Шууд Chart

Хөнгөний дэлхийн аваргын тойм, ес дэх өдөр

2019-10-07 09:28:09

Бөөрөнцөг, эр

Дөрвөн тамирчны дунд гал гарах болов. Чансааны эхэнд яваа Шинэ Зеландын Томас Валш дэлхийн аваргын хэргэмээ хамгаалахаар иржээ. Риогийн олимпоос тэр хүрэл зулгааж байлаа. Дэлхийн чансаанд удаалж буй Бразилын Дарлан Романигийн энэ улирлын амжилт бузгай байгаа. Том тэмцээнээс медал зулгааж чадахгүй яваа тэр энэ удаад юм дуулгах ч юм билүү.

Чансааны гуравт яваа, олимпийн аварга, Америкийн Райан Краусер дэлхийгээс медалын оосор атгаж үзээгүй л яваа. Энэ улирал тийм ч сайнгүй байж чансаанд нэлээн хойгуурхан бичигдэж байгаа хэдий ч Америкийн Жоэ Ковачсийг тооцооны гадна үлдээж хэрхэвч болохгүй. Риогийн олимпоос мөнгө, Бээжингийн дэлхийн аваргаас алт, Лондонгийн дэлхийн аваргаас мөнгө хүртсэн бэрх амьтан байхгүй юу. За ингээд эхэллээ дээ.

Валш аймаар юмоо. Шууд л 22,90м түлхэж энэ улирлын бест амжилтаа гаргачлаа. Араас нь Краусер 22,36 тэгээд Романи 21,61. Ковачс байхгүй ээ, 21 ч хүргэж чадсангүй.

Хоёр дахь оролдогодоо Романи 22,53 хүргэж мөнгөн медалийн байранд бичигдээд эхлэв. Краусер дөрөв дэх түлхэлтээрээ 22,71 болгож түүнээс байраа буцааж авсан. Валш харин энэ үед 3 дараалан улаан дарцаг өргүүлэв. Ковачс 21 метрийн босго давсан ч 22 хүргэж чадахгүй явсаар л.

Сүүлийн шидэлтийг драма гэхгүй бол өөр юуг драма гэхийн бэ. Валш Романи хоёр улаан дарцаг. Краусер 22,90. Тэгэхээр өмнө нь 22,71 шидсэнээрээ тэр Валшийн өмнө гишгэж алт авах ёстой. Гэтэл үгүй юм аа. Мөнөөх хөгшин цэрэг Ковачс чинь 22,91 хусцаан. Ингээд тэр дэлхийн хошой аварга болов. Романигийн том медал авах мөрөөдөл будаа. Ирэх жилийн Токиогийн олимп хүртэл хүлээж болж дээ.

Гурвын харайлт, эм

Дэлхийн чансааг тэргүүлж буй, Риогийн олимпийн мөнгө, Лондонгийн дэлхийн аваргын алтан медалт, Венесуэлийн Юлимар Рохас хамгийн том фаворит. Түүний гол өрсөлдөгч нь Колумбын Катэринэ Ибаргуэн. Риогийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөтэй тэр сүүлийн гурван дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль аваад явж байгаа. Энэ удаад хэрхэх бол.

Колумб бүсгүйгийн олон жилийн өрсөлдөгч Украины Олха Саладуха бас шаггүй өрсөлдөгч хэвээр. Найман жилийн өмнө Тэгуд аваргалж байсан тэрбээр Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж байлаа. Харин чансааны хоёрт яваа Ямайкийн Шаниэка Рикеттсийг сайн мэдэхгүй юм.

Эхний үсрэлтээрээ л Рохас тэргүүлээд эхлэв. 14,87 м харайж араас нь 6 см дутуу Рикеттс дагаж эхэлсэн. Рохас хоёр дахь үсрэлт дээрээ 15,37м харайсан нь асуудлыг шийдсэн дээ. Өөр хэн ч дөхөх нь бүү хэл 15-ын босгыг давсангүй. Рохасыг харах бүрт л Родманы толгой санаанд ордийн кк. Бас тэр америк бүсгүй яг зогдор ихтэй банхар мэт. Гүйх тоолонд үс нь овойгоод сүртэй гэж.

Рикеттс 14,92 метр, Ибаргуэн 14,73 харайснаар мөнгө хүрэл медалын эзэд болцгоов.

1500 м, эм

Риогийн олимп, Лондонгийн дэлхийн аварга Кенийн Фэйт Кипегон алдар суугаараа бол аварга нь. Гэхдээ чансаанд түүний өмнө хэдхэн хоногийн өмнө 10 мянган метрт аваргалсан Холландын Сифан Хассан бий. Чансааг нь бодсон ч чансааны гуравт яваа Этиофын Гудаф Цэгэй энэ гурвын дунд л гол өрсөлдөөн өрсөлдөх учиртай.

5000 м, эм

Жаахан амтгүй уралдаан болов. Чансааны тэргүүн байрт яваа Хассан 1500м-ийг сонгосон тул толгойгүй уралдаан гэмээр. Оролцогчид нь ч сул. Ганц гялайх нь Риогийн олимпийн мөнгөн медалтай Лондонгийн дэлхийн аварга, Кенийн Хэллен Обири.

Тэр аваргаа ч авав. Гэхдээ дэлхийн аваргын тэмцээний рекод хийцэн шүү. Дахин нэг дэлхийн аваргын хэргэм нэмж дуудагдана гэхээр сүр хүчин төгс болж бн даа.

Түүний нутаг нэгт Маргарет Чэлимо Кипкембой мөнгө авсан. Германы Констанцэ Клостерхалфен хүрэл дээр очиж чадсан. Хассан болон олон сайн тамирчдын эзгүйд медал зулгааж чадсан азтай нөхөр. Гэхдээ зөндөө хар гүйгчдийг дийлж чадсан шүү.

100м буухиа, эм

Сэтгэл гижигдсэн уралдаан байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдийн хамгийн даруухан уралдаан болж байх шиг. Топ таван улсын 20 тамирчинг толгой дараалан шахуу мэддэг байсан бол энэ удаад маш олон шинэ залуус орж ирж. Аргагүй үе солигдож байх шиг ээ. Ямайк хөгшин Шелли-Анн дээрээ тулгуурлаад шинэ баг босгож. Гэхдээ хүний нөөц хангалтгүй байгаа болтой. 400м-ээс Шэрика Жэксонг татан оруулж.

Америк гэсэн хоёр жилийн өмнө буухиад орон түрүүлж байсан Моролэйк Акиносунаас бусад нь бүгд шинэков. Хэзээ ийм байлаа. Феликс, Жэтер, Буий, Гарднер, Бартолетта гээл томчуудын нэрс дурайж байдаг сан.

Харин Английн баг тун давгүй харагдаж байлаа. Дандаа л том тэмцээний утаа үнэрлэж үзсэн тамирчид. Дэлхийн чансааг тэргүүлж буй Ашер-Смит эгнээнд нь бий гэхээр бүр ч хүчирхэг.

Уяачид ярьдаг даа. Хэчнээн сайн уяа сойлго таарсан ч хөлийн хурд байхгүй адууг яалтай билээ гэж. Тэрэн шиг л уралдаан эхэлсэн чинь томчууд нь аргагүй ялгарав. Хоёроор гүйсэн Шелли-Анн, Ашер-Смит хоёр багаа шууд л тэргүүлэгч эгнээнд авчрав.Гэхдээ төгсгөлийг нь Шерика Жэксон аймаар хийчлээ. Том нэрнүүд том л байдаг юм бн. Америк сүүлийн солион дээрээ буухиагаа гардуулах гэж хэсэг цаг алдсаныг ашиглаад англичууд хэсэг тасарсан эрчээрээ явсаар мөнгө дээр буусан.

100м, эр

Болт байхгүй дэлхийн аварга гэхээр сэтгэлд нэг л юм дутуу мэт. Болт, Пауэлл, Блэйк гээл сүрдэм нэрнүүдтэй Ямайк байдаг байлаа. Энэ удаад финалын найман баг дунд тэдний нэр байсангүй ээ.

Түрүүлэх баг нь угаасаа л Америк бн доо. Коулмэн, Гатлин, Лайлес гурав дээр нэмээд буухиагийн арвин туршлагатай Рожерс. Англи харин тун дажгүй баг бүрдүүлсэн байлаа. Жэмили, Хьюс нарыг хөнгөний фэнүүд мэднэ. Митчелл-Блэйк бууиаг яаж уралддагийг мэднэ. Лондонгийн аварга хүн шүү.

Азиас 2 төлөөлөл орсон нь тун содон байлаа. Ингээд уралдаан эхлэв.

Коулмэн Гатлин хоёр багаа овоо хөтөлсөн. Англи гэхдээ эхний солион дээр буухиа дамжуулахдаа жаахан удчихаагүй бол Америкт зовлон болох байсан бх даа.

Лайлес хол тасархай харайж явна. Нэг харсан ард нь Японы өмсгөлтэй том хар нөхөр пижигнэтэл харайж явах юм. Тэгсэн гана аавтай, япон ээжтэй нөхөр санж. Бариан дээр ирээд Митчелл-Блэйк туршлагаараа аваад буусан л даа. Гэхдээ Азичууд хүрэл авна гэдэг мундаг шүү.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөнгөний дэлхийн аваргын тойм, ес дэх өдөр  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй