Шууд Chart

"Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2019-10-10 06:41:29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай  тогтоол батална.

Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно” хэмээн заасан байдаг. Монгол УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдаг байна. Хэлэлцэж буй асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна.

Тиймээс Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс дээрх хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах саналыг тэрбээр танилцуулсан. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг хүсэлтийнх нь дагуу дэд хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг оруулах саналаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


"Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй