Шууд Chart

О.Элбэгтөгс: Манай үеийнхэн уран зохиол хэмээх энэ их урлагт хэдийнээ тус тусын байр сууриа олоод эхэлж байна

2019-08-26 15:02:29

Зохиолч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгстэй ярилцлаа. Учир нь түүний бичсэн “Надтай үлдээч” жүжгийн нээлт ирэх есдүгээр сарын 6-нд УДЭТ-ын тайзнаа болох гэж байна. анх яруу найрагт дурлаж явсан түүнийг жүжгийн зохиолтой нэрээ холбосонд ихэд бахдаж, уулзсан юм.

-Таны зохиол тайзны бүтээл болж, тун удахгүй нээлтээ хийх гэж байгаад баяр хүргэе?

-Баярлалаа. Жүжгийн зохиол гэдэг зохиолчийн гараас гараад найруулагчийн гарт орохоороо зохиолчийн гэхээсээ илүүтэй найруулагчийн санаа, авъяас, тайзны ур шийдлээр дамжин үзэгчдэд хүрдэг. Тийм болохоор энэ жүжиг А.Чингүн хэмээх авьяаслаг залуу найруулагчийг нээсэн бүтээл болох байх гэж бодож байна.

- Тийм байх шүү. Энэ зохиолоо хэзээ бичсэн бэ?

-А.Чингүн бид хоёр уран бүтээлийн сайхан найзууд. Найз маань санааг нь анх хэлж, залуусын хайр дурлалыг арай өөр өнцгөөс харуулсан, цаг үеийнхээ мэдрэмжийг агуулсан байхаар бичээд өгнө үү гэсэн санал тавьснаар өнгөрсөн өвөл бичиж дуусгасан.

-Тэгвэл найруулагчийн захиалга байх нь. Жүжгийн үйл явдал одоогоор оньсго мэт байна. Гэхдээ цухас өгүүлж болох уу. Ямар үйл явдал өрнөх бол. Зарим хүн эх орон, аав ээжийн тухай болов уу гэж ярьж байсан. Гэтэл ямартай ч хайр дурлалын тухай өгүүлэх нь тогтоогдлоо ...

-Үнэнийг хэлэхэд жүжгийн талаар ярилцахгүй байх аман тохироо, бяцхан амлалтыг би найруулагчдаа өгсөн. Түрүүн би хэлсэн шүү дээ. Миний гэхээс илүү тайзны бүтээл тайзанд тавигдахаараа найруулагчаараа овоглогдож явах ёстой гэж. Тиймээс энэ асуултнаас чинь ингэсгээд эвтэйхэн бултаж болно гэж найдаж байна. Ямартай ч гол дүрд Ромеогийн дүрээр танигдсан Б.Шинэбаяр тоглож байгаа бол туслах дүрүүдэд Хасар хэмээх Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан эхнэр Г.Урнаагийн хамт тоглоно. Бусад жүжигчид дандаа залуучууд гэсэн. УДЭТ-ын удирдлагууд бодлогоор залуучуудаа таниулах, шинэ бүтээлийн уур амьсгалдаа ч нийцүүлэхээр залуучуудаа өргөн тоглуулж байна гэж ойлгосон. Дээр нь найруулагч А.Чингүн бид хоёрын УДЭТ-ийн тайзнаа тавигдах анхны жүжиг. Нэг ёсондоо залуусын өргөн фронт энэхүү жүжигт хүч үзнэ.

-Ойлголоо. Андуудын амлалтыг чинь хүндлэлгүй яах вэ. Гэхдээ таныг амьдралаасаа сэдэвлэж зохиолоо бичсэн гэж сонссон минь хазгай байж ...

-Ер нь энэ жүжигт түрүүн таны дурссанаар бүхий л агуулга хөндөгдөх болов уу. Агуулгын хувьд хэн нэгний амьдралаас сэдэвлэсэн зүйл байхгүй. Цэвэр оюун санааны эрэл хайгуулаас төрсөн.

-Энэ таны бүрэн хэмжээний хэддэх бүтээл вэ. Үзэгчдэд хүрч амжаагүй зохиол ч байгаа болов уу?

-Оюутан байхаасаа л жүжгийн зохиол оролдсон. Энэ хугацаанд 20 гаруй зохиол бүрэн дуусгасан байна. Гэхдээ тэдгээр зохиолоо хүмүүст үзүүлэхээс жаахан зовнидог гэх үү дээ. Учир нь өөртөө ханаагүй хэрэг. Ганц нэг орон нутгийн тетарт жүжгүүдээ тоглуулахаар өгсөн. Цаашдаа жүжгийн зохиолуудаа чанаржуулж, үргэлжлүүлэн бичиж, драмын урлагт бага ч атугай нэмэр хандив өргөхийг хүсдэг.

-Тэгэхээр яруу найргаа бараг орхиж байна гэсэн үг үү. Таны шүлгүүдийг ямарч байсан үеийнхэн тань их тоодог шүү дээ ...

-Үнэнийг хэлэхэд яруу найраг уран бүтээлчээсээ цаг зав шаардаад байдаг зүйл биш. Хүсвэл, мөр орж ирвэл хаана ч байсан бичиж л орхино. Гэхдээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд шүлэг бараг бичсэнгүй. Гэвё шүлэг бичихгүй байж чадахгүй юм билээ. Ямартай ч урлагт илүү бодитой хандах, үргэлжилсэн үг, тайзны бүтээл туурвих орон зай надад байгааг, миний дуу хоолой энд хэрэгтэйг анзаарсан учираас л ... Яруу найргаа ч хаяхгүй.

-Ер нь өнөөдөр аль ч төрөлд залуучууд хүч сорьж, амжилтаа үзүүлээд эхэллээ. Үүний нэг төлөөлөл нь та болж байна. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй л дээ ...

-Бичиг сурсан цагаасаа л аливаа бичиглэхийг хүсч, зорьсоор ирсэн мань мэт хүмүүсийн хувьд уран бүтээлийн ажил гэдэг өнөөдөр сонирхол гэхээсээ илүү ухамсартай үйлдэл болжээ. Тиймээс тууштай байх нь гарцаагүй биз. Хамгийн гол нь уран бүтээлч бүрийн туйлын зорилго бол мөнхийн бүтээл туурвих. Энэ л зарчмыг гол удирдлагаа болгон явах хэрэгтэй. Цаг үеийн, цаас орлого хөөцөлдсөн хийсвэрлэг зүйлтэй хөөцөлдөхөөрөө л урлаг бүтээлч хоёр устан мөхдөг юм шиг байгаа юм.

-Өнөөгийн нийгэмд ямар үзэгдэлтэй бүтээл хийвэл хүн илүү сонирхоно гэж бодож байна вэ. Ямар нэгэн өнцөг олж харсан л байгаа байх даа ...

-Хамгийн гол зарчим худлаа бичиж болохгүй гэдгийг л яс махандаа тултал ойлгосон доо. Бид өвөг дээдсийнхээ баялаг түүхээр бахархаж, өв уламжлалаа чадах чинээгээрээ сэргээн авч үлдэхийг хичээж байна. Энэ нь заримдаа худал хэлбэрдэх, хийрхэх, ихэрхэх томоохон шалтаг болж байна. Түүхэн сэдвийг мөлжинө гэдэг их ухаан шаардана. Энэ талаар маш их зүйл ярьж болох ч хожмын уран бүтээлүүдтэй минь танилцахад бэлээхэн цухалзаад ирнэ. Гол нь би юу өгүүлэх гээд байна гэхээр бид гурван сая хүнтэй жижигхэн орон. АНУ 300 сая хүнтэй том орон. Шавилхан биетэй хүн биеэ хөгжүүлж, бөх, бие хамгаалах урлагаар хичээллэх нь элбэг байдаг шиг бидний хувьд томоохон улсуудын соёлын нөлөө, явуулж буй бодлогод автчихгүй өв уламжлал, хэл соёлоо авч үлдэх нь л их чухал байна. Наад захын жишээ гэхэд л гадаад нэртэй реппер хийж буй олон залуус, тэдний дууны сэдэв, агуулга, нөлөөлөл нь Америкийн репперүүдийн шууд нөлөөлөлд байна. Би энд тэднийг буруутгаж байгаа юм биш. Манай боловсролын байгуулагын бодлогод нэг гажуудал байгааг ийм жижигхэн зүйлээс л харчих хэрэгтэйг л ойлгуулах гэж оролдож байна. Тэгэхээр бид нисдэг бөө, шаттаггүй бөө, домог ид шид үзүүлэгч хэмээн бичхээсээ илүүтэй XXI зуунд Монгол хүн байх, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгаад XX зууны эхээр хонь мэт номхон, хүн төрлөхтний соёл иргэншлээс хол хоцрогдож, сүүлийн 80 гаруй жил тэдэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд хэрхэн тэмцэж буй өнөөгийн Монгол Улсын иргэн байхын дотоодыг уудласан бүтээл үеийнхнээсээ нэхэх болно. Өөрөөсөө ч гэсэн. Эдгээр санааг цөөн үгээр базан хэлэхэд надад ярианы чадвар дутаж байгаа бололтой. Уран бүтээлээрээ харин өгүүлэх болно оо.

-Бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ. Мөн хэн гэдэг найруулагчтай дараагийн бүтээлдээ хамтарч ажиллахыг хүсч байна вэ?

-Өмнө нь санаа, сэдэв гэдэг зүйл гол нууранд загас шиг л намайг хүлээгээд хаа нэгтээ байна гэж боддог байлаа. Тиймээс дэгээгээ үүрээд л дэмий баахан тэнэсэн байдаг. Харин уран бүтээлийн санааг олдоггүй төрүүлдэг болохыг ухаарсан. Дараагийн уран бүтээлийн хувьд хэлэхэд эрт байна. Бас хэн гэдэг найруулагчтай хамтран ажиллана гэж хэлж чадахгүй. Ямартай ч Хөвсгөл аймагт өөрийн гэсэн хүүхдийн драмын театртай болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгая. Хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэлгээнд жаахан ч гэсэн нэмэр болох юмсан гэсэн санаа өвөрлөж байгаа гэх үү дээ.

-Тийм үү, баяр хүргэе. Хүүхдүүдтэй ажиллах, хүүхдийн уран бүтээл хийх, ер нь хүүхдийн ертөнцөөр аялах хэцүү гэж томчууд хэлж, халгах юм билээ. Харин та хэрхэн төсөөлж байна вэ?

-Би хүүхэдтэй харьцах, ажиллах талд харьцангуй туршлагатай шүү. Бид өнөөгийн хүүхдүүдэд “Улаан малгайт”, “Нугасны муухай дэгдээхий” гэсэн үлгэрийг үзүүлж, уншуулж тэднээс үлгэр дууриалал авхуулж, сайн хүн болгон төлөвшүүлнэ гэж л зүтгээд хуучин цаг шигээ үзэж муйхарлаад байдаг. Гэтэл тэдний цаг үе шаал өөр болчихсон. Хүүхдийн театр гэхээр нэг их амьтан, нэг их сургааль ухуулга явуулсан, амьтны хүрээлэн эсвэл сүм дуган шиг байхгүй. Манай театр зүгээр л тэдний төсөөлөл мөрөөдлийг биежүүлдэг газар байлгахын төлөө ажиллана. Гэхдээ энэ маань зөвхөн ярианы шатанд явна.

-“Сэтгэл хүрсэн газар бие хүрдэг” гэсэн сайхан үг бий. Биелэнэ гэдэгт итгэж байна аа. Гэхдээ уран бүтээлчдээ төр хайхрах талд тааруухан байгаа нь ажиглагддаг шүү ...

-Баярлалаа. Биелэх байх аа. Тийм, ээ та үнэн хэллээ. Төрийн зүгээс уран бүтээлчдийг дэмжих бодлого дутмаг байгаа нь надад ч ажиглагддаг. Бид чинь хүмүүс учраас урлагаар дамжуулж маш олон зүлийг мэдэрч, хүн ёсны гажуудлаа засч, сэлбэх ёстой.

-Та одоо орон нутагт амьдарч байна. Цэлгэр нутагтаа уран бүтээлээ туурвиж байсан Д.Нямсүрэн агснаас эхлээд олон найрагч байлаа. Гэхдээ зарим хүн орон нутагт "юм" хийх гэхээр өрсөлдөөн бага учир “зэврэх” тал байдаг гэх юм. Ийм байдал танд ажиглагддаг уу?

-Үгүй дээ. Өнөөдөр чинь сошиал ертөнц хэрхэн хөгжсөн билээ дээ. Дэргэд нь байгаа мэт мэдээллийг авч байна шүү дээ. Харин эсрэгээрээ орон нутагт амьдарна гэдэг нэгэн төрлийн давуу тал ч байж магадгүй.

-Ийм хариулт сонссон чинь нээрэй ч тийм юмуу гэж бодогдож байна шүү. Ядаж л элдэв зүйлээс нервитэхгүй байх талтай юм ...

-Тэгэлгүй яах вэ. Илүү эрх чөлөөтэй юм шиг л мэдрэмж төрдөг.

-Одоогоор та ямар ном уншиж байна вэ. Гэхдээ яруу найргийнх лав биш байх. Учир нь зохиол бичих ид "дон"-гийн шатандаа явна гэж ойлгоод л ...

-Яг одоо ОХУ-ын аугаа их найруулагч, театрын зүтгэлтэн Мейерхолдын намтрыг уншиж байна. Театрын талаар илүү их ойлголттой болохыг хичээж байна гэх үү дээ. Мөн түүхийн номнууд уншиж байна даа.

-Сүүлийн үед залуучууд ихэвчлэн гадаадын зохиол, намтар уншиж байна. Дотоодоос унших юм хомс байна уу эсвэл та нар тэднийг голоод байна уу?

-Мэдээж гадаадын уран зохиолыг маш сайн уншиж судлах хэрэгтэй. Гадаадын уран зохиол үнэ цэнэтэй, шилдэг санагдаж, уншигчдыг татаж байгаа нь гарцаагүй. Учир нь уран зохиолын орчуулга гэдэг нэгэнт л хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчийн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг орчуулдаг учраас. Бусдаар гадаадын зохиолч, зохиол болгон сайн биш л дээ. Адилхан манайх шиг л алдаа дутагдал, аар шаархан зүйлс бишгүй л бий гэдэг нь ойлгомжтой. Манайд сайн зохиолч, зохиол бий. Байсаар ч ирсэн, байх ч болно. Үеийнхээ болоод дээд үеийн шилдэг зохиолчдын шилмэл бүтээлийг уншилгүй яах вэ. Тэднээс суралцаж ч байна.

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилж, хувь хүн тал руугаа орьё. Таны үндсэн гарал дуу хуурын өлгий нутаг байх аа. Дундговиос хоймор нутагт суурших болсон шалтгаан юу байв. Нууц биш бол хэлж болох уу?

-Нуух зүйл байхгүй ээ. Эхнэр маань бие давхар болоод нутагтаа ажиллаж, амьдрах сонирхолтой байна гэхээр нь л хүсэлтийг нь хүндэтгэн үзээд Дундговьд ажиллаж байсан газартаа өргөдлөө өгөөд маргааш нь Хөвсгөлийн шууданд суугаад ирсэн. Тэгээд л болоо. Одоо хоёр хүүтэй, ам бүл дөрвүүлээ сайхан амьдарч байна.

-Хөвсгөлд зохиолч, яруу найрагч их байх юм уу. Тэдэнтэй үг сольж, ядахдаа хундага тулгах шалтгаан гарна биз дээ ...

-Энд авъяастай залуучууд их ээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч П.Майнбаяр, Б.Сарантуяа, “Алтан өд”-ийн шагналт Ц.Ганболд нарын зэрэг ах, эгч нартайгаа нөхөрлөөд л явдаг. Одоо бид уран бүтээлийн гэхээс илүү амьдралын сайн ах, дүүс болж дээ.

-Хэдхэн жилийн өмнө Дорнод аймагт болсон "Болор цом" наадамд хэдүүлээ хөөртэй, хөлтэй явж байлаа. Түүнээс ч өмнө бид хэн хэнээ тодорхой хэмжээгээр гадарлана. Өнөөгийн нийгэмд олон хүн мөн чанараа гээж, өнгө мөнгөнд шунах нь ихэсч. Харин би өөрийг чинь эрийн жудгаа алдаагүй яваа гэж боддог юм. Ялангуяа залуу үеийн найрагчид жил ирэх тусам хэн хэндээ урам өгч, төрсөн сайхан сэтгэгдлээ ил хэлж чадахаа байсан шиг байгаа юм. Харин та үүнд юу гэж хариулах вэ?

-Баярлалаа. Тийм, ээ. Ялангуяа яруу найраг хэмээх тэнгэрлэг дээд урлагийг мөнгө олох арга хэрэгслээ болгож байгаа зарим хүнийг хараад дур гутдагаа нуухгүй ээ. Шагналын төлөө үхэн хатан зууралдаж, өөрсдөө хөөцөлдөөд тэр шагналыг зүүдэг уран бүтээлчид байдгийг ч мэднэ. Тийм хүмүүсээс аль болох холхон байж, тэдний хир буртагт өртөлгүй амьдрахыг хүсдэг. Харин өөрийнхөө үеийн уран бүтээлчдийг өндрөөр үнэлж явдгаа би хаана ч явсан хэлдэг шүү. Манай үеийнхэн уран зохиол хэмээх энэ их урлагт хэдийнээ тус тусын байр сууриа олж эхэлж байна. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үг, орчуулга, кино гээд л бүхий л төрөлд бүтээн туурвиж байна. Цаашдаа хэд нь урлагтаа үнэнч үлдэх, хэд нь ухарч няцахыг хэлж мэдэхгүй ч хойч үеэ гэгээлгээр мэдэрч эхэлсний эхлэл нь манай үеийн авъяаслаг залуучуудаас эхлэлтэй шүү.

-Нэгэнт та жүжгийн зохиол руу эргэлт буцалтгүй оржээ. Үүнтэй нөхөрлөхийн хамгийн сайхан нь юу вэ?

-Жүжиг бол тухайн дүрүүдээр дамжуулж зохиолч өөрийн санаагаа илэрхийлж, шууд үзэгчдэд хүргэх боломжтой урлаг. Мөн тайзан дээр шууд тоглогддог учраас эхэлсэн л бол жүжигчин хүн алдах эрхгүй хатуу урлаг. Хүн төрлөхтний ууган урлагуудын нэг болохын хувьд тайзны яриа, амьдрал дээрх хар яриа хоёрын харьцаа заагийг ялгаж салгах ёстой. Энэ мэтчилэн жүжиг бичиж байх явцдаа уран бүтээлчийн хувьд байнга хөгжиж байдаг учраас би драмын урлагт хайртай.

-Анх жүжгийн зохиол бичиж байхад ямар санагдаж байсан бэ. Мөн зайлсхийдэг сэдэв юу вэ. Зарим зохиолч хагацлын сэдвийг “түлхдэг” гэсэн бол зарим нь +21-тэй сэдэв бичих сонирхолтой байдаг гэж дуулсан юм байна ...

-Сэдэв агуулгын хүрээнд баригдана гэдэг зохиолч хүний хувьд уналт байж болох. Надад тухайлсан болон тойрдог сэдэв байхгүй ээ.

-Зарим жүжигчин "Тэр найруулагчид л тоогдох юмсан" гэдэг шиг танд хэн нэгэн алдартай жүжигчинг зохиолынхоо гол дүрд сонгуулах юмсан гэсэн "шунал" байдаг уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Харин миний бичсэн зохиолоор дөрөөлж, алдартай жүжигчин, найруулагч л төрөөсэй гэж хүсдэг дээ.

-Ингэхэд та зөвхөн драмын жүжиг л бичих хүсэлтэй байна уу. Яваандаа кино зохиолд хүч үзэх үү?

-Хэд хэдэн кино зохиол бичиж үзсэн. Үнэндээ кино “хийгчид”-тэй үзэл санаа, урлагийг үзэх хандлага зөрчилдөх юм билээ. Тиймээс дахин захиалгын кино зохиол бичихгүй гэж бодож байгаа. Харин найзуудтайгаа хамтарч ганц нэг киноны талаар яриа хөөрөө өрнүүлсэн. Ойлголцдог, нэг хандлагатай уран бүтээлчидтэйгээ ажиллах нь илүү амар санагдсан.

-Яагаад зөрчилддөг гэж ...

-Кино маш өргөн, олон талтай урлаг. Харин манай дийлэнх киночид сэдвийн хувьд шууд хуулбарлах, үзэгчдэд ч гэсэн таалагдах л сэвдийг сонгодог. Тэр нь миний кино урлагийг үзэх хандлагатай зөрчилдсөн. Эерэг талаас нь харъя гэвэл манай киночид мөнгө муутай. Тиймээс ахиухан мөнгө олж болох кино л хийхийг зорьдог байх. Эсвэл надтай учирсан киночид нь тийм юм уу, сайн мэдэхгүй юм даа. Ямартай ч киночид маань сэдэв хайж юүтүб, интернэт ухсанаас ном их уншвал амжилтанд хүрнэ гэдгийг л баттай хэлж чадах байна.

-Ер нь танай гэр бүлд уран бүтээлч хүн бий юу?

-Манай өвөө хуучны үлгэр домог бичиж тэмдэглэж авдаг, өөрөө бас ч үгүй жаахан засч найруулаад хүмүүст ярьчихдаг хүн байсан гэсэн. Аав маань маш их мэдрэмтгий. ОХУ-ын сонгодог уран зохиол, дэлхийн сонгодог болон рок хөгжмийн арвин мэдлэг, цуглуулгатай хүн байлаа. Нэг ёсондоо аавын маань удамд бичгийн хүмүүс дээхнэ талдаа байсан юм билээ. Тэдний авъяас надад өвлөгдсөн байх. Манай хоёр ах ч гэсэн бичдэг л юм. Гэхдээ тэд бичсэнээ хэзээ ч олон нийтэд дэлгэхгүй байх л даа. Өөрсдийгөө надтай харьцуулаад авьяас мөхөс байна гээд их л голдог хүмүүс. (инээв,сурв)

-Ямартай ч нээлтэндээ оролцохоор нийслэлийг дахин зорин ирэх биз ээ. Тэр үед баяртайгаар уулзах ерөөл тальбиж, ярилцлагаа өндөрлье.

-Баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Элбэгтөгс: Манай үеийнхэн уран зохиол хэмээх энэ их урлагт хэдийнээ тус тусын байр сууриа олоод эхэлж байна  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Лхагвадорж [127.0.0.xxx] 2019-08-28 12:09
сайхан ярилцлага байна.

Бидэнтэй нэгдээрэй