Шууд Chart

Н.Байгал: Би төрснөөс өөрцгүй хэдэн арван ах эгч, дүүтэй хүн

2019-06-24 15:26:15

Тэрбээр жүжигчин болно гэсэн дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хуулийн ангийн шалгалт, сувилагчийн мэргэжлийг үл тоосон 18 нас, Монгол кино үйлдвэрт цэвэрлэгчээр ажилд ороод цөөнгүй орчуулгын кинонд дуу оруулсан 20 нас, 2007 онд одоогийн МҮОНРТ-ийн анхны олон ангит “Сарны нулимс” киног хэрхэн бүтээсэн талаараа болон цагдаагийн байгууллага, алба хаагчдын тухай “Амьдрал чиний төлөө” цувралыг бүтээхээр томилогдож, цөөнгүй эсэргүүцэлтэй тулсан ч бүтээлийнхээ ард гарч чадсан тухайгаа гээд урт бөгөөд сонирхолтой яриа дэлгэсэн.

-Танд өөрийн найруулсан дөрөв дэх, МҮОНРТ-ийн 14 дэх олон ангит киноныхоо нээлтийг хийж буйд халуун баяр хүргэе.

-Баярлалаа.

-Хоёулаа таны бага наснаас ярилцлагаа эхлэх үү?

-За тэгье. Би Долоон буудлын 35 дугаар сургуулийг төгссөн. Айлын ганц хүүхэд. Бага нас минь Сэлбэ голын хөвөөнд өнгөрсөн. Тухайн үед тэнд цөөхөн хэдэн айл байдаг байсан.  Багадаа нийгмийн идэвхтэй, анги, бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр элсээд сурагч хорооны дарга болсон. Урлаг соёлын  арга хэмжээ зохиогдох бүрт хөтөлдөг эсвэл дуулж, бүжиглэдэг хүүхэд байжээ.

Би нэгдүгээр ангидаа Пионерийн ордон (одоогийн Хүүхдийн ордон)-ы драмын дугуйланд элсэж, гавьяат багш С.Даваахүүгийн удирдлага дор 10 жил сурсан. С.Даваахүү багш миний хүн болох төлөвшил, урлагт хайртай зан чанар, мэргэжлийн чиг баримжааг аав, ээжээс минь гадна надад бий болгож өгсөн ачтай гавьяатай хүн. Зөвхөн би гэлтгүй Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, гавьяат жүжигчин У.Уранчимэг, Л.Баттулга зэрэг өнөөгийн олон алдар цолтон сурагч ахуй насандаа энэ мундаг хүнээс номын дуу сонссон.

Би арван жилээ онц дүнтэй төгссөн. Төгсөхийнхөө өмнөхөн тавдугаар сард тухайн үеийн Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийн шалгалт явахад аравдугаар ангийн охин сурагчийн дүрэмт хувцастай шалгуулж байлаа. Тэнд шалгалт өгсөн хүмүүсээс би л ганцаараа сурагч байсан. Тэгээд өөрөөсөө ах, эгч хүмүүстэй сүүлийн гуравдугаар түүвэрт үлдсэн.

Хожим бодоход шалгалт авч байсан мундаг багш нар намайг жүжигчин болох ёсгүй хүн гэдгийг тэр үед таньж дээ. Тухайн үед өнөөгийн гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, орчуулгын киноны жүжигчин О.Оюун нар надтай хамт шалгалт өгөөд тэнцсэн. Мөн “Ноён солиот” киноны гол дүр, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт цэргийн хувцастай чөлөөгөөрөө ирж, шалгалт өгөөд шалгарч байлаа. Энэ мундаг жүжигчдийн дундаас намайг ялгаж, үлдээснийг харахад үнэхээрийн нүдтэй хүмүүс шалгаж байж.

Жүжигчний ангийн шалгалтад унасныхаа дараа би арван жилээ төгсөөд багш нарынхаа ятгалгаар МУИС-ийн хуулийн ангийн шалгалтад орсон. Зорьж бэлдээгүй, сэтгэл гаргаагүй учраас олигтой хариу ч гараагүй. Гэлээ ч шалгалтынхаа дүнгээр тухайн үеийн АУДС-ийн сувилагчийн ангид орох боломж нээгдсэн. Гэвч би сувилагчийн ангид элсээгүй. Би чинь айлын ганц, эрх танхи өссөн болохоор аав, ээжийнхээ үгнээс зөрөөд арваннэгдүгээр сар хүртэл сургуульд ч сурахгүй, ажил ч хийхгүй гэртээ байсан. Гэрт ирсэн хүмүүс “Байгал ямар сургуульд элссэн бэ” гэхээр хэлэх хариулт байхгүй, санаа зовно. Сүүлдээ гэрт хүн ирэхээр бол бушуухан гарч яваад гэрийнхээ гадаа суучихна. Нөгөө хүн гараад явахаар гэртээ ордог.

Нэг өдөр аав “Миний охин үнэхээр л жүжигчин болмоор байгаа юм уу” гэж асуулаа. Тийм гэтэл “Тэгвэл чи цэвэрлэгч хийх үү” гэхээр нь үгүй гэлээ. “Тийм бол Кино үйлдвэрт цэвэрлэгч хийх үү” гэхээр нь шууд тэгье гэж хариулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Бунтар УИХ дэлгүүрт очиж, лекц уншихад нь аав Ж.Бунтар гуайг танихгүй хэрнээ уулзаад, охиныг минь ажилд аваач гэж гуйсан юм шиг байна лээ. Тэгээд би Монгол кино үйлдвэрийн кино лабораторид цэвэрлэгчийн орон тоонд ажилд орсон.

-Кино үйлдвэрийн цэвэрлэгчээс хэрхэн телевизийн найруулагч болов?

-Би чинь гэрийнхээ шалыг байтугай, аягаа ч угааж үзээгүй эрх танхил өссөн охин чинь ажилд орсон анхны өдрөө уртаа коридорын шал угаасан. Шалаа баахан угааж, цэвэрлэж байгаад эргээд харахаар урт коридор талдаа ч орохгүй. Бүтэн өдөржин угаасны эцэст ажлаа дуустал гарт цэврүү үсэрчхэж. Орой гэртээ очиход аав “ажил нь хэр байна” гэж асуусан. Би цэврүү үсэрсэн гараа нуугаад гоё байна гэж хариулж билээ. Гэхдээ үнэхээр гоё байсан. Би ажилдаа очихоороо өмнө нь зурагтаар, дэлгэцээр хардаг байсан киноны уран бүтээлчдээ бодитоор харж, тэдэнтэй ойрхон зайд зөрдөг байсан.

Мөн ажлаа гялс хийчхээд Орчуулгын кино албаны өрөөнд ороод жүжигчид кинонд хэрхэн дуу оруулж байгааг харж сууна. Д.Элбэгсайхан, Г.Равдан, Н.Нэргүйбаатар ах, Т.Цэмпилмаа, Т.Карма эгч тэргүүтэй орчуулгын киноны мастер тэнд бөөндөө цуглана. Тэднийг өдөржин харж сууснаас болоод шалаа угаасангүй гэж хааяа даргадаа загнуулна (инээв). Тэгж суух үед кинонд дуу оруулах боломж олдсон юм. Тэгсэн найруулагч нар намайг “болж байна” гэж урамшуулаад би хоёр бүрэн хэмжээний кинонд дуу оруулсан.

-Цэвэрлэгчээр ажиллаж байх үе дээ юу?

-Тийм. Цэвэрлэгээнийхээ хажуугаар дуу оруулна. Найруулагч нар жаахан хүүхдийн хоолой хэрэг болохоор намайг дууддаг. Би чинь дөнгөж арван жилээ төгссөн 19 настай хүүхэд байлаа ш дээ.

-Дуу оруулсан гээд нэмэлт цалин хөлс авдаг байв уу?

-Монгол кино үйлдвэр орчуулгын кинонд дуу оруулахад олгодог шагналын тарифтай байсан. Би гол дүрд дуу оруулсныхаа дараа дөчин төгрөг авч байлаа. Тухайн үедээ их ч мөнгө. Тэгээд тэр мөнгөнийхөө дээжээр тухайн үеийн дууны оператор Ж.Дарамсүрэн, дууны найруулагчаар ажиллаж байсан Гаваа ахад хэдэн шил пиво авч өгч байсан гэсэн. Би өөрөө ч мартчихсан байхад хожим Ж.Дарамсүрэн ах надад хэлсэн юм. Харин цэвэрлэгч хийгээд авсан анхны цалингаа бүрэн бүтнээр нь аав, ээждээ аваачиж өгсөн. Аав цалингийн минь дээжээс арван төгрөгийн хуучны улаан дэвсгэртийг гэрэл зургийн альбомд хадгалсан нь одоо ч манай гэрт бий. Бас тэр мөнгөний доод хэсэгт нь “Охины минь анхны цалин” гэж бичсэн.

Миний сурагчийн ширээнээс нийгэм рүү алхсан хамгийн дурсамжтай, зөв алхам минь Монгол кино үйлдвэр байсан юм.  Нэг удаа би Радио, телевизийн хэрэг эрхлэх газар (одоогийн МҮОНРТ)-д туслах жүжигчин авна гэсэн зар зурагтаар гарахыг харлаа. Шалгаруулалтад орохоор иртэл зөндөө олон оролцогч байсан. Б.Бадар-Ууган, Д.Жаргал тэргүүтэй манай телевизийн сор, бурхан найруулагч нар шалгасан. Би шалгаруулалтад тэнцсэн. Тухайн цаг мөчөөс одоог хүртэл энэ телевиздээ ажиллаж байна.

-Та ямар албанд орсон бэ?

-Тухайн үед жүжиг, уран зохиолын нэгдэл байгуулагдаж, дэргэдээ “Мэлмий” студитэй болсон. Б.Бадар-Ууган найруулагч гаднаас жүжигчин авч байснаас гээд телевиздээ жүжигчний студи нээсэн үе. Тэгсэн Ууган найруулагч маань Соёлын яамны сайд болсон. “Мэлмий” студи тарж, зарим уран бүтээлчид мөр мөрөө хөөлөө. Би телевизэд туслах найруулагчаар үлдсэн. Дараагаар нь 1995 онд СУИС-ийн телевиз, киноны найруулагчийн ангид найруулагч Х.Энхжаргал багшийн удирдлагад сурсан. Тэгээд БНХАУ-ын Бээжингийн урлагийн академид хоёр орны тэтгэлгээр сургах шалгалтад орж тэнцсэн юм. Урд хөршид 1998-2003 онд урлаг судлаач, зохиолч мэргэжлээр сурсан.

-Зохиолчийн мэргэжлийнхээ дагуу хэр олон бүтээл туурвисан бэ?

-Сургуулиа төгсөхдөө “Ууган хүү” жүжгийн зохиол бичиж дипломоо хамгаалсан. Хожим Монголд ирсний даа энэ зохиол минь телевизийн хоёр бүлэгтэй жүжиг болж “амилсан”. Одоо манай телевизийн алтан фондод бий. Хожим Б.Мөнхдорж найруулагч надтай холбогдож, ““Ууган хүү” жүжгээ яагаад театрын тайзнаа тавиагүй юм бэ. Сайн жүжиг байна” гэж хэлж байсан. Миний бүтээлийг тоосонд нь баярлаад л өнгөрсөн. Мөн урд сурч байхдаа гуравдугаар курстээ “Уулзалт” гэж жүжиг бичсэн. Мөн л телевизийн жүжиг болгож амилуулсан. Би теле зохиомж, баярын хөтөлбөрийн зохиолыг өөрөө биччихдэг. Харин найруулагчийн мэргэжилдээ илүү дурладаг учир түүнээс хойш том зүйл барьж бичээгүй ээ.

-Та Үндэсний телевизийн анхны олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан. “Сарны нулимс” кино хэрхэн бүтсэн бэ?

-Би телевизийнхээ Магваны Эрдэнэбат найздаа “Надад кино зохиол бичээд өгөөч” гэсэн юм. Тэгсэн тодорхой хариу хэлэхгүй байснаа нэг өдөр утсаар яриад биччихсэн гэдгээ хэлсэн. М.Эрдэнэбат тухайн үед монголчууд БНСУ явах болсныг, зарим эцэг эхчүүд хүүхдээ бэлтэй айлд хүргэн, бэр болгох хүсэлтэй болсныг соргог харсан. Үнэхээр сайн кино зохиол бичиж өгсөн. Ийн би найз Б.Солонготойгоо нийлээд телевизийнхээ урдаа барьдаг хоёр зураглаач Н.Азжаргал, Ж.Нямсүх, дууны найруулагч Галсанрагчаатайгаа нийлээд киноны ажлаа эхлүүлсэн дээ. Ийн найман ангит киногоо телевизээр цацаад дууссаны ард программ руу зөндөө олон үзэгч залгасан. “Киногоо үргэлжлүүлж, хийгээч дээ. Яагаад ийм муухай төгсөж байгаа юм бэ” гээд л. Тэр бүх хүний санал хүсэлтийн дагуу дахин зургаан анги хийж үзэгчдэд хүргэсэн. “Сарны нулимс”-киноны эхний хэсэг гунигтай төгссөн бол хоёрдугаар хэсэгт аз жаргалтай дуусдаг.

-Та 2011 онд “Амьдрал чиний төлөө” 60 ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Хууль хүчний байгууллагын албан хаагчдын тухай кино бүтээхэд бэрхшээл тулгарсан уу?

-МҮОНРТ Цагдаагийн байгууллагын тэгш ойг тохиолдуулж, хийсэн кино. Ц.Оюундарь захирал намайг найруул гэсэн. Цагдаагийн талын зөвлөхүүд намайг хараад голсон л доо. Кино зохиолыг нь М.Наранцогт бичсэн. Мөн л эмэгтэй уран бүтээлч.  Цаад талаас эхэндээ хүлээж авахгүй байсан. Цогтоогийн зохиолыг уншаад маш сайн бичигдсэн зохиол гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч намайг хүлээн зөвшөөрдөггүй. Эхэндээ шантармаар үе байсан. Эмэгтэй хүн гэмт хэрэг, зодоон цохионоос хол. Тийм хэсгийг эмэгтэй найруулагч дэглэхэд хэцүү ч ард нь гарсан. Үзэгчдэд таалагдсан гэдэгт итгэдэг.

-Дараагийн бүтээлийн тань гол дүр бүсгүйчүүд учир хамгийн сайн мэддэг сэдэв байсан биз?

-“Хүлэгү” пикчерсээс 2017 онд “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” телевизийн 40 анги киног найруулах санал ирсэн. Эхэндээ би өөр телевизийн кино найруулж болдог юм болов уу гэж эргэлзэж, эмээсэн. Хэсэг хугацааны дараа ер нь боломж нь гарч байхад яагаад өөрийгөө сорьж болохгүй гэж бодсон. Тэгээд ажлаасаа нэг жилийн хугацаатай уран бүтээлийн чөлөө авч, шинэ хамт олонтой кино хийсэн.

-Таны отгон олон ангит кино хэрхэн бүтсэн бэ?

-“Хамгийн азтай үе” киноны зураг авалт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Наана нь гол дүрийн эрэгтэй жүжигчнээ хайхад нэлээд хугацаа зарцуулсан. “Хамгийн азтай үе”-ийн зохиолыг бичсэн кино зохиолчид энэ дүр дээр нэлээд өндөр босго тогтоосон байсан. Тухайлбал, IT-ийн мэдлэгтэй, гитар тоглодог, усанд сэлдэг, гадаад хэлтэй, өндөр биетэй залуу жүжигчин олох хэрэгтэй болсон. Найруулагч кино зохиолоос гажих арга байхгүй. Тэр дүрийг бүтээх жүжигчнээ олох хэрэгтэй.

Ингээд Болдоог зөндөө хайсан. Тэгсэн манай киноны зургийн дарга Б.Мөнхзул Бээжингийн технологийн сургуульд сурдаг Болдын дүрд тохирох Г.Маргад гэж залуу байна гэж хэлсэн. Би холбогдож, онлайнаар проб авлаа. Дүртэйгээ таарч тохирч байсан ч мэргэжлийн жүжигчин биш байсан. Тэгээд би шийдвэр гаргаж чадахгүй кино зохиолч Хашчулуунтайгаа зөвлөлдөв. Тэгсэн “Г.Маргадыг Болдын дүрд тоглуул. Болд мөн байна” гэсэн.

-Гол дүрийн охины дүрийг бүтээсэн Б.Ану-Үжин мөн гадаадад сурдаг юм билээ?

-Б.Ану-Үжин Испанийн Барселон хотын Театр урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр сурдаг хоёрдугаар курсын оюутан. Болдыг олсны дараа Азтайзаяагийн дүрд тоглох жүжигчнээ хайгаад л байсан. Учир нь тухайн дүр 150 см өндөртэй гэхээр нэлээд жаахан биетэй хэрнээ гэнэн цайлган мөртлөө Г.Маргадын насных байх хэрэгтэй. Тэгээд СУИС болон бусад урлагийн сургуулиудаар эмэгтэй гол дүрийн жүжигчнээ хайж явсан. Өндөр бие нь таарч байсан ч кинондоо авъя гэхээр хэтэрхий хэрсүү байгаад байдаг.

Би “Фэйсбүүк”-ээр хүүхэд залуусын бичлэг, блог үзэх дуртай. Тэгтэл блог хөтөлдөг, Азтайзаяагийн дүрд тохирох нэг охин нүдэнд туслаа. Тэгээд судалтал “Хамгийн хөөрхөн охин” уран сайхны киноны гол дүрд тоглосон охин байсан. Би хайж байсан эмэгтэй гол дүрийн жүжигчнээ оллоо гэж санагдсан. Тэгээд холбогдтол Испанид амьдардаг охин байж таарав.

Ийн кино зураг есдүгээр сард эхлэх байсан ч гол дүрүүд тодорхой болоогүй хойшилсон. Ану-Үжинг сонгосныхоо дараа Монголд ирэх хугацааг нь тааруулж зураг авалтаа дахин нэг сар хойшлуулсан. Энэ дашрамд, Б.Ану-Үжингийн ээжид үнэхээр баярлалаа. Биднийг ойлгож, манай киног дэмжиж охиноо Монгол руу явуулсан. Ану-Үжинг ирэх хүртэл би Маргадтай тулж ажилласан. Тогтмол ширээний уншлага хийсэн. Зураг авалт ч тогтсон хугацаандаа дууссан. Харин 4К кино төсөл учир монтаж хийхээд нэлээд удаан хугацаа зарцуулсан.

-Ихэнх найруулагч киногоо хүмүүст хүргэхийн тулд олны танил жүжигчдэд дүрээ өгдөг. Харин та эсрэг юм шиг санагдсан?

-Би тухайн дүрд яг таг тохирсон жүжигчнийг л өөрөө эрэл сурал хийж хайж олсныхоо дараа дүрээ өгдөг. Тэрнээс шинэ агуу жүжигчин нээж гаргая гэсэн бодол байхгүй ээ. “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрд тоглосон А.Алтанхуяг жүжигчний гуравдугаар курсын оюутан байх даа “Сарны нулимс” кинонд тоглосон. Би зохиолд бичигдсэн дүртэй адилхан болохоор нь л түүнийг кинондоо тоглуулах санал тавьсан.

-“Хамгийн азтай үе” таны өмнөх бүтээлүүдээс юугаараа өөр вэ?

-Киноны гол дүрүүд 20-21 насныхан. Гэтэл энэ насныхан буюу шинэ үеийн үзэгчид гадны контентууд үзсээр байгаад баргийн юмыг тоохооргүй болсон. Тэгэхээр киноны маань агуулга хэчнээн сайхан байгаад ч гоё ганган хийхгүй бол энэ насныхны анхаарлыг төдийлөн сайн татаж чадахгүй. Тиймээс маш гоё, ганган хийхийг зорьсон.

Мөн энэ бүтээлд маань орчин үеийн залуусын хандлага, харилцаа, хоёр гүүрний наад, цаад талын амьдрал, хоёр өөр орчинд өссөн хүүхдүүд хэрхэн бие биенээ олж найзалж байгаа талаар өгүүлнэ. Гэр хороололд өсч амьдралын хатуу хөтүүг үзсэн хүүхэд бэлэн зүйл дээр торнисон хүүхдийг хэрхэн хайр сэтгэлээрээ өөрчилж байна, хайр гэдэг зүйл хэр хүчтэй зэвсэг вэ гэдгийг харуулсан. Цамаан, амьдралын хатуу хөтүүг мэдэхгүй хүү хайр сэтгэлд хөтлөгдөж, үзэл бодлоо өөрчилж байгааг харах болно.

-Энэ бүтээлээрээ үзэгчдэд ямар “мессэж” өгөхийг хүссэн бэ?

-Бие биенээ хүндлэх, хүн хоорондын болоод сэтгэлгээний харилцаа. Зам харилцааны асуудал гээд олон зүйлийг хөндсөн. Бүх юмны эхлэл бол харилцаа. Чи яаж харилцана, чиний харилцаанаас миний харилцаа бий болдог. Тиймээс бүх зүйл харилцаан дээр тогтдог учир ёс заншил харилцааг энэ бүтээлээрээ голчилно. Өдгөө олон Монгол хүн гадны орон руу явж байна. Тэднээс зарим нь ирэхгүй байна. Ирсэн нэг нь эх орноо өөр өнцгөөс харж байна. Бахархаж байна, харамсаж халаглаж байна, зарим нэг нь муулж байна. Энэ бүхнээс тухайн хүний сэтгэлийн харилцаа урган гарч байгаа. Монгол хүн хаана ч л байсан монголоороо л үлддэг. АНУ-д очоод бүрэн дүүрэн америк хүн болж чадахгүй. Энэ бүгдийг өгүүлэхийг хичээсэн.

-Танд бүрэн хэмжээний кино найруулах санал ирвэл зөвшөөрөх үү?

-Мэдэхгүй байна. Бүрэн хэмжээний кино, телевизийн олон ангит кино хоорондоо эрс тэс ялгаатай. Би өөрийгөө телевизийн найруулагч л гэж боддог. Энэ ажлаа л хийж ажиллаж, амьдарч ирсэн. Тиймдээ ч би бүрэн хэмжээний кино руу орохоос айдаг.

-Өнөө үед нэг байгууллагад насаараа ажиллаад тэндээсээ тэтгэвэрт гарч буй хүмүүсийг амьдралдаа шинэчлэл хийдэггүй гэх мэтээр гайхдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үнэхээрийн буянтай байгууллага. Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Би телевизээсээ өөр газар ажиллаж, амьдарч чадахгүй. Надад ажлын санал олон ирдэг. Шинэ байгуулагдсан телевизийн ерөнхий найруулагч, программын албаны дарга, гүйцэтгэх захирал, захирал болооч гэсэн ажлын санал ирж л байсан. Би хэзээ ч урваж очиж байгаагүй.

-Таныг ажлын тань юу нь соронз мэт татдаг вэ?

-Нэгдүгээрт би мэргэжилдээ дуртай. Хэрвээ дургүй байсан бол багш эсвэл өөр ямар нэг ажил хийж байгаа. Хоёрдугаарт, би хүүхэд байхаасаа л энэ байгууллагад ажилласан. Хэдийн миний гэр орон болсон. Өглөө 09:00 цагаас орой хүртэл би энд л байдаг. Бараг унтаж амрах гэж л гэртээ харьдаг. Миний ажил амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон. Дараагийн нэг зүйл нь манай хамт олон. Намайг анх ороход аав, ээж шиг минь тосч авсан хүмүүсийн зарим нь тэтгэвэрт гарсан. Хамт ажиллаж байгаа нь ч байна. Мөн миний ах дүү шиг, цаашлаад төрсөн хүүхэд шиг доод үеийнхэн минь байгаа. Миний хамт олон ямар ч үед харцаараа л ойлголцдог. Ийм сайхан газарт олон хүн татагдаж, ээнэгшдэг.

Радио, телевиз маань өөрийн гэсэн үнэртэй. Амралтаа авчхаад ороод ирэхдээ орон гэрийн минь үнэр шиг танил дотно тэр үнэрээ үнэхээрийн их санаснаа мэдэрдэг. Тиймээс би хаашаа ч явахгүй.

-Таны охин Э.Уянга “Хэцүү анги” олон ангит киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн гэдгийг манай зарим уншигч эчнээ мэдэх байх?

Э.Уянга үндэсний телевизийн коридорт л өссөн. Охин минь UBS телевизэд ажиллаж байгаад амралтаа авчихсан байгаа. Харин бага охин минь дунд сургуулийн сурагч. Бас л телевизийн салбарын хүн болох байх. Телевизийн биш юмаа гэхэд урлагийн салбарт харьяалагдах байх даа.

-Том охин тань “Хэцүү анги” кинонд тоглоход таны үүрэг оролцоо байсан уу?

-Манай мэргэжлийн жаргалтай талаас илүүтэй бэрхшээлтэй зүйл нь цаг наргүй, хоол ундгүй “гүйдэг”. Бидний ажлын эхлэх цаг тодорхой ч дуусах цаг тодорхойгүй. Гэр бүл, үр хүүхдээ ч “хаячихдаг”. Би хүүхдээ ийм ажил руу оруулах дургүй. Гэхдээ бид чинь ямар нэг зохиомж найруулаад жаахан хүүхдийн дүр хэрэгтэй болохоор хэний хүүхдийг гуйж явахав гээд өөрийн хүүхдээ тоглуулчихдаг. Загначихсан ч амар (инээв). Уянгаа бүр багадаа телевизийн хэд хэдэн зохиомжид орж байсан. Тэгээд өөрөө дур сонирхолтой болохоор авьяасаа хөгжүүлээд дөрөвдүгээр ангиасаа “Цоглог” хөтөлбөр хөтөлсөн. Сүүлд Л.Ариунжаргал найруулагч “Хэцүү анги”-ийн проб зарлахад нь надад хэлэлгүй очоод тэнцээд дүр авчихсан байна лээ. Уянгаа мэргэжлийн дипломтой жүжигчин биш. Арван жилээ төгсөөд надад жүжигчин больё гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Харин сэтгүүлч бол гэж зөвлөсөн.

-Өөрийн найруулсан кинондоо охиноо тоглуулах юмсан гэсэн бодол байдаг уу?

-Тоглуулсан кино бий. “Амьдрал чиний төлөө” кинонд Уянгаа нэг ангид тоглосон. Анх өөр жүжигчин тоглох байсан юм. Хөхүүл хүүхэдтэй болохоор шөнө оройн зураг авалтад орж чадахааргүй болчхоор нь би Уянгааг дуудсан. Надад кинондоо хүүхдээ “чихээд” байгаа ч юм шиг эвгүй санагдсан. Яалт ч үгүй зураг нь тулчихсан болохоор охин руугаа залгаад “Ээждээ туслаад киноны минь нэг ангид ороод өг. Гэхдээ би чамд мөнгө төгрөг өгч чадахгүй шүү” гэхэд “за” гэсэн.

-Охинтойгоо найруулагчийн үүднээс ажиллахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Уянгаатай ажиллах аягүй дөхөм байсан. Миний охин биш байсан бол өөр олон дүрд дуудах л байсан. Учир нь зуурсан гурил шиг хүний үг сайн авдаг юм билээ.  Би ч тэгээд ажил, гэр бүлээ нийлүүлээд хутгаад байдаггүй юм. Тэр хүн өөрөө ажлаа хийгээд яваг. Би энд өөрийнхөө юмыг хийгээд явдаг. Зураг авалт зогсчихсон үед нэг удаа тэгж тусламж гуйж байсан. Гэхдээ би охиноо хүний хэлсэн зүйлийг тэр дор нь тусгаад авдаг, хамт ажиллаж байгаа хүмүүсээ залхаахааргүй хүн юм байна даа гэж тоосон.

-Айлын ганц хүүхэд насны багад болон дунд үед их ганцаарддаг юм шиг санагддаг. Та тэгж байв уу?

-Хүүхэд байхад ах дүү олонтой хүүхэдтэй тоглохоор намайг хаяад авахад онцгүй санагдах үе байсан. Айлын ганц байхын давуу тал нь бие даах чадвар маш сайн хөгждөг. Хэн нэгэнд ямар нэг зүйлийг найдаж, даатгадаггүй. Бүгдийг өөрөө хийдэг. Ганцаараа өссөний сайн тал гэж хэлэх юм уу даа. За тэгээд нас 20 гараад ирэхээр гэр бүл, зохиогоод үр хүүхдээ өлгийдөөд ирэхээр ганцаардахгүй. Мөн би олон сайн найзаа олсон. Би айлын ганц ч гэлээ төрснөөс өөрцгүй хэдэн арван ах эгч, дүү нар бий. Тэд бол миний хамт олон. Миний амьдралд асуудлууд байсан. Аавыгаа алдахад надад ах, эгч, дүү байгаагүй. Тэр үед миний хамт олон эрвийх дэрвийхээрээ тусалсан. Тийм дээ ч надад ганцаардаж, арга мухардаж байсан тохиолдол байхгүй.

-Сэтгэлээ дэлгэж ярилцсанд баярлалаа.

-Өөрийгөө уран бүтээлч гэж нэрлэж болохоор өдий зэрэгт хүргэсэн хамт олон, намайг хүн болгосон миний дээд үеийнхэн болон хамтарч ажиллаж байгаа залуус, дүү нар, намайг хараагүй танихгүй ч, нэвтрүүлгийг минь үзээд сайхан бүтээл болжээ гэж санал, сэтгэгдлээ бичдэг үзэгчдэдээ маш их баярлаж талархдаг. Байгууллагынхаа төлөө гартлаа, хөгширтлөө үнэнчээр зүтгэж ажиллах болно. Мөн ээждээ, гэр бүлийнхэндээ баярлалаа.

 









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Байгал: Би төрснөөс өөрцгүй хэдэн арван ах эгч, дүүтэй хүн  
Үзсэн: 2845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ө Нарангэрэл [127.0.0.xxx] 2019-06-26 15:11
Мундаг авьяастай чадалтай найруулагч даа.Цаашдаа ч их зүйл хийх,Олон сайхан бүтээл туурвих ирээдүй бий.Маш сайн хятад хэлтэй. Орчуулага хийгээд явах юм бол одоогийнхоос дор хаяж 5 дахин их цалин авах боломж нэг биш удаа байсан даа Гэхдээ тэр телевизээ орхиогүй "тэнэгхэн" дээ...АМЖИЛТ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 11:35
нөхөр нь бас мундаг тв-ийн найруулагч гэсэн
Зочин [127.0.0.xxx] 2019-07-08 15:13
Батзориг уу хэхэхэ
sdf [127.0.0.xxx] 2019-06-26 02:54
Saihan uran buteelch, ulam ix amjilt husie!
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 16:06
Uneheerriin setgeltei zutgeltei medremjtei mundag emegtei shuu.Tsaashdiinh ni ajil hodolmor amdrald ni sain saikhniig husey.
Сони [127.0.0.xxx] 2019-06-25 15:50
Найздаа хайртай шүү. Бахархаж омогшиж бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 13:08
Хогийн хужаа авгай
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 15:20
atarhuu huur ve
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 15:20
chi oorjoo hyjaa muu ats min
Гэрэлт [127.0.0.xxx] 2019-06-24 21:43
Гоё Аниа шүү Энэ эгч
Зочин [127.0.0.xxx] 2019-06-24 21:18
Байгал дүүтэйгээ дахиад танилцлаа тэр олон эгч нарын нь гол эгч би юм шүү дээ гэ дотроо омойтлоо
Зочин [127.0.0.xxx] 2019-06-24 19:18
Televiz jinhene sudsand n baidag huuhen yum. Amjilt husii ooriihooroo az jargaltai amidrana gedeg az shuu
Хайртай шүү бас хүндэлдэг [127.0.0.xxx] 2019-06-24 18:51
Эгчдээ хамгийн сайн сайхныг хүсье.Та шүү

Бидэнтэй нэгдээрэй