Шууд Chart

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ

2019-09-08 08:35:46

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы энэ сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэлж,  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахын зэрэгцээ АН-ын зөвлөлөөс өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг хуралдаанд оролцохыг урьсан. 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын  нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн санал болох төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах саналыг дэмжигдсэн гэж үзлээ.

Түүнчлэн Г.Тэмүүлэн гишүүнээс төслийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжсэнгүй.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан саналыг хэлэлцэв. Тэрбээр, өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал гарна.

Өмнө нь Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэсэн заалт дэмжигдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно  гэсэн санал гаргалаа. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайд томилогдохгүй удах болно. Иймд “шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн” саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдсэн хэмээн саналаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжив. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, С.Бямбацогт нар дэмжсэн, дэмжээгүй  байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь  дэмжив.

УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нараас билгийн тооллын гэдгийг тодруулж бичихгүйгээр өөрчлөх санал гаргасан тул уг заалтын найруулгыг хянан үзэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийнхэнд чиглэл болголоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй