Шууд Chart

Гадаад улс орнуудын төр засгийн тэргүүн, удирдагчид наадмын мэндчилгээ ирүүлжээ

2019-07-23 17:43:36

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт Япон улсын Эзэн хаан Нарухито, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Австралийн Амбан захирагч Дэвид Херли, Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, БНАСАУ-ын Ардын Дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рён Хэ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзёев, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Бунян Волочит зэрэг улс орны төр засгийн тэргүүн, удирдлагаас, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресаас мэндчилгээ ирүүлэв.

# # #

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирүүлсэн баярын захидалд “Америкийн Нэгдсэн Улсын ард түмний нэрийн өмнөөс Танд болон нийт монголын ард түмэнд баяр наадмын мэнд хүргэж, аз жаргал хүсэн ерөөе. Дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн хугацаанд манай хоёр орны найрамдал нөхөрлөл цэцэглэн хөгжсөөр ирлээ. Өнөөдөр бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархахын зэрэгцээ Энэтхэг-Номхон далайн бүсэд бидний голлох түншийн хувиар оруулж буй хувь нэмрийг тань өндрөөр үнэлдэг билээ. Бидний харилцааны үндэс суурь болсон ардчилсан засаглал, хүний эрх, чөлөөт, шударга худалдаанд тууштай байх зарчимд суурилсан манай хоёр улс болоод ард түмний харилцаа улам гүнзгийрнэ гэдэгт АНУ итгэлтэй байна” хэмээн онцолжээ.

# # #

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирүүлсэн мэндчилгээнд, “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улстай харилцах стратегийн түншлэлийн харилцааг Орос Улсад их үнэлдэг билээ. Бидний хийх гэж буй уулзалт, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх явдал нь хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны цаашдын хөгжилд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

# # #

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн баярын захидалд “Монголын ард түмэнд үндэсний баярыг нь тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ илгээж байгаадаа баяртай байна. Олон улсын хамтын ажиллагааны ач холбогдол улам бүр өсч буй цаг үед бид амьдарч байна. Улс үндэстнүүд Бид – энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийн төлөө нэгдэн нягтарч чадваас дэлхий нийтээрээ үр шимийг нь хүртэнэ.

Үндэсний баяраа тэмдэглэж буй танай улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн төлөөх үйлсэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна” гэсэн байна.

# # #

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Олон улсын хамтын ажиллагааны сайд Чяв Тин, БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь, Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас, Беларусын Гадаад хэргийн сайд Владимир Макей, БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит, Словакийн Гадаад хэргийн сайд Мирослав Лайчик, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Прак Сохон, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, БНКазУ-ын Гадаад хэргийн сайд Бейбут Атамкулов нараас Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэн байна.


Гадаад улс орнуудын төр засгийн тэргүүн, удирдагчид наадмын мэндчилгээ ирүүлжээ   
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй