Шууд Chart

Хошууч генерал Э.Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

2019-10-10 13:40:19

Монгол цэргийн зүтгэлтэн, хошууч генерал Эмгэний Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний гавьяат үйлсээс суралцах, залуу үеийнхэнд дайчин баатарлаг, хөдөлмөрч, эх оронч үзэл, хүмүүжил олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Хүндэтгэлийн арга хэмжээг”-г зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд, “Монгол генерал төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор, профессор З.Болдбаатар болон хамтран зүтгэгчид, ахмад дайчдын төлөөлөл мөн хошууч генерал Э.Цэрэндоржийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

Энэ үеэр хошууч генерал Э.Цэрэндоржийн хийж бүтээсэн үйл хэргийг таниулах илтгэлүүдийг хэлэлцүүлж, амьдрал, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.

Хошууч генерал Э.Цэрэндорж нь 1919 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан хошой Чин ван Пунцагцэрэнгийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай гэдэг газар төрсөн байна.

Тэрээр 1942-1945 онд Баянтүмэнгийн 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хорооны сумангийн даргаар ажиллаж байхдаа хүн төрөлхтнийг фашизм, милитаризмээс чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад түүхэн гавьяа байгуулжээ.

Мөн 1945 оны чөлөөлөх дайны дараагаас 1973 он хүртэл суман хороо бригадын захирагч зэрэг ажлуудыг амжилттай хийж, өсөх ирээдүйтэй боловсон хүчний тоонд зүй ёсоор тооцогдон 1971 онд хошууч генерал цол хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хошууч генерал Э.Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй