Шууд Chart

Уул уурхайн нөхөн сэргээлтийн сургалт явагдлаа

2019-06-12 16:47:27

Нийслэлийн Байгаль орчны газраас БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих Котра агентлаг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зургадугаар сарын 10-12-ны  өдрүүдэд “Уул уурхайн тогтвортой хөгжил ба уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах технологи” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтад зохион байгуулагчдаас гадна Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Налайх, Хан-Уул, Багануур зэрэг 9 дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд, Чүннам их сургууль, Ионсей их сургуулийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Сургалтад оролцогчид уул уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, хөрсний хүнд металын бохирдол, зайнаас тандалт судалгаа хийх арга аргачлалын талаар олон улсын туршлагатай танилцав. Зочин багшаар БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор Юү Жэ Хён, Ионсей их сургуулийн профессор Ү нам Чил нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 оноос түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ашиглалтаас үүдэлтэй орчны бохирдол, доройтлын асуудалд онцгой анхаарч аж, ахуйн нэгжүүдийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дотоод, гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлж байна. Үүний үр дүнд нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 2018 онд 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн газрын тооллогыг явуулан экологийн хохирол тооцож, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажил явагдаж эхэлсэн.

Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон сургалтын төгсгөлд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Ён Гю Хүн нар  оролцогчдод гэрчилгээ гардуулж, цаашид энэ төрлийн сургалт болон олон улсын туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллахаар боллоо.


Уул уурхайн нөхөн сэргээлтийн сургалт явагдлаа  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй