Шууд Chart

Нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц дэлбэрчээ

2019-06-14 16:45:05

Персийн буланд энэ сарын 13-нд Саудын Арабаас Сингапур, Тайванийг чиглэн явсан нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц дэлбэрчээ. АНУ энэ хэргийг Тегеранд тохож байна. Харин Иран үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Хөлөг онгоцуудын багийн гишүүдийг Ираны тусламжийн албаны ажилтнууд аварч, "Жаск" боомтод хүргэж өгчээ.

Тэгвэл АНУ-ын Төв командлалаас баасан гарагийн шөнө Ираны цэргүүд Оманы буланд дэлбэрсэн нефть тээвэрлэгчээс тэсрээгүй мина авч байгаа нэгэн видео бичлэгийг олонд цацсан юм. Хар, цагаан өнгөтэй энэ бичлэг дээр халдлагад өртсөн Японы “Кокүра Көүрэжис” хөлөг онгоцноос Ираны цэргүүд ямар нэгэн зүйл салгаж аваад буцаж байгаа нь харагдсан байна.

Мөн Америкийн эскадрын мина зөөгч “Бэйнбриж” онгоцны тавцангаас Японы халдлагад өртсөн хөлөг онгоцыг чиглэн авсан гэрэл зургийг ч дэлгэжээ. Энэ зураг дээрээс Ираны цэргүүдийн авсан гэх зүйл нь “мина байх магадлалтай” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Ираны цэргүүд ийм байдлаар энэ хэрэгт холбогдох нотлох баримтуудаа нуун далдлахыг оролдож байна гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч хэлснийг “Си-Эн-Эн” суваг дамжуулжээ.

Халдлагад өртсөн хоёр хөлөг онгоцны нэг нь Японых, нөгөө нь Норвегийнх байсан юм. Халдлага болох үеэр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Тегеранд айлчлал хийж байлаа. Түүнийг Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханытай хэлэлцээр хийснээс хойш хэдхэн цагийн дараа нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд халдлагад өртсөн юм.

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Оманы буланд гарсан халдлагад АНУ-аас Ираныг буруутгасныг “дипломат хүчин чармайлтыг санаатайгаар тасалдуулах гэсэн оролдлого” гэж мэдэгдсэн байна.

Халдлагад өртсөн “Кокүра Көүрэжис” хөлөг онгоц өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсыг чиглэн замдаа гарсан. Живэх эрсдэлгүй гэж “Киодо” агентлаг мэдээлж байна.

Персийн булан бол сүүлийн 20 жилийн хугацаанд хэд хэдэн дайн, бүс нутгийн хэдэн зуун мөргөлдөөнийг үзсэн дэлхийн хамгийн тайван бус хэсгийн нэг юм. Булангийн орон бүр энэ бүс нутагт тэргүүлэх байр суурь тогтоох, хөршүүдээ сулруулахын тулд түрэмгий бодлого явуулдаг. Өнгөрсөн тав, зургаадугаар сард Персийн буланд хэд хэдэн нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц дэлбэрчээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй