Шууд Chart

Манай улс “Саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна гэв

2019-06-13 08:02:59

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гадаад валютын албан нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн талаараа тайлагнав. 2016 оны эхний 3 улиралд гадаад валютын албан нөөц 1 тэрбум ам.доллар, харин гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлсноор -402.5 сая ам.доллар, ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байсан. Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг хослуулан үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөцийг сүүлийн 2 жилд 4 дахин өсгөн 3.8 тэрбум ам.долларт буюу импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүлсэн байна. Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч энэ эх үүсвэрээс бил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулсан гэлээ. Эдгээрийн үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Гэхдээ гадаад валютын албан нөөцийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдлүүдийг бий болгох магадлалтайг хэллээ. Богино хугацааны хэт огцом хэлбэлзлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын захад оролцож ирсэн. 2018 оны хувьд валютын дуудлага худалдаагаар 1.2 тэрбум ам.доллар, 2019 оны эхний 4 сарын байдлаар валютын дуудлага худалдаагаар 804 сая ам.доллар нийлүүлээд байгаа аж. Үргэлжлүүлэн Н.Баяртсайхан Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн юм. Удирдлагын чадварлаг залуу баг бүрдүүлэн, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллажээ. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт эрдэнэсийн сангийн үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулжээ.

Н.Баяртсайхан ерөнхийлөгч үргэлжлүүлэн Монголын эдийн засагт дунд хугацаанд тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл хийв. Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байгаа аж. Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх дүн 7.1 тэрбум ам.доллар байхаар байгаа аж. Тиймд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүнчлэн Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байгаа гэлээ. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд гадаадын банкууд дотоод банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоож, Монгол Улсын гадаад төлбөр тооцоонд хүндрэл бий болж, гадаад хуладааны зээл зогсохын зэрэгцээ гадаад санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтад маш ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг тайлбарлав. Тодруулбал, Монгол Улс санхүүгийн гүйлгээний хувьд “хаалттай” нөхцөл байдалд орно. Тиймд Монголбанк төдийгүй Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв. 

Мөн олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ 2021 оноос буурах эрсдэл өндөр байгааг танилцуулсан. Монголбанк гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас буад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох шаардлага бий гэдгийг хэлж байв. 

Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төв банкны бодлогын хүү буурч байхад зээлийн хүү бодитоор буурахгүй байгаа шалтгааныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар  эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахын зэрэгцээ хүртээмжийг бодит байдлаар иргэдэд хүргэх арга замын талаар, хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэлтийн талаар лавлав. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц болон татварын орчны өөрчлөлт алтны нөөц бүрдүүлэлтэд нөлөөлж буй эсэхийг Ц.Гарамжав гишүүн асуусан бол Б.Баттөмөр гишүүн арилжааны банкуудын үйл ажиллагааны алдагдлын талаар, хадгаламжийн нөхцөл байдлын талаар асууж ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү гишүүд Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Л.Болд, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ


Манай улс “Саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна гэв  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй