Шууд Chart

Эдуард Сноуден: “Хувийн хэрэг” маань дэлхийн хамгийн их борлуулалттай ном боллоо

2019-09-18 16:18:05

АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдуард Сноудены дурсамж ном хэвлэгдсэний дараахан АНУ-ын засаг захиргаанаас түүнийг АНУ-ын тусгай албадад ажиллах үедээ нууцыг чандлан хадгалахаар байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж шүүхэд өгсөн билээ. Тэгвэл АНУ-ын засаг захиргааны энэ үйлдэл түүний номыг дэлхий дахинаа хамгийн их борлуулалттай бүтээл болгосон гэж мэдэгдлээ.

Эдуард Сноуден “АНУ-ын Засгийн газар миний дурсамж шинэ номыг хэвлэлтээс татах зорилгоор шүүхэд өгснөөс хойш хэдхэн цагийн дотор “Хувийн хэрэг” маань дэлхийн хамгийн их борлуулалттай ном боллоо. Уг нь энэ номыг Засгийн газар уншигчдын гарт хүргэхийг хүсээгүй” гэж “твиттер” хуудсандаа тэмдэглээд номыг нь “Сайн ном зардаг” бүхий л газраас худалдан авч болно гэсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яам Сноуденыг “Хувийн хэрэг” гэх дурсамж номтой нь холбогдуулан Виржиния мужийн Зүүн тойргийн шүүхэд өгсөн юм. Түүнийг өмнө нь байгуулсан гэрээнийхээ дагуу номоо хэвлүүлэхээс өмнө тусгай албадын төлөөлөгчдөөр батлуулах ёстой байсан боловч зөрчсөн гэж буруутгажээ.

Түүнчлэн Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтныг нийтийн өмнө үг хэлэхдээ тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой сэдвийг хөндөж, чандлан нууцлах гэрээгээ зөрчсөн гэсэн байна. Шүүхэд гаргасан энэ нэхэмжлэл нь Сноуденд өмнө нь үүсгэсэн нууц мэдээллийг тараасан хэрэгтэй шууд холбоогүй гэж онцлон тэмдэглэжээ.

Эдуард Сноуден мягмар гарагт дурсамж номоо хэвлүүлсэнтэй холбогдуулан теле бага хурал хийсэн. Энэ үеэрээ төрийн нууцыг хадгалах уу, эсвэл Үндсэн хуулийн зарчмаа дагах уу гэдгээ сонгохоос өөр аргагүй болсон гэжээ. Түүний хэлснээр Засгийн газар нь Үндсэн хуулиа зөрчиж байхад нууц мэдээллийг задруулахгүй байх гэрээгээ дагах уу гэдэгт маш их зөрчилдсөн гэнэ.

Сноуден 2013 онд Америкийн тусгай албадын цахим мөрдлөгийн арга замууд, тэр дундаа гадаадын удирдагчдын яриа хэлэлцээрийг хууль бусаар тагнаж чагнадаг талаарх мэдээллийг нийтэд цацсан билээ. Ингээд АНУ-ын засаг захиргаанаас өөрийг нь мөрдөж шалгахаас айж, хэд хэдэн улсад орогнол хүссэнээр ОХУ-д амьдрах эрх авсан юм.

АНУ Эдуард Сноуденыг Тагнуулын тухай хуулийн хоёр зүйлийг зөрчсөн гээд тус бүрт нь 10 жил хорих ял оноохоор төлөвлөжээ. АНУ-ын засаг захиргаа түүнийг "урвагч" гээд Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсных нь төлөө өршөөл үзүүлэхгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Эдуард Сноуден: “Хувийн хэрэг” маань дэлхийн хамгийн их борлуулалттай ном боллоо  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй