Шууд Chart

"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд

2014-03-10 11:24:54

  Бурханы оронд суугаа ээждээ

Жинхэнэ монгол бүсгүйн төлөөлөл бол
миний ээж байлаа.
Ээж минь та амгалан орондоо тавтай морилж сууна уу? Үрс нь таныхаа татсан цагаан мөрөөр явж ерөөл билгээр чинь өөдөлж явна аа.Та минь 2007 оны хавар “би ямар ээж байсан бэ?” гэж надаас асууж билээ.
Тэгэхэд би товчхон хариулсан даа.Та минь тэгэхэд их ядруу, сонор чинь их хатуу болсон байлаа.Одоо үрээ сонсох, харах бурханы их хүч танд минь бий гэж найдаж байна. Охин чинь таныгаа идэр сайхан насаар чинь бахдаж 70-90 насны өндөр босгон дээрээ тэнхлүүн өнгөлөг, 100 дөхсөн насан дээрээ бэртэж сульдсан ч ямар их дархлаатай байснаар чинь таныхаа ховор сайхан чанарыг мэдэрч бас өөртөө ухаарал авч суудаг шүү.
Та минь залуудаа тэгш сайхан нуруутай, цагаан шар царайтай, өтгөн хар хөмсөгтэй, том цагаан шүдтэй, хондлойгоо дарсан өтгөн хүрэн үстэй сайхан бүсгүй байсан. Цагаан сараар гоёлоо өмсөөд Мандиад золгоно гээд морддог байснаар чинь тодхон санаж байна. Багын юм болгон санаанд илхэн.
Та минь 3 хүүхэд биднийгээ сайхан өсгөснөөс гадна зовлонгийн мөн чанартай орчлонд 3 ачтайгаа үлдэхдээ итгэл сүжгээр чигээ барьж, уужуу сэтгэл, амьдралын арвин туршлага , үр ачаа гэсэн нугаршгүй сэтгэлээр сар жилийг туулан тэднийгээ сургууль соёлын мөр хөөлгөн амьдралд баттай хүргэсэн ачтан.Нэг ач охин чинь гэхэд л аюулт холер өвчтэйг оншлоход онцгой үүрэг гүйцэтгэсэн учир тэр үед “алтан гадас” одонгоор шагнуулж байсныг сануулъя.Бидний дээдэс- Монгол бүсгүйн төгс чанар танд минь бүрдсэн байж дээ.Та минь эгэл даруу хэл ам татлана , үглэнэ, яншина гэж огт үгүй, нягт нямбай, уужуу тайван, хямарч байримжаа алддаггүй, орчлонгийн мөн чанарыг гайхалтай ухаарч мэдсэн, итгэл сүжиг ихтэй ховор хүн байсаан.Та минь хээр талын нүүдэлчин эрмэг монгол бүсгүй байж дээ.
Манайх айраг ундааны хөхүүр, өрөмний хөөрцөг, ачааны татлага буйл бурантаг, ногт чөдөр эмээл хазаар гээд жин тан юмтай байдагсан.Сайхан өсөж дээ бид.Та бас эрчүүдтэй жин тээж үр хүүхэд биднийгээ юугаар ч дутаалгүй дайны хүнд үе, мөн дайны дараах ховор үеийг туулан эгч бид 2-ыг ижилсүүлэн гоёдогсон.
Ээж минь та монгол, төвд бичигтэй эцгээсээ болон хүрээнээс хөдөлсөн ах нараасаа бурханы ном ихийг сурсан авхаалжтай , гойдсайхан ой ухаантай, даацтай сүжигтэй хүн байсан.Та нүгэл буяныг ялган мэддэг, ёс заншилаа дээдэлдэг, билэг ерөөлийн билгүүн холын утга чанарыг эрхэмлэдэг мундаг хүн байжээ.
Тиймдээ ч уулга алдахдаа хүртэл “өлзийгөө өргө, төрийн сүлд өршөө” гэдэг байсан.Биднийг багад айн цочиход минь малгай өмсүүлж байгаад “ээждээ ир, мөөмөө хөх, өрөм хусмаа ид хурай хурай” гэж тайвшруулан сүнс сүлдийг нь бат оршоодог байжээ.
Бидний дээдсээ гэх гайхамшиг.
Ээжээ та хүүхдийг айлгаж ширүүлнэ гэж бараг үгүй. Аргыг нь олж, урмыг нь тэтгэдэг гайхалтай сурган хүмүүжүүлэгч байсан. Хожим зээнцэрээ өсгөлцөж нэмэр тусыг нь үзэж суухдаа хөөрхөн аргыг нь олж хөдөлгөн юманд сургаж харагддагсан. Ямар сайндаа “миний хүү чинь мотоцикл шиг хурдан юм чинь түргэн яваарай” гэж байхав дээ.
Ээжээ та юм бүхэнд сайн, уран үг хэл цэцэн мундаг хүн байсан шүү.За төгс сайхан ээж минь , эргэх хорвоогийн жамаар охин чинь өтөлж үр ачаараа хүрээлүүлж амар тайван аж төрж явна аа. Охинд чинь төр Алтан гадас одон хүртээлээ. Шагнал авахыг зурагтаар харсан танил маань “төр нүдээ олох нь энэ дээ” гэж намайг урамшуулсан нь давхар шангал үнэлгээ байлаа.
Таныхаа эрхэм дээд төгс сайхан чанаруудыг цэгнэн ухаарч бодох тусам охин чинь бас цэлмэг сайхан өтлөх ёстой гэж бодном.
Номын цагаан буян уужуу тайвуу зан , эрч хүч дүүрэн хөдөлмөрөөрөө буяны далай болон 100 шахам насалж 5 үеэ үзэн үр хүүхэд биднийгээ гачигдал , зовлон гуниг гутралгүй өсгөн шударга үнэний амьд гэрч болгон хүмүүжүүлж амьдралын бартаанд сөхрөхгүй хөдөлмөрч чанарыг өвлүүлсэн бурхан ээж тандаа сөхөрч сөгдөн мөргөе.

Ингээд охиныхоо хайр энэрэл гэмшил шингэсэн өчлийг хүлээн авч өршөөн соёрхоно уу.
Өрөвч хайлган сэтгэлээр
Хайрлан хайрлан мөргөе
Өөөдөсхөн бага насаа
Элбэрлээл тань дурсъя
Хүйсээ таттал үрээ үнэрлэхэд чинь
Хүй орчлон тайтгардаг байсан биз
Санан санан уярдаг би үнэрлэхийг чинь
Санаа алдан буян боддог би
Азай буурал насанд чинь
Дутуу ачилсан гэмшилээ
Алаг хорвоод зүдрэхэд чинь
Дэргэд чинь байснаараа цагаатгая, өөрийгөө
Диваажингийн оронд байхад чинь
Дуун ерөөлтэй сүүн цацлаар ундаалъя үр чинь
Та минь төгс гэгээрсэн бурхны хутгыг
Олж хамаг амьтаны тусад мөнхөд орших болтугай.
Тэнгэрт байгаа ээждээ 74 настай охиноос нь.
                                 Баянзүрх дүүргийн 6-р хороо Өндөр настан Ж.Цэен-Ойдов
Утас: 94905071
 


"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд  
Үзсэн: 4253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-05 17:01
Бийтгий хуц

Бидэнтэй нэгдээрэй