Шууд Chart

Хамгийн хурдан хөлбөмбөгчин хэн бэ?

2019-10-14 17:05:35

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ гэдэг дээр хөлбөмбөгийн хорхойтнууд ч, мэргэжилтнүүд ч, сэтгүүлчид ч өөр өөрийн бодолтой байдаг, маргаантай сэдвийн нэг. Харин дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчин хэн бэ гэдгийг бол технологи хөгжсөн өнөө цагт бол доор нь тодруулдаг болж.

Наяад оны үед гэхэд л миний санаж буйгаар Германы Штефан Ройтер, ЗХУ-ын Игорь Беланов нарыг л лав их хурдан гэлцдэг байсан. Белановыг бөмбөгнөөсөө түрүүлээд гүйчихдэг учир “10 номерын трамвай”, “пуужин” гэх мэтээр хочилдог байсан тухай Зөвлөлтийн хэвлэлүүдэд бичдэг байсан. Ройтерийг 60 метрт 7 секунд хурдалдаг, хөнгөний тэмцээнд орвол элбэг медаль авна хэмээн хэлэлцдэг байсан гэж уншиж байлаа. Аль алиных нь тоглолтыг ТВ-ээр харж л байсан. Гэхдээ яг тэдэн километр/цаг хурдалсан гэсэн албан ёсны баримт байдаггүй байлаа.

За сүүлийн хэдэн жил манай гаригийн хамгийн хурдан хөлбөмбөгчин бол Уэльсийн шигшээ багийн ахлагч, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Гарет Бэйл гэдгийг ФИФА тогтоосон. Түүний дээд хурд 36,9 километр/цаг хүрдэг.

Тэгвэл өнгөрөгч наймдугаар сард болсон Өмнөд Америкийн “Аваргуудын лиг” гэж хэлж болох Либертадоресийн цомын тэмцээн дээр Бразилийн “Фламенго” –“Интернасьонал” багуудын үеэр “Фламенго” багийн довтлогч Бруно Энрике 38 км/цаг хурдалсан нь тогтоогджээ.

2016 онд л Германы “Вольфсбург”-т найман тоглолт хийснээр бусдаар бүх карьераа Бразилд өнгөрөөсөн 28 настай Бруно Энрике ийнхүү “Дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчин” хэмээх алдрыг хүртэв.

Хөлбөмбөгчид дотроо хурданд орох ч хамгийн хурдан хүний амжилтаас Бруно Энрике хол дутуу. Тухайлбал хамгийн хурдан хүн болох домогт гүйгч Ямайкийн Усайн Болт 2009 онд 44,72 км/цаг хурдалсан удаатай.

Эцэст нь хэлэхэд хөлбөмбөгт хамгийн хурдан нь хамгийн сайн хөлбөмбөгчин байх албагүй шиг удаан гүйдэг хөлбөмбөгчин муу тоглогч гэсэн үг бас биш шүү!
Удаанаараа “ алдартай” ганцхан хөлбөмбөгчний жишээ нь л гэхэд Германы домогт хөлбөмбөгчин Фриц Вальтер байна. Худалч хүнд бараг л талбай дээр “ алхаад” явж байдаг энэ хөлбөмбөгч 1940-1958 онд Германы шигшээ багт 61 удаа тоглохдоо 33 гоол хийж байжээ. Бусдаас харьцангүй удаан ч , түүний ур чадвар, тоглолт унших ухаан, торгон мэдрэмж нь Германы шигшээг 1954 онд анх удаа Дэлхийн аварга болоход онцгой хувь нэмрээ оруулсан гэдэг. Тэрбээр багийн ахлагчийн хувьд “Алтан дагина” цомд хамгийн анх хүрсэн герман хөлбөмбөгч билээ.

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хамгийн хурдан хөлбөмбөгчин хэн бэ?  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 21:33
ok

Бидэнтэй нэгдээрэй