Шууд Chart

Н.Отгонбаатар: Дэлхийн хэмжээний шоуг ингэж хийхгүй бол дэлхийн хэмжээнийх биш болно шүү дээ

2019-10-28 08:54:31

МҮОНТ-ээр ням гараг бүрийн үдэш гарч буй “Монголын нинжа дайчид” шоу үзэгчдийн анхаарлыг улам татсаар, оролцогчдын өрсөлдөөнийг бадраасаар байна.

Иймд уг шоунд оролцсон цагдаагийн хошууч, ОУХМ, тулааны спортын тамирчин Нэргүйн Отгонбаатартай ярилцаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

-Монголд анх удаа болсон дэлхийн хэмжээний шоунд оролцохдоо та ямар зорилго өөртөө тавьсан байсан бэ?

-Энэ тэмцээнийг гадаадын өндөр хөгжилтэй олон оронд болж байхад нь телевиз, интернетээр олон үзсэн. Маш сонирхолтой болдог шоу л даа. Тэр үед “Хэзээ нэгэн цагт надад ийм боломж олдвол оролцоно оо” гэж бодож байлаа. Учир нь тухайн оролцогчоос ур чадвар, мэдрэмж маш их шаарддаг тул миний сэтгэлийг бүр их татсан. Тэгээд ч даалгавар бүр нь тухайн хүнийг хөгжүүлдэг давуу талтай.

-Үүнд оролцох шийдвэрээ та өөрөө гаргасан уу. Эсвэл найз нөхдийн ятгалаг байв уу?

-Би ч яаг өөрөө мэдээгүй байсан юм. Гэтэл манай ажлын хүн “МҮОНТ-ээс энэ шоуг зохион байгуулах гэж байгаа гэнэ. Чи оролцож үзмээр байна гэдэг биз дээ” гэхээр нь ёстой л загтнасан газар майжина гэдэг шиг болж, бүртгүүлсэн.

-Даалгаварууд ямар санагдав. Бүртгүүлэх үед амархан юм шиг санагдаж байв уу?

-Хүн аливаа зүйлийг телевизээр хараад амарханаар төсөөлдөг. Би тамирчин хүн учир спорт болгон өөр өөрийн онцлогтойг сайн мэднэ. Хамгийн гол нь арга, эвийг нь олчихвол хэцүү зүйл гэж байхгүй. Гэтэл дээрх шоуг яг өөрийн биеэр мэдрээд, даалгаваруудыг нь гүйцэтгэж байхад их эвгүй санагдсан. Цаг агаарын байдал ч сөргөөр нөлөөлж байсныг үгүйсгэхгүй. Нэлээн сэрүүхэн байсан шүү дээ.

-Тулааны спортоор хичээллэдэг танд давуу тал байгаагүй гэж үү?

-Тийм ээ, байсан. Хурд, хүч, мэдрэмж гээд бүх зүйл надад байсан. Гэвч түүнийг ашиглаж чадсангүй. Тун харамсалтай.

-Гол алдаа юунд байсан гэж бодож байна вэ?

-Техникийн зөвөлгөөний үеэр анхааралтай сууж, сонсож чадаагүй. Түүнээс болж хийх гүйцэтгэлээ биелүүлж чадалгүй хасагдсан даа.

-Дүрмээ сайн ойлгоогүй бололтой нь ажиглагдсан. Уг нь бүрэн ойлгосон бол дараагийн даваануудыг бүрэн биелүүлэх боломжтой байсан болов уу?

-Тийм ээ, дүрмээ сайн ойлгоогүй. Дараагийн дөрөвдүгээр үе нэлээн хэцүү харагдаж байсан. Ер нь үе болгонд цаг агаарын байдал их нөлөөлж байсан. Бусад өрсөлдөгчид ч тэгж ярьж байсан.

-Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдал хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Зохион байгуулалт болон аюулгүй байдал талд өөлөх зүйл байхгүй. Маш сайн хангасан байсан. Дэлхийн хэмжээний том шоуг угаасаа ингэж зохион байгуулахгүй бол дэлхийн хэмжээнийх биш болчих байлгүй дээ. Тэгээд ч дараа дараагийн тэмцээнд улам туршлага сууж, илүү өндөр түвшинд хүрэх байх аа.

-Энэ тэмцээн дахиад зохиогдвол та оролцох уу. Уг нь бага ч гэсэн туршлагатай боллоо шүү дээ ...

-Тийм ээ, хамгийн түрүүн орно. Хүнд хор, шар гэж байдаг даа. Ялангуяа би ялагдах бүр дургүй. Улам л өөрийгөө хэцүү зүйлд бэлдэж, хурцалж байдаг.

-Таныг тулааны спортоор хичээллэдэгийг мэднэ. Ойрын хугацаанд тэмцээний тов гарсан уу?

-Ирэх арваннэгдүгээр сарын 9-11-нд БНСУ-д байлданы самбын ДАШТ болно. Энэ тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөхөөр бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

-Энэ тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин хэнээр ахлуулж оролцох вэ. Таны хувьд олон улсын хэддэх тулаан болох гэж байна вэ?

-Энэ тэмцээн спорт самбо, байлдааны самбо гэсэн хоёр төрөл болно. Манай улсаас 30 гаруй тамирчин Ж.Баярсайхан, Ч.Булганхүү гэсэн багш нарын удирдлага дор оролцоно. Энэ тэмцээнд бид маш их хариуцлагатайгаар оролцох учиртай.  Миний хувьд олон улсын 11 дэх тэмцээн болж байна.

-Та өмнө нь энэ төрөлд томоохон ямар амжилт үзүүлж байсан бэ?

-АНУ-ын Калифорни мужид болсон холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүсний эзэн болж байсан.

-Гадаадын тамирчид таныг халз тулаанд дуудаж байсан уу. Та ч мөн адил шилдэг тамирчдыг рингэнд “урьж” байв уу. Хэрвээ тэгвэл хэн хэнийх нь ретингэд эерэг нөлөөтэй болдог гэсэн ...

-Одоогоор надад тийм санал, санаачлага гараагүй л байна. Тийм санал авахын тулд би одоо байгаагаасаа илүү амжилт гаргасан байх ёстой байх. Мөн томоохонд холбоонд харьяалагдах шаардлагатай. Гэхдээ удахгүй таны хэлсэн зүйл биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна.

-UFC-д өрсөлдөх бодол байдаг уу?

-Тийм ээ, байгаа. Гэхдээ эхлээд наана нь хэд хэдэн тулаан хийх хэрэгтэй. Тэрэндээ амжилттай оролцвол болохгүй зүйл байхгүй.   

-Үүнд оролцоход ямар шалгууртай байдаг вэ. Сүүлийн үед манай улсын боксчид мэргэжлийн тулаан руу орох нь ихэсч байна. Үүнийг та бас юу гэж харж байна вэ?

-Үзэгчид маш их ач холбогдол өгөхөөс гадна тухайн хүний тоглолтын ур чадвар илүү нэмэгдэнэ. Мөн үзэгчдийг татахын тулд шоу үзүүлж чадах хэрэгтэй. Манай тамирчид мэргэжлийн спортод орж байгаа нь амьдралаа улам дээшлүүлэх, карьераа дэлхий дахинаа мандуулах зэрэг олон талын ашигтай.

-Тулаанаас өөр төрлийн ямар спорт сонирхдог вэ?

-Хөлбөмбөг, сагс, теннис, биллъярд гээд ер нь оролцохгүй спорт ховорхон доо.

-Таныг төрийн тусгай хамгаалалтын газар ажилладаг гэж сонссон. Хэдэн жил болж байна вэ?

-13 жил болж байна. Манай ажил бол төр түмнийхээ төлөө ажилладаг байгууллага. Бид хүлээсэн үүргээ хоёргүй сэтгэлээр биелүүлж, төрдөө үнэн байж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхын төлөө хөдөлмөрлөдөг. Мөн хэн нэгний эд хөрөнгө цаашлаад амь насанд нь халдах хэмжээний муу үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.

-Төрийн тусгай хамгаалалтын газрыг та чухам яагаад сонгосон юм бэ. Тэр бүр залуус тэнцдэггүйн зэрэгцээ халгаад орж чаддаггүй юм шиг санагддаг ...

-Тийм ээ, энэ байгууллагад жинхэнэ эрчүүд л ажилдаг. Сэтгэл зүй маш чухал. Бид өнөөдөр гэрээс гараад ирэхгүй ч байж мэднэ. Гэхдээ залуус маань ажилдаа хайртай, дуртай жинхэнэ өөрийн амиа золиосолж, өөрөөлийн амийг авардаг эрс ажилладаг газар даа.

-Ярилцсанд баярлалаа.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Отгонбаатар: Дэлхийн хэмжээний шоуг ингэж хийхгүй бол дэлхийн хэмжээнийх биш болно шүү дээ   
Үзсэн: 2099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-31 18:25
яргачин
Зочин [127.0.0.xxx] 2019-10-29 03:15
Munzag zaluu bnlee usa d holimog tulaand orj avarga bolj bsn . Tsaahsdaa ulam ih amjilt husie
Зочин [127.0.0.xxx] 2019-10-28 23:09
MNB анхны удаа fail.дэж байлээ. Зураг авалттай өдөр хэт хүйтэн өдөр хийгээд тэмцээний зам мөстсөн. Ямарч пүүзтэй хүн хальтрахаар, Хөтлөгч нарын хэл ам нь царцаад , бие нь чичрээд ярьж чадахгүй. Оролцогч нар мөстсөн мөстөөгүй зам дээр оролцоод шударга бус харамсалтай үр дүн гарсан гэх мэт.
M [127.0.0.xxx] 2019-10-28 12:09
Haha durmee oilgoogui bishee ter deeshee ywdag turnikniihee nuguuhiig ni tawih uneheer chadaagui sh dee hudlaa yarih demi

Бидэнтэй нэгдээрэй