Шууд Chart

Катарт 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ болно

2019-06-12 10:38:15

Ирэх 2022 онд Катарт хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Гэтэл энд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын ажлын үеэр Балбын 1400 ажилтан амиа алдсан тухай мэдээллийг Балбын Засгийн газраас баталлаа. Энэ тухай “Араб Ньюс” мэдээлсэн байна.

Германы “Даблю-Ди-Ар” компаниас объектуудын барилгын ажилд оролцож байгаа ажилчдын хүнд амьдралыг өгүүлсэн баримтат кино гаргасан байна. Энэ киноны тухай Балбын Хөдөлмөрийн сайд Нараян Рагми огт сонсоогүй гээд Катарт өрнөж байгаа бүтээн байгуулалтад нутаг нэгтнүүд нь олноор амиа алдсан гэдгийг баталжээ.

“Энэ он жилүүдэд Балбын олон ажилтан Катарт амиа алдсан гэдэг нь үнэн. Надад одоохондоо баримтат киноны талаар ямар ч мэдээлэл алга байна. Катарт яг хэдэн хүн амиа алдсан тухай та нарт хэлэх боломж алга. Гэхдээ олон хүн Катарт амиа алдсан гэдэг нь үнэн. Бид Катар руу ажилчдаа илгээж эхэлснээс хойш хүмүүс үрэгдсэн. Харин 1400 гэсэн тоонд би итгэлгүй байна. 200 юм уу, 300 хавьцаа л байгаа. Энэ асуудлыг засагтайгаа хамт тодруулах ёстой” гэж Рагми мэдэгдсэн байна.

Германы “Даблю-Ди-Ар” компанийн баримтат кинонд өгүүлснээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Катараас ямар ч нөхөн олговор аваагүй гэнэ. Эзэн оронд ажиллаж байгаа компаниуд аюулгүй байдлын шаардлагыг хангадаггүй, техник нь аюулгүй байдалд нийцдэггүйгээс болж ажилчид олноороо амиа алддаг тухай сэтгүүлч Жанак Сапкота мэдээлсэн байна.

Үүнээс гадна амьдрах нөхцөл муу, цалин хэт бага. Хэдэн жилийн өмнө Катар дахь Балбын ажилчдын нөхцөл байдал маш муу байсан бол сүүлийн үед энэ асуудлыг хөндсөнөөс хойш хэлэлцүүлэг өрнөж, Катарын компаниуд ажилчдын эрхийг хангах багахан ч атугай алхам хийж эхэлсэн гэж сэтгүүлч тэмдэглэсэн байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Катарт 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ болно  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй