Шууд Chart

Л.Хэрлэнтуул: МҮОНР-ийн “Алтан сан хөмрөгт”-т одоогоор 4279 цагийн 8385 ширхэг соронзон хальс бүхий бичлэг хадгалагдаж байна

2019-08-29 09:23:26

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ойн баярын өдөр ирэх есдүгээр сарын 1-нд тохионо. Үүнтэй холбогдуулж тус байгууллагын алтнаас үнэтэй хосгүй ховор бүтээлийг хадгалж байдаг “Алтан сан хөмрөг”-ийн талаар уншигчдадаа хүргэх нь сонирхолтой болов уу гэсэн үүднээс уг сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуултай ярилцлаа.

Тэрбээр МҮОНР-гийн босгоор 1988 онд анх алхаж, 21 жил инженер техникийн албанд техникчээс эхлээд ахлах инженер хүртэлх албыг хашиж байжээ. Харин 2010 оноос “Алтан сан хөмрөг”-ийн эрхлэгчээр ажиллаж буй гэнэ.

-МҮОНР-ийн 85 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Иймд танай байгууллагын “Алтан сан хөмрөг”-ийн талаарх ойлголтыг уншигчдадаа илүү дэлгэрэнгүй хүргэхийг чухалчиллаа. Гэхдээ юуны өмнө танд өндөр ойн баярын мэндийг хүргэе ...

-Баярлалаа. Монголын радиогийн сонсогчдоо ч энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын радиогийн 85, “Алтан сан хөмрөг”-ийн 65 жилийн ойн өдөр тун удахгүй болох гэж байна. Манай “Алтан сан хөмрөг”-ийн эхлэл 1954 онд радиогийн хөгжмийн ерөнхий редактороор дөнгөж томилогдон ирээд байсан Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны санаачлагаар үүссэн байдаг. “Алтан фонд”-ны анхны эрхлэгчээр Монголын радиогийн ууган нэвтрүүлэгч Л.Рагчаа гуай ажиллаж байсан юм.

-“Алтан сан хөмрөг”-ийн хадагламжийн нэгжийг хэд хувааж ангилдаг вэ?

-Гурав. Тодруулбал ховор, хосгүй ховор, нэн ховор гэж. Үүнд 4279 цагийн 8385 ширхэг соронзон хальс бүхий бичлэг хадгалагдаж байна.

-Тухайлбал, хэн хэн гэдэг алдартай хүний дуу хоолой, яриа хадгалаастай байгаа вэ?

-БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн 1951 онд тойргийн сонсогчидтой уулзаж хэлсэн үг. МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэнбал, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, дэлхийн анхны социалист хувьсгалын удирдагч В.И.Ленин, БНМАУ-ын баатар Лодонгийн Дандар, Дашийн Данзанваанчиг, Жадамбын Нэхийт, Чойны Дугаржав, Дүгэрийн Нянтайсүрэн, Шагдарын Гонгор, Цэндийн Олзвой зэрэг эх орончдын амьд дуу хоолой, тэдний тухай хийсэн нэвтрүүлэг хадгалагдаж байна.

-Тэгвэл урлаг соёлын алдартнуудаас ...

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, А.Очирбат, Д.Мэндбаяр, төрийн шагналт, гавьяат жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, У.Осор, З.Пүрэв, Б.Содном нарын зэрэг алдартныг нэрлэж болно. Түүнчлэн хадгаламжийн нэгжийг дурдвал Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын баатрууд, хөдөлмөрийн баатрууд, урлаг соёл, спортын алдартнууд, шинжлэх ухааны салбарын алдар гавьяатан, нэрт зүтгэлтнүүдийн амьд дуу хоолой болон дурсамж яриа. Ардын авъяастнуудын дуулж хөгжимдсөн язгуур урлагын тоглолтууд, Радиогийн үе үеийн уран бүтээлчдийн хийсэн хөрөг, найруулал, нийтлэл, дурсамж, дурдатгал, эвлүүлэг, зохиомж, ярилцлага, Монголын болон дэлхийн үлгэрүүд, Монголын ба гадаадын зохиолчдын бүтээлээр хийсэн өгүүллэг, тууж, Монгол Зөвлөлтийн хамтарсан сансарын нислэгийн үеийн бичлэг, гадаадын нэр алдартай хүмүүсийн дуу хоолой бий.

-Эдгээр тэнгэрийн орон руу хальсан зарим алдартны үр хүүхэд өвөө, эмээгийнхээ ярилцлага, хөрөг нэвтрүүлгийг танайхаас авахыг хүсвэл өгөх боломж байдаг уу?

-Байгаа. Тийм санал үе үе ирдэг. Гэхдээ байгууллагын дотоод журмын дагуу Монголын радиогийн захирал болон нэвтрүүлгийн хэлтсийн даргын зөвшөөрлөөр олгож болно. 

-Мөн хадгаламжийн нэгжүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах өөрөөр хэлбэл тоон системд шилжүүлэх ажил хийгдсэн байдаг. Энэ талаар танилцуулна уу?

-2010 оноос энэ ажил эрчимтэй хийгдэж, 60 орчим хувь нь тоон системд ороод байна. Энэ ажлыг ИТА-тай хамтран хийж байгаа бөгөөд инженер М.Мандахнар, П.Золзаяа, Я.Сэлэнгэ нар “Алтан сан хөмрөг”-ийн соронзон хальсыг аналог аппаратнаас сэргээн хуулж, сүлжээнд байршуулах ажлыг голлон хийж гүйцэтгэж байна. 

-Өөр нэг том ажил бол уг сан хөмрөгт хадгалагдаж байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Ингэхийн тулд хэдий хэрийн хугацааг зарцуулсан бэ?

-Тийм. 2014 оны намар буюу аравдугаар сараас эхлэн Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл, шинжээч Б.Тунгалаг, Л.Нямдулам нартай 18 сарын турш хамтран ажилласан. Энэ ажлын хүрээнд МҮОНР-ийн талаас захиралаар ажиллаж байсан одоогийн нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан, урлаг соёлын редакцийн хариуцлагатай редактороор ажиллаж байсан П.Нямлхагва, сан хөмрөгч Т.Шашиймаа, миний бие хамтран ажлын хэсэгт томилогдон ажилласан. Улмаар “Алтан сан хөмрөг”-ийн 1950-2015 он хүртэлх бүтээл болох нийт 60 хавтас буюу 7868 хуудас бүхий хадгаламжийн нэгжийн өгөгдлийг бэлтгэн Оюуны өмчийн газарт хүлээлгэн өгсөн. Ингэснээр ажлынхаа үр шим болсон Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг дэлхийн оюуны өмчийн өдөр буюу 2016 оны тавдугаар сарын 26-нд Монгол Улсын оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатаас гардан авсан. Ийнхүү бид МҮОНР-гийн “Алтан сан хөмрөг”-ийн бүтээлүүдийг оюуны өмчөөр баталгаажуулсандаа бахархдаг.

-“Алтан сан хөмрөг”-т дуу хоолой нь болон бүтээлүүд нь хадгалагдаж байгаа урлаг соёл спорт, улс төрийн алдартнуудад батламж гардуулах ёслол болж, “Алтан гэрэг” гардуулсан байдаг юм билээ. Чухам хэн хэнд олгосон бэ?

-2012 онд таны хэлж буй арга хэмжээ болсон юм. Зорилго нь “Алтан сан хөмрөг”-ийг сурталчилах “Радио өдөрлөг” болж байлаа. Тэгэхэд Монгол Улсын сансарын анхны нисгэгч, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, хөдөлмөрийн баатар Н.Намжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Б.Цэдэндамба, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Монголын шашины зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян (буур), гавьяат багш, дипломатич, хэл шинжээч, зохиолч, профессор Д.Цэвэгмид, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, уртын дуучин Н.Норовбанзад, төрийн шагналт, Монголч эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор, зохиолч, орчуулагч Б.Ринчен нарт олгосон. Зарим нь тэнгэрийн оронд заларсан байгаа тул үр хүүхдүүдэд нь төлөөлөл болгож гардуулж байлаа. Энэ бол тэдний үеийн үед хадгалагдах үнэт өв, өвгөд дээдсээрээ бахархах үзлийг төрүүлэх арга хэмжээ гэж би үздэг.

-Таны яриаг сонсож байхад эдгээр хүмүүсийг мэнд ахуйд нь бичлэг болгон хадгалсан нь “Алтан сан хөмрөг”-ийн утга учир гэж бодож сууна ...

-Тэгэлгүй яах вэ. Манай радиог үргэлж сонсдог хүмүүс андахгүй дээ. Бид өдөр бүр радиогоороо дамжуулж “Алтан сан хөмрөг”-өөсөө Монголын болон дэлхийн үлгэрүүд, Монголын ба гадаадын зохиолчдын бүтээлийг хүргэж байна. 1988 онд манай радио, телевизийн төв ашиглалтанд орсон. Тоног төхөөрөмжүүд нь Унгар, ХБНГУ-аас оруулж ирсэн байсан. Харин соронзон хальсны хувьд ихэвчлэн ХБНГУ-аас авч байсан бол сүүлд БНХАУ-аас авдаг болсон. Өмнө нь манайх сурвалжлагчийнхаа хэн нэгэнтэй хийсэн ярилцлагыг соронзон хальсандаа буулгана. Тэгэхдээ тэрхүү ярилцлага өгч байгаа хүн нь ханиах, найтаах зэрэг элдэв дуу чимээ орсон байвал соронзон хальсаа хайчилж хасаад боломжтой гэсэн хэсгийг скочоор нааж холбодог байлаа. Харин одоо бүр сайхан болчихсон. Тодруулбал тухайн сурвалжлагчийнхаа ярилцлагыг хийсэн дуу хураагуурыг компютер руугаа холбоод тэндээ мэргэжлийн програм ашиглан монтажаа хийдэг болсон. 

"Алтан сан хөмрөг" хоёр хүний орон тоотой ажилладаг. Эрхлэгч Л.Хэрлэнтуул, сан хөмрөгч Т.Шашиймаагийн хамт. 

-“Алтан сан хөмрөг”-т орох бүтээл хэрхэн сонгогддог вэ?

-Радиогоор тухайн сард цацагдсан бүх мэдээ, сурвалжилга, хөрөг, нэвтрүүлэг зэргийг нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүд сонсож, “Алтан сан хөмрөг”-т оруулах шаардлагатайг нь л авдаг.

-Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа ...

-Таны болон танай сайтын хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсэе. Ярилцлагынхаа төгсгөлд манай радиогийн ахмад сэтгүүлч, зохиолч М.Чойжилын 2004 онд бичсэн “Чихнээ сонсголонт радио” хэмээх номонд багтсан “Хүний ой ухаан хичнээн сайн байлаа ч он цагийн эрхшээлээр аяндаа элэгдэж хэлсэн, хийснээ мартах нь бий. Харин түүх өнгөрснийг сануулж өгүүлэхдээ хэрэгтэй чухал зүйлээ мартдаггүй. Энэ бүхэн судар шастирийн хуудаснаа шингэн үлддэг. Үүнээс гадна ганцхан агшин мэт өнгөрөх хүний амьдрах хугацааг мөнхийн агшин болгон хувиргаж, амьдралын тасралтгүй урсгалыг дуу чимээ, хэл яриа, ая эгшигтэй нь хором ч атугай саатуулан, ахархан ч атугай хальснаа хураан авч үлдээдэг арга ухаан юутай гайхамшигтай! Энэ бол уншдаг ном судар биш, ярьдаг бас сонсгодог ном судар юм. Энэ бол амьд түүх радиогийн “Алтан сан хөмрөг” мөн билээ” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлье. Мөн МҮОНР-гоор овоглосон үе үеийн уран бүтээлч, найруулагч, нэвтрүүлэгч, инженер техникийн хамт олон болон бусад ажилчиддаа түүхт 85 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил амьдралын улам их амжилт хүсэе.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Хэрлэнтуул: МҮОНР-ийн “Алтан сан хөмрөгт”-т одоогоор 4279 цагийн 8385 ширхэг соронзон хальс бүхий бичлэг хадгалагдаж байна  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй