Шууд Chart

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-10-09 15:46:11

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ.


Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй