Шууд Chart

МҮОНРТ-ийн “Талийгаачдаа хайсан монголчууд” нэвтрүүлэг “цахиур хагаллаа”

2019-09-20 11:31:17

Дөрөв дэх засаглалыг мөс зүсэгчтэй зүйрлэвэл ир нь яахын аргагүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй. Энэ ир мохож, шантрахгүй үнэний “луужин” болж гэмээнэ сэтгүүл зүйн салбарынхан “хөлдөж, хатуу төлөвт орсон” элдэв асуудал, бузар булхайг илрүүлж, бут цохидог билээ.

Тэгвэл Эл арга хэмжээнд сэтгүүл зүйн салбарын “туг” болсон эрхмүүд болон сэтгүүлч болон сурвалжлагч нар оролцов.

Ёслолын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэргүүн эгнээнд явдаг сэтгүүлчдийн төлөөлөл буюу “Цахиур-2017” уралдааны шилдэг бүтээлийн эзэн У.Болортуяа, “Цахиур-2018,” уралдааны шилдэг бүтээлийн эзэн Х.Уянга, ikon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн продюсер Л.Мөнхбаясгалан болон Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан нар “Үнэн мөхөсдөх эрин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй” панел хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага солилцлоо.

Х.Уянга: Хамрын хийд орчимд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан компанийн үйл ажиллагааг зогсоосон

Ийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Цахиур-2019” уралдааны дүнг зарлахад “Өнөөдөр” сонин сэтгүүлч Х.Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харийнхан хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл шилдгээр шалгарлаа. Тэрбээр шагналаа гардах үеэрээ “Энэ цуврал нийтлэлээ бичихдээ найман сарын хугацаа зарцуулснаас гадна олон бэрхшээлтэй тулгарсан. Буруутай үйл ажиллагаа явуулсан алт олборлогч компанийнхан та нар ташаа мэдээлэл түгээж байна хэмээн манай сонины редакцад хандсан. Манай удирдлага сэтгүүлчдээ итгэсэн учраас нийтлэлээ үргэлжлүүлж бичихийг зөвшөөрсөн болов уу. Үүний үр дүнд Дорноговь аймгийн Хамрын хийд орчимд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо” гэв. Сэтгүүлч Х.Уянга өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Цахиур-2018” уралдаанд “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” нийтлэлээрээ тэргүүлсэн бөгөөд ийн хоёр дахь жилдээ “цахиур хагаллаа”. Харин дэд байрын шагналыг МҮОНРТ-ийн “Баримт” эрэн сурвалжлах редакцын “Талийгаачдаа хайсан монголчууд”, удаах байрт “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Отгоны “Хятадын Дун-Юан компанийнхан хууль бусаар дөрвөн жил олборлолт явуулжээ” цуврал нэвтрүүлэг хүртэв.

Г.Батзаяа: Нийслэлийн газар нутагт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам гаргахаар болсон

Энэ үеэр МҮОНРТ-ийн “Баримт” эрэн сурвалжлах редакцын редактор Г.Батзаяа “МҮОНРТ энэ жил дэргэдээ эрэн сурвалжлах редакц байгуулсан. Энэ ажлын үр дүн гарлаа гэж харж байна. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууддаа маш их баярлалаа. Манай “Баримт” эрэн сурвалжлах редакц дээрх цуврал нэвтрүүлгээрээ талийгаач нарт хүндэтгэлгүй хандахаас гадна газрыг бизнес болгочихсон асуудлыг хөндсөн. Нийслэлд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд хоорондоо өрсөлддөг, газраа булаалддаг нөхцөл байдал үүсчихсэн байна. Талийгаачдаа хайсан монголчууд”  цуврал нэвтрүүлгийн үр дүнд холбогдох байгууллагаас Нийслэлийн газар нутагт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам гаргахаар болсон. Өмнө нь энэ төрлийн журам огт байгаагүй. Мөн УИХ-ын зарим гишүүн энэ асуудлыг зохицуулах хууль санаачлах гэж байна” гэлээ.

Ч.Базар: Олон нийт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэгдсэн ойлголттой болсон

Энэ жилийн уралдаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 30 гаруй бүтээл ирсэн аж. Тэдгээр бүтээлийг шүүгчдийн баг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар “Цахиур-2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдааны шүүгч, сэтгүүл зүйн доктор Ч.Базараас тодрууллаа. Тэрбээр “Миний хувьд хоёр дахь жилдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Шуудхан хэлэхэд энэ жил ирсэн бүтээлийн тоо багассан байна. Мөн чанар жаахан доошилсон юм уу даа гэж харагдсан. Үүнийг хоёр шалтгаантай гэж харж байгаа. Нэгдүгээрт, олон жил яригдаж буй хууль, эрх зүйн орчны байдал нөлөөлсөн байх. Нөгөө талаасаа сэтгүүлчийн айдас, эр зоригтой холбоотой.

Энэ жил ирсэн бүтээлүүд сэдвийн хувьд өргөн хүрээтэй болжээ. Өнгөрсөн жил уул уурхай, байгаль орчны асуудлыг тойрсон сэдэвтэй бүтээл маш их ирсэн. Энэ жил сэтгүүлчид нийгэмд буй эмзэг асуудлыг эрэн сурвалжилсан байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тогтсон шалгуур үзүүлэлтүүд бий. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг тэдгээр шалгуураар авч үзэхэд сэтгүүлч аливаа асуудлыг барьж авч, сэжиг таамаг үүсгээд судалгаа явуулж аман болон бусад эх сурвалжтай уулзахдаа, олон баримт дундаас өөрийн таамаглалыг нотлох явцдаа өөр баримт руу үсрэх, нотолж чадахгүй дуусгах учир дутагдал байна. Нэг ололттой тал нь юу вэ гэвэл олон нийт эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу вэ гэсэн нэг ойлголттой болсон байна. Түүнчлэн МҮОНРТ, Дойче Велле академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран гадны оронд олгодогтой адил эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг үнэлдэг, шагнадаг болсон нь маш сайн жишиг” гэсэн юм.















































































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн “Талийгаачдаа хайсан монголчууд” нэвтрүүлэг “цахиур хагаллаа”  
Үзсэн: 11088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
60тэрбу [127.0.0.xxx] 2019-09-27 15:48
минж энхболдын хүн

Бидэнтэй нэгдээрэй