Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв

2019-06-13 08:23:53

УИХ-ын чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдааны төгсөглд  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулсан. 

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санжүүлэхээр тохиролцсон. Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 123 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулаад байна. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу тус хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр соёрхон батлуулсан. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлж өгөхийг Гадаад харилцааны сайд танилуулгадаа дурдсан. 

Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73,2 хувь нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан  өндөрлөв.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй