Шууд Chart

С.Насанбат: "Арьс, ширний цогцолбор"-ыг байгуулснаар ажлын байр эрс нэмэгдэнэ

2019-10-31 10:09:06

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та дөнгөж сая Испани улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын зорилго юу байв. Ямар ажил амжуулав?

-Тэгэхээр би сая энэ сарын 21-26-ны өдрүүдэд Испанийн Вант улсад ажлын айлчлал хийлээ. Дархан-Уул аймагт шинээр цогцлоон бүтээж байгаа “Арьс ширний цогцолбор”-ын барилга байгууламж, энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн цаашдаа Монгол Улсын арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бүтээгдэхүүнийг Испанийн олон жилийн туршлагатай маркетинг менежментийн компаниудаар дамжуулж Европын зах зээлд гаргаж борлуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн гэрээ байгуулж гарын үсэг зураад ирлээ. Мөн Испанийн хойд хэсэгт оршдог Ойда нийслэлтэй Астурас мужтай хамтран ажиллах талаар гэрээнд гарын үсэг зурж хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Испани улсаас гадаад улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх ямар боломжууд байна вэ гэдгийг ярилцаж боломжуудыг хоёр талаас яаж ашиглах вэ гэдгээ тогтлоо. Мөн Мужийн даргын шууд удирдлагад байдаг “Бүтээгдэхүүн хөгжлийн төв”-ийн удирдлагуудтай уулзалт хийж хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар уг төв Астурас мужийн арав гаруй томоохон компанийн бизнес төлөөллүүдтэй уулзуулж Дархан хоттой хамтарч ажиллах ямар ямар боломж байгааг би бас танилцуулж харилцан ярилцаж тохиролцлоо.

-Гарын үсэг зурсан санамж бичигт ямар ямар гол гол зүйл тусгагдсан бэ. Испани улс нь хөдөө аж ахуй, тэр дундаа арьс ширний үйлдвэрлэл хэр зэрэг хөгжсөн орон бэ?

-Бид хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтээ тавьж хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах талаар санамж бичигтээ тусгалаа. Хөдөө аж ахуйн хувьд Испани улсын Астурас муж нь цаг агаарын тааламжтай нөхцөлд бэлчээрийн болон фермерийн аж ахуй хосолсон байдлаар хөгжүүлж хамгийн өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлсэн баялаг туршлагатай улсын тоонд ордог юм байна. Тиймээс Дархан хотын хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хөрөнгө оруулах замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах талаар гэрээ хэлцэл хийж ингэснээр манай аймагт ирж ажиллах тохиролцоонд хүрсэн. Астурас мужийн бизнесийн томоохон компаниудын төлөөллүүд, нийслэл Ойда хотын даргын хамтаар 2020 онд манай Дархан хотод айлчилж “Арьс ширний цогцолбор”-барилгын ажилтай газар дээр нь танилцахаар болсон. Тэхээр Монголын талаас энэ томоохон хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөллүүдийг ирэхэд манай аймгийн бизнес эрхлэгчид, ажил үйлдвэрлэл эрхлэх гээд хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байгаа төслүүдийг нэгтгэн томоохон төсөл болгож ирж байгаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд бид өөрсдөө орон нутагтаа бэлтгэл ажлаа хангах ёстой. Тиймээс бид Хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгө оруулалтын бодлогын хэлтэстэйгээ хамтарч төслүүдээ нэгтгэж өгөөжийг нь зөв зүйтэй тооцож гадаадынхны сонирхол, шаардлагад нь нийцсэн байдлаар бэлтгэлээ хангахаар болж байна.

-“Арьс ширний цогцолбор” хаана ямар газар байгуулж байгаа вэ. Цогцолборыг байгуулах ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатанд явж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхий сайдын дэмжсэн энэ ажил эхлээд явж байгаа. Бид Дархан хотынхоо үйлдвэрийн дүүрэгт уг цогцолборыг барих газрыг нь олгоод барилгын ажил нь эхэлчихсэн. Эхний ээлжид цахилгааны дэд станцын барилгын ажил болон дулааны шугам хоолой татах ажил эхэлсэн бол зэрэгцээд 2020 онд ашиглалтад орох ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажил нь эрчимтэй явагдаж байна. Уг цогцолборын бүрэлдэхүүнд орчин үеийн хамгийн өндөр технологи шийдэл бүхий нийтдээ 15 үйлдвэр баригдахаар зураг төсөл хийгдэж техник эдийн засгийн үндэслэлүүдийг нарийвчлан гаргаж батлагдсан. Эдгээрээс эхний ээлжид Испани улстай хамтарч хийх дөрвөн шатлал бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан тохиролцоод ирлээ.

-Энэхүү арьс ширний цогцолбор үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулах нь ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдэнэ. Энэ үйлдвэр Дарханд байгуулагдсанаар Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс өснө гэж тооцож бид энэхүү томоохон салбарыг орон нутагтаа төвлөрүүлж авч ирж байна. Улс маань бараг ная орчим сая толгой малтай, жилдээ 16 сая толгой малыг нядалж дотооддоо болон экспортод хэрэглэж байхад ихэнх бүтээгдэхүүнүүд үр ашиг муутай, зарим нь хаягддаг. Мөн дөнгөж анхан шатны боловсруулалт хийж валют олох энэ түүхий эдээ маш бага үнээр дэлхийн зах зээл рүү борлуулдаг. Ингэж бага хэмжээгээр борлуулахдаа байгаль орчноо хамгийн ихээр бохирдуулж эко системд хор нөлөө үзүүлдэг ийм гаж үзэгдлийг арилгаж цогцоор нь шийдвэрлэнэ гэдэг үүднээс дээрх төсөл хөтөлбөрийг Монгол улсын нэрийн өмнөөс дэмжиж санаачилж ажиллаж байна. Тэхээр уул уурхай өнөөдөр Монгол улсын эдийн засагт голлох үүрэгтэй, тэргүүлэх чиглэл болж байгаа ч гэсэн хэрэглээнээсээ шалтгаалж шавхагддаг баялаг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Тэгээд ч үнэ ханш нь тогтвортой байдаггүй, ихэнх ажлыг техникээр гүйцэтгэдэг учраас Монгол улсын ажиллах хүчний дөнгөж зургаахан хувийг шингээж байдаг бол энэхүү хөдөө аж ахуйн “Арьс ширний цогцолбор” нь Монгол улсын ажиллах хүчний 30 орчим хувийг шингээж ажиллана гэдгээрээ Дархан-Уул аймагт ажлын байр ихээр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж хүн ам олноор суурьшсанаар дагалдаад барилга, орон сууц, үйлчилгээний салбарууд нэмэгдэн хөгжих боломж манай аймагт улам бүр өснө. Хамгийн гол нь бид хэзээ ч шавхагдашгүй баялгийг орон нутагтаа бий болгож байна гэж аймаг орон нутгийн удирдлагууд бид үзэж байгаа.

-Малын махыг экспортлоход гадаад улс орнуудын шаардлагыг тэр бүр сайн хангадаггүй ялангуяа мал нь эрүүлжээгүй, малын халдварт өвчин их гардаг гэдгээр нь авах сонирхол бага байдаг гэж сонссон. Харин малын арьс ширийг боловсруулж гадагш гаргахад ийм хардлага гарахгүй байгаа? Мөн гадаадад гаргах их хэмжээний арьс шир гарахгүй тасалдах тохиолдол гарч мэдэх биш үү?

-Монгол улс наян сая малтай энэ бол нөхөгдөж байдаг шавхагдашгүй баялаг шүү дээ. Монгол мал дөрвөн улиралд дасан зохицож амьдардаг учраас ноос, ноолуур, арьс шир нь дэлхийн зах зээл дэх томоохон үйлдвэрлэгчдийн тавьсан чанарын шаардлагыг их сайн хангаж тэр өндөр технологийнх нь шалгуурыг давж чаддаг учраас авах сонирхол ихтэй байна. Тийм болохоор ганцхан уул уурхайгаас биш Европоос тэр доллар, еврог нь эх орондоо оруулж улсынхаа эдийн засагт хувь нэмэр болно гэж тооцсон. Энэ нь бусад эдийн засгаа жигд хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготойгоо нягт уялдсан ажил юм. Уг салбар өөрөө ч Дархан-Уул аймагт орж ирэхэд хатуу хучилттай авто замтай, хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдсон, далайгаар гараад явахад хойшоогоо ОХУ-ын Валедивостоктой далайн тээврээр эцсийн болон боловсруулагдсан бүтээгдэхүүнээ гаргах зэрэг ийм давуу талууд бий болно. Бусад аймгуудаас бэлтгэн нийлүүлэгдэж байгаа түүхий эдүүд ч гэсэн байнгын хатуу хучилттай замтай. Дээр нь энэ салбар хөгжөөд явахад дэд бүтцийн цахилгаан, дулаан хангамжийн гээд манай аймагт их нөөцүүд байгаа зэрэг давуу талууд маань энэ салбар Дарханд бий болох, хөгжүүлэх боломжтой гэдгээр ач холбогдол өгөөд ажиллаж байна.

-Дархан хот байгуулагдсаны өдрийг энэ сарын 17-нд тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ үеэр Засаг дарга та ч бас иргэддээ ажлынхаа тайланг тавьж танилцуулсан. Ер нь энэ 2019 оны хувьд Дархан-Уул аймагт ямар ямар бүтээн байгуулалтууд хийгдэв? Юу төлөвлөсөн хэрэгжилт нь одоо ямар шатанд байна вэ?

-Жил бүр хотын баярынхаа өмнө аймгийн Засаг дарга тухайн ондоо хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнадаг. Энэ онд Дархан-Уул аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Нийтдээ бид 320 гаруй том жижиг төсөл, хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаа. Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар, гадна фасадын ажил, инженерийн шугам хоолойн шинэчлэлийн зэрэг энэ онд бас төлөвлөсөн ажлуудаа цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэж улсын комисс ажиллаж хүлээж авсан. Бас нэг томоохон ажил гэвэл энэ жил хотын доторх авто замын шинэчлэлд таван км шинэ замыг “Замын сан” болон “Орон нутгийн хөгжлийн сан”, орон нутгийн төсөв, улсын төсөв зэргээс алслагдсан гэр хороолол руугаа нийтийн тээвэр явуулахад шаардлагатай авто замуудыг барьж ашиглалтад оруулах зэрэг ажлуудыг амжилттай явуулж одоо нэг тендерээс бусад ажлууд хийгдэж бүрэн дүүрэн дууслаа. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт урьд хожид байгаагүй долоон цэцэрлэгийг бид ашиглалтад оруулсан бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хуучин цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилгыг өөр зориулалтаар ашиглаж байсныг зогсоож орон нутгийн өмчид шилжүүлж улмаар орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар засварласан. Энэ нь хуучин Нийгмийн Даатгалын хэлтэс байрлаж байсан барилга, Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр дэх ОХУ-ын эзэмшилд байсан Прокурорын байрлаж байсан барилга зэргийг орон нутгийн 450 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж 250 хүүхдийн цэцэрлэгийг зориулалтынх нь дагуу ашиглах гэх мэтээр боловсролын салбарыг дэмжих ажлыг хийлээ. Мөн энэ онд нэг томоохон хийж байгаа ажил бол Дархан хотын дэд бүтцийн хүрээнд Дархан Дулааны Цахилгаан станцад 35 мегаваттын трубины өргөтгөлийн ажлыг дуусгаж өнгөрсөн аравдугаар сарын нэгэнд хүлээн авч Дархан хотын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж зөвхөн Дархан төдийгүй Монгол улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай хангах талд томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа.

-Танайх 2019 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Тэдгээрээс гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хийгдсэн ажлаасаа ямар ажлыг онцолж нэрлэх вэ?

-Энэ оныг бүхэлдээ гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн дэмжих жил болгон зарлаж энэ хүрээнд олон ажил хийгдсэний дотроос ганц нэг жишээ дурдъя. Жишээ нь “Гэрлэх ёслолын өргөө”-г барьж ашиглалтад оруулснаар хотын залуучууд орон нутагтаа үндэсний уламжлалт ёс заншлын дагуу гэр бүл болох боломжтой болсон. Мөн энэ хүрээнд эрх нь зөрчигдөж байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд залуучуудыг түр байрлуулах байрыг НҮБ-тай хамтарч орон нутгаас тодорхой хөрөнгийг нь гаргаад орон нутгуудад жишиг загвар болохуйц ажлыг зохион байгуулсан. Энэ нь гэр орон нь шатсан, галт тэргээр явж байгаад хаягдсан, гэр бүлийн зөрчил маргаанаас болж эрх нь зөрчигдсөн иргэдийг хаана хэн хүлээж авах нь тодорхойгүй, эмнэлэг нь авах уу, цагдаа авах уу гэдэг байсан бол одоо өнөөдөр стандартын тусгай шаардлага хангасан байранд ам бүл, үр хүүхэдтэй нь эрх нь сэргээгдэх хүртэл нь орон нутгийн бүрэн хамгаалалтад авдаг болсон. Энэ бол бас л иргэнийхээ төлөө анхаарсан томоохон ажил болсон гэж харж байгаа. Түүнчлэн хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд Хүүхдийн паркад шинэ тоглоомуудыг байршууллаа. Бид бүрэн биш ч гэсэн төлөвлөлтийнхөө дагуу дараагийн жилд ч бас хөрөнгө оруулалтууд нь шийдэгдээд хийгдэхээр болоод ажиллаж байна. Бид энэ жил эхний ээлжид зургаан тоглоомыг авч ирж байрлуулан ажилд оруулсан.

-Дархан-Уул аймаг 2019 онд бас онцгой бүтээн байгуулалтуудыг хийж байгаа юм байна. Танай аймаг өнгөрсөн оны ажлаараа бусад аймгуудыг манлайлж ажлын үзүүлэлтээрээ улсад тэргүүн байр эзэлсэн. Төрөөс Дархан-Сэлэнгийн нутгийг газар тариалан бүс нутаг гээд бас эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг гэж зарласан. Аймаг орон нутгаас ямар ажил хийгдэж байна вэ?

-Тиймээ. Монгол улсын Засгийн газраас Дархан-Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг гээд, тэр дундаа Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумыг “Эрчимжсэн мал аж ахуйн бүс” гэж зарласан. Үүнтэй уялдуулж бид аймгийнхаа дэд хөтөлбөрийг боловсруулж мэргэжлийн байгууллага, тус аймаг дахь ХААИС, эрдэмтэдтэй хамтарч дэд хөтөлбөрөө боловсруулж энэ хүрээнд ажлаа эхлүүлсэн. Бид эхний ээлжид ашиг шимт малын цөм сүргийн баазыг бий болгох зорилгоо Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг “Хар бэлчир”-ийн аманд 25 га газарт орон нутгийн төсвийн хөрөнгө болох 40 орчим сая төгрөгөөр хашаа хороо, ус, цахилгаан зэрэг бүх байгууламжуудыг нь барьж бэлэн болголоо. Мөн эхний ээлжид Сэлэнгэ үүлдрийн 100 үнээ авч “Монгол малын удмын сан”-гаас үржил шимтэй, малын хөлдөөсөн үр авч хээлтүүлж цөм сүргийн баазыг бэлдэж мал давжаарсан, бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед малчдадаа даалгах зэргээр махны чиглэлийн, эхний ээлжид орон нутаг төсвийн хөрөнгөөрөө мэргэжлийн байгууллагуудын чиг баримжаатай энэ ажлаа эхлүүлээд Булган аймгийн Сэлэнгэ сумаас 100 үнээ авч ирсэн нь цаашдаа ашиг олно гэхээсээ илүү тугалыг нь бойжуулж иргэддээ өгөөд махны чиглэлийн цөөн тооны чанартай, малчид эзэддээ өгөөжтэй, эдийн засгийн хувьд ашигтай байдлаар иргэдээ малжуулъя гэсэн бодлого барьж байгаа.

-Дархан хотын иргэдээ сүү сүүн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? Хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа гэсэн тоон үзүүлэлт байна?

-Хотын иргэдээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах асуудал мэдээж анхаарлын төвд байгаа. Сая Испани улсад айлчлахдаа очсон муж чинь маш өндөр технологитой, ашиг шим ихтэй малтай юм байна лээ. Тиймээс бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх замаар хувийн хэвшилдээ даалгаж сүүний чиглэлийн үнээ үржүүлэх чиглэлээр 12 га газрыг төлөвлөж дэд бүтэц шугам хоолойг нь төсвийн хөрөнгөөр татаж өгөөд сонгон шалгаруулах замаар хувийн хэвшлээр хийлгэж хотын иргэдийн сүү, сүүн хангамжийг сайжруулж улмаар Улаанбаатар хот болон хүн ам олноор суурьшсан томоохон газруудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад Дарханчуудын оролцоог нэмэгдүүлье гэдэг үүднээс хувийн хэвшлээ дэмжин ажиллаж байна. Мөн тахиа шувууны аж ахуйг ч дэмжинэ. Үүний тулд газар усыг нь үнэ төлбөргүй олгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүлснээр Дархан хотын хүнсний хангамжийн асуудлууд бүрэн шийдэгдэх болно. Энэ чиглэлийн төслүүдээ бид аж ахуйн нэгжүүдэд зарласан. Энэ завшааныг ашиглаж хэлэхэд аймгуудад олгож байгаа “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтууд маш бага байгаа нь ихээхэн ашиг тустай томоохон төслүүдэд огт хүрэлцдэггүй. Тиймээс цаашид аймгуудад тэгш хуваарладгаа больж шингээх чадварыг харгалзаж ялгаатай олгодог болмоор байгаа юм.

-Өнгөрсөн оны ажлаараа танай аймаг улсад тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилтыг гаргахад ямар ажлын үзүүлэлт гол нөлөө үзүүлсэн бэ? Ирэх он ойртож байна, 2020 онд ямар зорилт дэвшүүлэх вэ?

-Улс орны эдийн засаг бас нааштай сайн байлаа. Үүнийгээ дагаад орон нутгууд руу хөрөнгө оруулалтууд шийдэгдэж ирлээ. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг судалж сум, багуудаар нэлээд сайн явсан. Ингэж орон нутагтайгаа маш сайн уялдаж ажилласны хүчинд олон жил шийдвэрлэгдээгүй явж ирсэн ажлуудаа бүрэн шийдвэрлэж чадсан зэргийг харгалзаж Монгол Улсын Засгийн газраас манай аймгийг нэгдүгээр байранд шалгаруулсан. Энэ бүхэн чинь иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойр дотно ажилласны хүч гэж үзэж байна. Харин ирэх 2020 он бол мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг гаргаж тооцож дутуу байгаа ажлаа гүйцээх, иргэдийнхээ оролцоог хангаж ажиллана. Бид ирэх 2020 оны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил, хүний хөгжлийг дэмжих жил болгож ажиллахаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад саналаа уламжилсан. Хамгийн гол нь хүний хөгжлийн асуудлыг анхаарна. Нэг үеэ бодвол зам харгуйгаа засч, газрын доорх шугам хоолойгоо шинэчиллээ. Бид бүх асуудлаа бүрэн гүйцэд шийдчихээгүй ч гэсэн хамгийн их тулгамдсан гол асуудлуудаа ээлж дараалан шийдэж яваа болохоор хүний хөгжил гэдгээ давхар авч явъя. Аймгийн хүн ам маань 104 мянга гэж байгаа боловч хил залгаа аймгуудын иргэд, оюутан сурагчид гээд 130 гаруй хүн ам оршин сууж байна. Тиймээс бид ирэх оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж ажиллана.

МҮОНР-ийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Б.Норовсамбуу


С.Насанбат: "Арьс, ширний цогцолбор"-ыг байгуулснаар ажлын байр эрс нэмэгдэнэ   
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-01 15:26
Үйлдвэр барих хэрэгтэй л дээ Гэхдээ хаана баривал үнэртэхгүй байх вэ?Арьс шир боловсруулаад гарсан бохирыг хааш хийх вэ? гэдэг асуудал чухал байна
Зочин [127.0.0.xxx] 2019-10-31 18:44
Дарханд энэ үйлдвэрийг хаана барьж байгуулах юм бол хэрвээ үйлдвэрлэлийн ройнд салхин дор нь байгуулбал УБ шиг хотоо өмхий үнэртэй болгочих юм биш биз дээ Тэгэхээр еворопийн технологи болхоор гайгүй байж магадгүйг гэхдээ үүний хажуугаар УБ ын арьс ширний үйлдвэрүүд ороод ирэх юм биш биздээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-31 17:57
Манай хот ажлаараа улсад тэргүүн байранд явж б.а. Хэн хүний нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт өдрөөс өдөрт нэмэгдэн үйлдвэр, үйлчилгээ нэмэгдэн хүрээгээ тэлж УБ хоттой эн зэрэгцэхүйц хөгжилтэй, хөдөө аймгаас олон талаараа аймгийн статусаас ялгаатай томоохон хот олон улс оронтой хамтын ажиллагаа өргөжин ашигтай ажилладаг. Үөв бодлого, уйгагүй ажиллагааны үр дүн гэж үнэлдэг
zochin [127.0.0.xxx] 2019-10-31 16:24
Nusanbataa 20 on boloh gd buuhaasaa omno toswiin mongoor zugaalaad bnau uhsen chinii ajil hiine gj yu bdiin gariin useg zurj mongo oldog ajlaa odoo bolichooch
Зочин [127.0.0.xxx] 2019-10-31 21:59
Гарч ирээд л хийх ажил, одоо сонгууль угтаж гэж ойлгодохоор боллоо. Цахимаар асуудлыг ярьж өөрсдийн нь урьж газар дээрээ шийдэх боломж байгаа шүү. Харах л үлдлээ! Амжилт!

Бидэнтэй нэгдээрэй