс хойш Цэцийн гишүүн нь хууль төдийгүй бусад мэргэжлийн хүн байхыг зөвшөөрч, мэргэшсэн байх шаардлага тавьдаггүй практик тогтсон. Европын Үндсэн хуулийн шүүгчид ихэнхдээ нэр хүндтэй шүүгчид, хуульчид, хууль зүйн сургуулийн профессоруудаас бүрддэг байна.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сэтгүүлчдэд танилцуулав  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй