Шууд Chart

Сергей Митрокинийг ялалт байгуулахад цэргүүдийн санал нөлөөлсөн гэж мэдээлэв

2019-09-11 16:47:05

Москва мужийн парламентын сонгуульд сөрөг хүчний нэг нэр дэвшигч ялалт байгуулахад цэргүүдийн санал нөлөөлсөн гэх мэдээллийг барууны хэвлэлүүд нийтэлж байна.

Энэ удаагийн сонгуульд Кремлийн бодлого үйл ажиллагааг эсэргүүцдэг сөрөг хүчний нэг нэр дэвшигч ялалт байгуулж, Москвагийн парламентын гишүүнээр сонгогдсон байна. Энэ талаар барууны хэвлэлүүдэд, цэргүүдийг олноор нь санал өгүүлдэг өмнөх жишиг үйлчилсэн нь "Яблоко" намаас нэр дэвшигч Сергей Митрокин сонгуульд ялалт байгуулахад хувь нэмэр оруулсан гэж сонгуулийн мэдээ харуулж байна гэж бичжээ.

Учир нь сонгуульд нэр дэвших боломжоо алдах дээрээ тулж байсан нэр дэвшигч Митрокин Москвад байдаг Батлан хамгаалах яамны төв байрны ойролцоох санал хураах 4 цэгээс хоёрт нь ялалт байгуулжээ. Оросын амьжиргааны түвшин унасан нь цэргийн салбарынханд нөлөөлж, сөрөг хүчний улс төрчийг дэмжихэд хүргэсэн байж магадгүй гэсэн таамаг байгааг мөн барууны хэвлэлүүд мэдээлсэн байна.

Гэхдээ "Яблоко" намын гишүүн бөгөөд гудамжны цуглааны идэвхтэй оролцогч түүнд цэргийн албан хаагчдын санал тэгтлээ хүчтэй нөлөөлөөгүй. Митрокин Батлан хамгаалах яамны ойролцоо байдаг 9 дүгээр санал авах цэгт ердөө 577 саналаар бусад нэр дэвшичдийн ард жагссан гэж мөн мэдээлжээ.

Гэсэн ч нийт дүнгээрээ Сергей Митрокин Москвад 50 гаруй хувийн дэмжлэг авч мужийн хууль тогтоогч болоод байна. Харин эрх баригч Нэгдсэн Орос нам Москва мужийн сонгуульд нэр дэвшигчдээ бие даагч хэмээн бүртгүүлсэн гэж хэвлэлүүд бичиж байсан. Харин сүүлд авсан мэдээллээр эрх баригчид нийт суудлынхаа гуравны нэгийг алджээ. Гэхдээ өмнөхийн адил дийлэнх олонхийн байр сууриа хадгалж үлдээд байна.

Оросын сонгуулийн тогтолцоогоор цэргүүд болон тэдний гэр бүлийнхэн Москвагаас өөр газарт амьдардгаас үл хамааран Москва дахь Батлан хамгаалах яамны ойролцоо байгуулсан цэгүүдэд санал өгч болдог. Өмнөх сонгуулиудад цэргүүдийн санал Кремлийн талаас нэр дэвшсэн улс төрчдийг ялалт байгуулахад нэмэр болдог байсан гэж барууны хэвлэлүүд бичжээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Сергей Митрокинийг ялалт байгуулахад цэргүүдийн санал нөлөөлсөн гэж мэдээлэв   
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй