Шууд Chart

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно

2019-07-30 10:00:00

Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө нь харшлаар өвчлөх шалтгаан болдог. 

Манай улсад харшлын шалтгаант өвчлөл жилээс жилд ихсэж 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн харшлаар өвчилж байгаа тухай мэдээлж байна. Манай оронд 11 төрөл зүйлийн шарилж ургадаг. Хогийн ургамал буюу шарилж нь зүгээр ч нэг хүссэн газартаа ургадаггүй аж. Бохирдсон хөрс нь шарилжны ургах таатай нөхцөл болдог.

Өвчлөлийн шалтгаан: Ургамлын тоосонцор /бургас, улиас, хус, лууль, шарилж, халгай, таван салаа/; Тоосны хачигны хэсгүүд; Гэрийн тэжээвэр амьтдын уураг (арьсны гуужсан эд, шүлс, шээс); Мөөгөнцөр (таны гэрт болон гадаад орчинд байгаа); Мод, үет болон хогийн ургамал; Жоомны биеийн хэсэг.

Илрэх шинж тэмдэг: Нус, нулимс гоожих; Нүд улайх, нуухтах; Ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах; Дерматит буюу арьсны үрэвсэл; Гуурсан хоолойн багтраа буюу астм, шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зүгээр байх.

Ургамлын тоосны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Байгууллага, айл өрхүүд орчныхоо шарилж лууль гэх мэтийн ургамлыг 7-8 см-ийн өндөртэй хадалт, тайралтыг жил бүрийн 7-р сарын эхний 7 хоног болон 8-р сарын 3 дахь 7 хоногт багтаан хийж байх.

- Байр орон сууцны цонхыг өглөөний 04.00-09.30 цаг, орой 16.00-22.00 цаг хүртэл хугацаанд онгойлгохгүй байх.

- Автобус унаанд явахдаа аль болох цонхыг нээхгүй байх.

- Дулаан газраас гарч хүйтэн агаарт гэнэт амьсгалахгүй байх.

- Өрөө, тасалгаандаа байнга чийгтэй цэвэрлэгээ хийх.

- Цагаан хэрэглэл, гудас, матрасыг тогтмол цэвэрхэн байлгах.

- Хурц үнэртэй зүйлс, будаг үнэрлэхгүй байх.

- Хоол хүнсэндээ халуун ногоо, цайруулсан самар, хиам, даршилсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

- Иргэд өөрсдийн биеийн дархлаагаа сайжруулж, ажил, амралтаа зохицуулж, сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах хэрэгтэй.

- Өөрийн харшил төрүүлэгч зүйлийг тогтоолгож тухайн харшилдаг зүйлээ хэрэглэхгүй байх.

- Өвчилсөн тохиолдолд хүндрүүлэлгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөөг чанд сахиж, эмчилгээг эмчийн зааврын дагуу тогтмол зөв хийх.

Харшил үүсгэгчийг тодорхойлохын тулд:

- Арьсны сорил

- Онцгой эсрэг биетийг шинжлэх арга

- Өдөөгч тестүүд

- Элиминационны тестүүд

- Хүйтэн ба халуун тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг. 

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл


Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй