Шууд Chart

Л.Хасар: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж, нэг сайхан тоглолт зохион байгуулна

2019-10-09 10:22:42

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Хасараас цөөн асуултанд тодруулга авлаа. Тэрбээр маргааш тохиох “Дэлхийн хараагүй иргэдэд зориулсан өдөр”-ийг тохиолдуулж, нэгэн сайхан тоглолт зохион байгуулалцаж байгаа юм байна.

-Таныг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоглолтыг зохион байгуулалцаж байна гэж сонслоо. Хэзээ болох вэ?

-Маргааш буюу аравдугаар сарын 10-нд МҮЭСТ-д 14:00 цагт болно. Энэ өдрийг дэлхий дахинаа “Дэлхийн хараагүй иргэдэд зориулсан өдөр буюу World Blind day” гэж тэмдэглэдэг. Уг тоглолт Монголд анх удаа болох гэж байна. Анхны юм болохоор алдаа, оноотой зүй их гарна байх аа. Гэхдээ цаашид жил бүр уламжлал болон явагдаасай гэж хүсч байна. Мөн үзэхийг хүссэн хэнд ч үнэ төлбөргүй үйлчилнэ.  

-Ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Яруу найраг, дуу хослосон тоглолт болно. Тодруулбал, яруу найрагчдаас Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Ш.Дулмаа, төрийн шагналт Д.Төрбат, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Д.Урианхай, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа, яруу найрагч П.Нямлхагва, О.Цэнд-Аюуш, Ж.Батнов нар. Харин дуучдаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул, дуучин Д.Намсрайноров, Н.Дашдэмбэрэл, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Я.Гэрэлчулуун, Х.Батболд, Б.Чанцалдулам,  Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл нар оролцож, хамгийн шилдэг дуу, шүлгээ өргөн барина.

-Энэ тоглолтын зорилго юу вэ?

-Харааны бэрхшээлтэй байна гэдэг ямар их хэцүү вэ гэдгийг тэд бидэнд маш сайн ойлгуулсан. Иймд тэдгээр иргэдийг нэг өдөр ч болтугай яруу найрагтай, дуутай өнгөрүүлэх гэсэн юм. Тэд чихээрээ биш сэтгэлээрээ илүү сонсох байх.

-Дүүрэг, хорооны удирдлагууд харааны бэрхшээлтэй иргэддээ урилга хүргүүлж байна уу?

-Тийм. Гар дээр нь очоогүй өөр харааны бэрхшээлтэй иргэд ч хүрэлцэн ирвэл бид хүлээн авахад бэлэн байгаа.

-Таны хувьд ямар үүрэг оролцоотой байгаа вэ?

-Уран бүтээлчдээ олох, хамтран ажиллах сайхан сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэх талд ажиллаж байгаа. Ерөнхий зохион байгуулагчаар “World Plus International” ХХК-ийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр найз маань ажиллаж байгаа.

-Тантай уулзсаных асуухад саяхан та аавынхаа эхлүүлээд орхисон яруу найргийн “Морин зэрэглээ” номыг гүйцэдүүлж, нээлтийг нь сайхан зохион байгуулсан. Мөн залуу яруу найрагчдад зориулсан судалгааны боть гаргахаар төлөвлөж байгаа юм билээ. Одоогоор ямар шатандаа яваа вэ?

-10 гаруй боть гарна. Тэгэхээр нэлээн удахаар байна. Яаруу, сандруу юм хийж болохгүй. Хамгийн гол нь бүтээл болж үлдэх учиртай юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Хасар: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж, нэг сайхан тоглолт зохион байгуулна   
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй