Шууд Chart

Х.Болормаа Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

2019-07-22 15:40:30

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Сүхбаатар дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл хийлээ.

Сүхбаатар дүүрэг нь 20.8 мянган га газар нутаг, засаг захиргааны 180 нэгж бүхий 20 хороо, 38 мянга гаруй айл өрх, 140 орчим мянган хүн амтай нийслэлийн хотын төвийн дүүрэг юм. Дүүргийн 1-8 дугаар хороо нь байшин хороолол, 9-20 дугаар хороо байшин болон гэр хороолол бүхий 20 хороотой. 2019 онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн 42.8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 252 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрт төрийн үйлчилгээний болон сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, авто зам, орон сууцны дээвэр, фасадны засвар, гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний шат, гүүр, худаг, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, хайрган хучилттай зам тавих зэрэг ажлууд багтсан. Эхний хагас жилийн байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Нийслэлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги шинээр байгуулж наадмын өмнөхөн нээлтээ хийсэн. Тус ангид дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны багаж хэрэгсэл болон 33 сая төгрөгөөр шуурхай албанд фургон машиныг авч өгөн, шинэ ангийнхаа гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангалаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар зуслангийн бүс буюу 19, 20 дугаар хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр дүүрэг маань 2019 онд бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11-20 дугаар хорооны 104 байршилд 207 ширхэг камерыг шинээр хийгдэж байгааг Засаг дарга Х.Болормаа танилцуулгадаа онцолсон юм.

Мөн Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомжийг сурталчлах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд “Иргэн төвтэй дүүрэг”, “Авлигагүй, сахилга баттай дүүрэг”, “Цэвэр цэмцгэр-дүүрэг”, “Оновчтой төлөвлөлттэй дүүрэг”, “Төсвийн хэмнэлттэй дүүрэг”, “Архигүй-Зөв амьдарцгаая” гэсэн зургаан аяныг зохион байгуулан ажиллаж байна гэв.


Х.Болормаа Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй