Шууд Chart

“Стокхолм-2019” наадам боллоо

2019-07-09 17:54:58

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Тусгаар Тогтнолын 108 жилийн ой, Ардын Хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Швед дэх Монголчуудын "Стокхолм-2019" баяр наадам уламжлал ёсоороо амжилттай сайхан болж өндөрлөлөө. Энэ талаарх мэдээллийг МҮОНРТ-ийн Швед дэх сурвалжлагч Р. Хишиг-Алдар бэлтгэн ирүүлсэн байна.

Баяр наадмын ерөнхий зохион байгуулагчаар Швед дэх монголчуудын холбоо ажилласан бол монгол гэрэл зургийн “Славахоум студи” хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Түүнчлэн Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам болон тус улсад урлагийн болон боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг “Mүүд”, “Сувдан өрөг”, “Төгс Билэгт”, “Хос жигүүр” мөн спортын “Од” клуб, Шагайн Холбооны салбар зөвлөл, “Сүлд” клуб, Шведийн Баруун эргийн Монголчуудын төлөөлөл, Өвөр Монгол ахан дүүсийн нэгдэл зэрэг бүхий л байгууллага хамт олон дэмжиж оролцсон нь энэ жилийн наадмын бас нэгэн онцлог байсан юм.

Ойролцоогоор 1500 гаруй үзэгч, наадамчид хүрэлцэн ирсэн уг баярт 64 бөх барилдсанаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин Э.Даваадорж түрүүлж, Шведийн баяр наадмын таван удаагийн аварга Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат аймгийн начин С.Оргилболд хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. Түүнчлэн хүүхдийн барилдаан, шагайн харваа болон гүйлтийн тэмцээнийг нас насны ангиллаар зохион байгуулж аваргуудаа тодруулсан байна.

Үндэсний сурын харваанд 20 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос нэгдүгээр байрт Хөвсгөл аймгийн харьяат нэгдүгээр зэргийн харваач Ц. Эрдэнэдаваа, хоёрдугаар байрт Улаанбаатар хотын харьяат Б.Солонго, гуравдугаар байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Р.Дулмаа нар орлоо.

Баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Мөнхцэцэг Алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнуулсан бөгөөд бизнес эрхлэгч А.Даариймаа, Ц.Оюунтуяа, орчуулагч, багш Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсаас мэргэжлийн холбоод, ТББ-ын шагналаар шагнаж урамшууллаа.

Шагайн харвааны төрөлд зургаан багийн харваачид багийн болон цуваа харваагаар онч мэргэнээ сорин өрсөлдөж багийн харваанд нэгдүгээр байрт Д.Батболдын баг, хоёрдугаар байрт Монгол Улсын гарамгай мэргэн Б. Энхтүвшин ахлагчтай баг, гуравдугаар байрт Ө. Батсайхан ахлагчтай баг шалгарчээ. Хувийн цуваа харваанд Монгол Улсын гарамгай мэргэн Моононгийн Энхболд тэргүүлсэн байна.

Мөн баяр наадмыг угтан зарлагдаад байсан “Монгол наадам” сэдэвтэй зохион бичлэгийн уралдаан, Монгол бичгийн бичгийн цэвэр сайхан бичигтэн, “Монгол наадам”, “Миний эх орон” сэдэвт гар зургийн уралдаан шилдэгүүдэд шагналаа гардан авсан байна.

ОХУ-ын агаарын тээврийн "АЭРОФЛОТ" компаниас наадамчин олон дундаас азтай нэг оролцогчийг шалгаруулж Стокхолм-Улаанбаатар-Стокхолм гэсэн чиглэлийн нислэгийн тийзээр урамшуулсан нь баяр наадмын бас нэгэн онцлох үйл явдал боллоо.

Швед дэх Монголчуудын баяр наадмыг үзэж сонирхохоор БНПольш Улс, АНУ, ХБНГУ, Бельгийн Хаант Улс, Норвегийн Хаант Улс, БНЧех Улс, Унгар, Данийн Хаант Улс, Канад, Грек, Англи зэрэг улсад суугаа монгол иргэд өргөнөөр оролцлоо.

Баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон нийт багийнхан болон, ивээн тэтгэж, дэмжиж оролцсон нийт байгууллага, хувь хүмүүст наадамчин олондоо гүн талархлаа илэрхийлж байна. Та бүхэн маань хотлоороо сайхан наадаарай.


“Стокхолм-2019” наадам боллоо   
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй