Шууд Chart

Л.Дагвадорж: Кристиано Роналдо надтай анх танилцахдаа “Чи Япон уу” гэж асууж билээ

2019-11-07 09:05:59

Энэ хүнийг Лхагваагийн Дагвадорж гэдэг. Тэрбээр мэргэжлийн тогооч төдийгүй чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Мөн Кристиано Роналдод гарынхаа хоолыг хийж өгч байсан гээд сонирхолтой түүхийн талаар ярилцлаа.

-Таныг ихэнхи хүн тогооч мэргэжлээр тань танина. Харин чөлөөт бөхөөр хичээллэж байсныг тань төдийлөн мэддэггүй юм билээ. Тиймээс хоёулаа энэ талаар яриагаа эхэлье ...

-1997 онд нэгдүгээр хороололын “Ирээдүй” цогцолбор сургууль байгуулагдахад Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, Монгол Улсын гарьд, “баавгай” хэмээн олноо дуудагддаг П.Сүхбат агсан нар чөлөөт бөхийн дугуйлан нээсэн юм. Тэр үед би гуравдугаар ангид сурч байлаа. Дээрх хоёр алдартанд шалгуулж, бөхийн спортын гараагаа эхэлж байлаа.  

-Нийт хэдэн жил хичээллэсэн бэ?

-2006 он хүртэл буюу есөн жил хичээллэсэн. Манай аавыг П.Лхагваа гэж, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан цолтой хүн байлаа. Сумынхаа наадмын дэвжээнд олон жил барилдсан хийморьтой эр байсан. Харин ээжийг Ц.Чагцал гэдэг, Завхан аймгийн Идэр сумын харьяат хүн бий. Урт гарт М.Лхагва арслантай нэг нутаг.

-Та бөхийн спортоо яагаад орхисон юм бэ?

-Үндсэндээ үндэсний бөхийн бэлтгэл хийж байгаад өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалчихсан юм. Уг нь Монгол бөхөөрөө барилдах зорилготой хэсэг хугацаанд бэлтгэл хийсэн юм л даа. Үүнийхээ хажуугаар Хилийн цэргийн дээд сургуульд сурч байгаад хэл усаа сайжруулах гээд Англи руу явсан.

-Тухайн үед хэдэн кг-д барилддаг байсан бэ?

-Дунд сургуульд байхдаа +85 кг-д барилддаг байсан бол оюутны УАШТ-д барилдахдаа +120 кг-д барилддаг болсон. Өсвөр үеийн УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл, залуучуудын УАШТ-ээс нэг хүрэл, оюутны улсын аварга болон оюутны их наадмаас тус бүр нэг хүрэл медаль хүртэж байлаа. Хожим энэ амжилтыг минь үнэлж, спортын мастер цол олгосон. Тухайн үед надтай нэг жинд барилддаг байсан болон хамт бэлтгэл хийдэг бөхчүүдийн ихэнхи нь өдгөө улс, аймгийн цолтой болоод байна.

-Тодруулбал хэн хэн байна вэ?

-Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ө.Даваабаатар, А.Цацабшир, Б.Одгэрэл, улсын начин Д.Лхагвадорж, Ч.Баянмөнх нарын зэрэг хүчтэн байна. Мөн аймгийн цолтон маш олон болсон.

-Англид очоод л тогооч мэргэжлийг сонгосон уу?

-Тийм. Манчестер хотод эхний жилдээ хэлний сургалт төгсч, мэргэжил сонгох болоход тогооч мэргэжлийг онцолсон. Миний төгссөн сургуулийн тогоочийн ангид Монголоос цөөхөн хүн сурч байсан юм билээ. Намайг төгссөний дараа ч 3-4 хүн сурсан гэсэн.

-Чухам яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Барууны оронд хоолны соёл их хөгжсөн. Ажлын байр ч элбэг. Тэгээд ч миний сонирхол хоол хийх талдаа байдаг болохоор өөр сонголт байгаагүй. Би бага байхын л том биетэй. Ийм хүүхэд чинь хоол идэх сонирхол ихтэй байдаг шүү дээ. Хүссэн болгондоо өөрөө хоолоо хийгээд идчихнэ. Тэгээд ч төрсөн эгч маань мэргэжлийн тогооч байсан л даа. Сүүлд харамсалтай нь бурхан болчихсон юм. Ээж, эгчийнхээ хийсэн гоё амттай хоолыг идсээр байгаад л тогооч болоход нөлөөлсөн байж ч болох юм. Мөн Английн ард түмэн гэр бүлээрээ ихэвчлэн гадуур хооллож, баяр ёслолоо тэмдэглэдэг. Цалин ч өндөр. Тэгэхээр аль альных нь тохироо тэгж таарсан байх.

-Англид хэдэн жил болсон бэ?

-Зургаа. Энэ хугацаанд хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Гал тогооны угаагч, бэлтгэгч, хачирны болон грилний тогооч хийж байгаад хожим салбар рестораны ахлах тогооч болсон. Миний удирдлага дор 10 орчим тогооч ажилладаг байлаа. Зарим нь амарсан үед өдөрт 6-7 хүн хариуцна. Цалин нэмэгдэхийн хэрээр ажлын ачаалал, хариуцлага мөн улам ихэссэн. Өндөр хөгжилтэй оронд байнгын ажилтай байхгүй бол амьдрах боломжгүй. Гэрээсээ байнга мөнгө татаад байлтай нь биш. Хөдөлж байж л амьдарч байгаа байрныхаа төлбөр, хоол хүнс, хэрэглээгээ хангана шүү дээ.  

-Англид байхдаа үйлчлүүлэгчиддээ Монгол хоол хийж өгч байсан уу?

-Цэвэр Монгол хоол хийж өгч байгаагүй ээ. Гэхдээ монголчилж, хонины махан ороомгонд чулуу улайсгаж хийгээд хорхог болгох маягаар хийж өгч байсан. Харин гэрийн нөхцөлд гадаад найзуудаа урихдаа жинхэнэ хорхог, шорлог хийж өгсөн. Гэхдээ Англичууд манайхан шиг өөх тостой, мах ихтэй хоол төдийлөн иддэггүй. Харин Иран, Турк гэх мэт орны залуучууд мах ихтэй хоолыг сайхан зохино.

-Улаанбаатарт хэзээ нь ирсэн бэ?

-Оюутан байхдаа “Бээжин-2008” олимпийн наадмыг үзэх гэсэн боловч чадаагүй. Гэтэл 2012 онд Лондонд олимп болно гэдгийг мэдээд “Нэгэнт энд байгаагийнх үзээгүй юм аа үзчихээд харья” гэж бодоод 2012 оныг хүлээчихсэн. Уг нь би 2011 онд нутаг буцах гэж байсан юм л даа. Ингээд жүдо, чөлөөт бөх, бокс гэсэн спортын гурван төрлийг дэргэдээс нь үзчихээд 2012 оны наймдугаар сард эх орондоо ирсэн. Тэр жил манай улсын тамирчдаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жүдогоор мөнгө, гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар боксоор мөнгө, хүрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэнд олон жил тасраад байсан медалийг залгуулж, хүрэл медаль хүртэж байсныг уншигчид мэдэж байгаа биз ээ.  

-Монголд ирээд тогоочийн карьераа хэрхэн эхлүүлсэн бэ. Энд ирэхэд хэн ч танихгүй болохоор оршин тогтноход нэлээн хугацаа шаардсан байлгүй ...

-Тэгэлгүй яах вэ. Анх ирээд “Цүки хаус”-д мэргэжлийн гал тогоо байгуулж өгсөн. Харин үндсэн карьераа “Bluefin” нэртэй сүлжээ ресторанаас эхэлсэн. Уг рестораны захирал П.Ганбат ах их тус болсон. П.Ганбат ах “Баясах” групптэй хамтарч ажиллуулж байсан тул энэ группийн захирал Д.Батболд, Д.Энхболд гэдэг төрсөн ах, дүү хоёр ч надад их дэм болсон. Тэд надад итгэл хүлээлгэж, дөнгөж нээгээд байсан ресторанаа даатгаж, ерөнхий тогоочоор ажлуулсанд одоо ч баярлаж явдаг.

-Гэрийнхээ хүнсийг та өөрөө цуглуулдаг уу?

-Бараг үгүй дээ. Гэрийнхэн маань л цуглуулдаг. Тогоочийн ажлын зав бага.

-“Загасчны морь усгүй” гэгчээр хоол хийх нь ч бага уу?

-Тийм. Яг ид баярын үеэр гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгөх хүсэл байдаг ч амждаггүй. Арванхоёрдугаар сарын 31, Март-8 гэх мэт өдөр ажил их байдаг учир маргааш нь л нөхөж, тогоо барьдаг. Харин найзууд маань намайг зав муутайг мэддэг учир миний гарын хоолыг идэхийг хүсвэл ажил дээр ирж, ширээ захиалаад хүссэн хоолоо зооглоод буцдаг.  

-Хамгийн их хийх дуртай хоол гэвэл ...

-Хийж сурснаараа ч тэр үү Итали, Англи үндэсний хоол. Итали хоол гоймонг ихэвчлэн ашигладаг бол Англи нь махыг яаж ч хэрэглэх боломжтой. Гэхдээ би бууз, бүхэл мах, цуйван идэх дуртай.   

-Таныг манай уншигчид “Ахлах тогоочийн заавраар” нэртэй шоугаар илүү танина байх. Үүнд оролцох болсон шалтгаан юу вэ?

-2016 онд ажлаа сольж, “Blue sky” зочид буудлын ресторанд ахлах тогоочоор ажилласан юм. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголынхоо нэр хүндтэй зочид буудлын ресторанд ажиллах хүслээ дагасных. Тэр үед Вьетнамы Хо Ши Мин хотод хагас сарын хугацаанд Монгол хоолны өдөрлөг болоход миний бие оролцсон юм. Тэгэхэд уг шоуг зохион байгуулагч телевиз хоёр дахь улиралынхаа оролцогчоор намайг урьсан. Тун удахгүй дөрөвдүгээр улиралын шоу үзэгчдэд хүрэх байх.  

-Одоо та хаана ажиллаж байгаа вэ?

-Манай нэг найз Төв гандангийн баруун талд Nomado Boutique” нэртэй зочид буудал нээсэн юм. Үүний “Temple” рестаронд зөвлөх тогоочоор ажиллаж байна. Энэ зочид буудал 36 өрөөтэй ч өрөө болгон нь дахин давтагдахгүйгээр тохижуулагдсанаараа онцлог. Миний үүрэг бол Монгол хоолны соёлыг европынхтой хослуулж хийх юм. Үйл ажиллагаа сайхан явагдаж байгаа.

-Аль нэг ресторанд хооллож байхад тань тухайн хоолны амт таалагдахгүй байвал яаж илэрхийлдэг вэ?

-Амнаас унах гэсэн эсвэл аль нэг амтлагчийнх нь хэмжээ хэтэрсэн байвал зөөгчөөр нь дамжуулуулж “Тогоочдоо энэ талд нь анхаараарай гэж хэлээрэй” гээд явуулдаг. Түүнээс биш бага зэргийн асуудалд тэр бүр сенсаци үүсгэдэггүй. Мөн зөөгчийг нь дуудаад маргаан гаргахаас зайлсхийдэг. Учир нь бид чинь ижилхэн л мэргэжилтэй хүмүүс шүү дээ.  

-Таныг хөлбөмбөгийн дэлхийн од Кристиано Роналдод хоол хийж өгч байсан гэдгийг дуулсан. Тэр хүнтэй уулзах болсон түүхээс сонирхуулаач ...

-Роналдо “Манчесчир Юнайтед” багт 2004 оны үед тоглоод эхэлж байсан үе л дээ. 2007-2008 онд нэр нь ид мандаж байв. Тэр үед би Манчестер хотын “London road” сүлжээ ресторанд тогоочоор ажиллаж байсан юм. Энэ ресторан “Alderley Edge” нэртэй баячуудын тосгон, Роналдогийн бэлтгэл хийдэг бааз, хоёрын дунд замын эсрэг талд байрладаг байлаа. Харин Роналдо бэлтгэлээ дуусгаад л манай ресторанд хоол идэхээр ирнэ. Учир нь миний ажиллаж байсан рестораны менежер Португал залуу өмнө нь зөөгчөөр ажиллаж байхдаа Роналдод чөлөөт цагаараа орчуулагчаар ажилладаг байсан юм билээ. Хожим тэд илүү дотно найзалсан гэдэг. Тэгээд л миний ажиллаж байсан ресторанд ирдэг болсон хэрэг. Гэхдээ зөвхөн тэр хөлбөмбөгчин биш дэлхийн алдартнууд үе үе ирж хооллодог байсан. Харин Роналдо долоо хоногт 2-3 удаа ирнэ.

-Та Роналдод ихэвчлэн ямар хоол хийж өгч байсан бэ?

-Илчлэг ихтэй тугал, тахиа, загасны мах, ямааны бяслаг ихэвчлэн иддэг юм билээ. Бүрж шарсан тугалны махыг бол хамгийн их иднэ. Тамирчин хүн болохоороо сахилга батыг сайн сахидаг. Гашуун юм уух болвол зөвхөн оргилуун дарс. Архи, вискиг огт хэрэглэдэггүй гэсэн. Тэр байдал нь ч ажиглагдсан. Учир нь аав, төрсөн ах хоёр нь архинаас болж бурхан болсон болохоор архийг үзэн яддаг болсон гэдэг.

-Монгол хоол хийж өгөх санал тавьж байсан уу?

-Үгүй. Өөх тостой хоол бараг иддэггүй юм билээ. Тэр ч бүү хэл бялуу, чихэр идэхгүй. Жимс л хааяа иддэг гэсэн. Бид хоёр жил гаруйн хугацаанд ярилцаж, би гарынхаа хоолоор дайлсан. Ингээд 2010 онд “Реал мадрид” багт дэлхийн рекорд үнээр зарагдах боллоо гэхэд нь би Монголд байгаа найздаа “Зэс аяга, Монгол чихэртэй хамт явуулаарай. Би Роналдод бэлэглэх гэсэн юм” гээд авч ирүүлсэн. Монгол хүн өөдөө харсан савыг билэгддэг учир тэр ёсыг бодож захисан л даа. Гэтэл Роналдо “Реал мадрид”-ад очоод анхныхаа гоолыг оруулах үедээ авхуулсан зурган дээрээ “Давгаад сайн сайхныг хүсэе” гэж бичээд гарын үсгээ зурж, өөрийн биеэр дурсгасан. Үүнийг нь би гэртээ жаазанд хийгээд хадгалчихсан байгаа.

-Таныг анх хараад Япон уу гэж асуусан гэл үү?

-Тийм. Сахалтай Ази царайтай болохоор тэгж бодсон юм шиг байна билээ. “Монгол” гэж хэлсэн чинь “Аан би Монгол Улс гэж байдгийг мэднэ. Гэхдээ хаана байдгийг нь мэдэхгүй” гэж байна билээ. Ер нь ажилтан үйлчлүүлэгчтэйгээ хамаагүй ойр харьцаж болдоггүй дүрэмтэй болохоор бага зэрэг л ярилцдаг байсан. Түүний хамгийн их сольдог зүйл нь цаг, машин, хүүхэн гурав. Түүний хийсэн нэг сайхан зүйлийг дурдвал миний ажиллаж байсан рестораны менежер залууг тамхинаас гаргасан явдал. Гэхдээ уг үйл явдал намайг тэр ресторанд орохоос өмнө болсон юм билээ. Роналдо тэр найзтайгаа “Хэрвээ чамайг тамхинаас гарвал би энэ цагаа бэлэглье” гэж гар барьсан гэдэг. Ингээд 14 хоногийн дараа менежер залуу мөрийгөө авч, цагийг нь зүүсэн түүхтэй. Тэр надад “Чи намайг менежерийн цалингаар энэ цагийг авсан гэж бодож байна уу. Бид хоёр бооцоо тавьснаар минийх болсон юм” гэж хэлж байсан. Тухайн үед тэр цаг 200 мянган ам.долларын үнэтэй алт, алмаазан шигтгээтэй, “Хаблот” брэндийнх.

-Нас залууч та олон том ресторанд ахлах болон зөвлөх тогоочоор ажиллажээ. Цаашдын зорилго юу вэ?

-Монгол хоолны өөх тосны хэмжээг багасгаж, хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Сүүлийн үед сайхан сайхан ресторан их нээгдэж байна аа. Мөн яваандаа хувийн ресторантай болно.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Дагвадорж: Кристиано Роналдо надтай анх танилцахдаа “Чи Япон уу” гэж асууж билээ  
Үзсэн: 28257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
[127.0.0.xxx] 2019-11-10 19:36
alert("sasasa"+"sasa")
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 20:11
Мундаг залуу юмаа. Зорилготой. Эрч хүчтэй. Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 12:53
Гоё ярилцлага байна.Сайн залуу байна.Баяр хүргэж амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 10:14
ажил мэргэжилдээ эзэн болсон сайхан залуу байнаа, амжилт хүсье. Сайхан ресторан нээхээр нь зориуд үйлчлүүлнээ. эгэл мөртлөө мундаг ийм залуус олон болтугай.
уншигч [127.0.0.xxx] 2019-11-08 09:53
Мундаг залуу байна, улам их амжилт хүсье.
Соко [127.0.0.xxx] 2019-11-08 09:17
Нээх гоё энергитэй зөв сайхан ярьдаг залуу байна аа.Дэлхийн алдартантай танилууд сайхан юм аа.Ажлын амжилт хүсэе.
Ах [127.0.0.xxx] 2019-11-08 08:59
Дагваадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Даруухан, сайхан, мундаг дүү шүү! Би Золоогийн ах бна аа
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 08:47
Дагваа хvvд амжилт хусье. Мундаг байна. Рональдотай авахуулсан зурган дээр Дагваа маань л од юм шиг гарсан байна даа
togooch [127.0.0.xxx] 2019-11-08 07:05
Mundag Zaluu um aa Gariin hooliin ochij idnee
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 05:32
Ene bordooonii gaxai xen be od boloxuu xexe taxi
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 13:10
Chi zailaa yu ch chadaxgui diplomnii gol l baigaa biz chi oloitoi xvrz ch barij chadaxgui iddeg baadag baidag ni baraanii savan baigaa daa ch. naad xvn chin chaddag yumtai xvn bna . Muu xooson tolgoitoi ataarxagch
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 06:24
хоосон атаархагч аа.чи юугаараа гийгүүлсэн юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 06:23
чи бол бусдад атаархагч юу ч чаддаггүй тэгээд хүн муулахаас өөрийг мэддэггүй нэгэн.чамайг бодоход түүхтэй залуу юм гээч.
Unshigch [127.0.0.xxx] 2019-11-08 03:34
Tand AZ jargal, eryyl enh, amjilt hysen erooe
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 05:25
bayrlalaa tand ch bas
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 02:08
Бас шаггүй атман байсан шүү. Бага ангид байхыг нь мэдэхийн байна.
Буриад [127.0.0.xxx] 2019-11-07 21:12
Ажилд нь амжилт хүсье. Сайхан түүх хүүрнэжээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-07 21:03
Сайхан түүхтэй залуу аж
Зочин [127.0.0.xxx] 2019-11-07 21:03
нутгийн хүүд баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-11-07 18:58
Хүсэл нь биелэж орох дуртай байнгын нээлттэй тансаг ресторантай болоорой.Гэр бүлд нь аз жаргал,баяр баясгалан,эрүүл энхийг хүсье.
Zochin [127.0.0.xxx] 2019-11-07 16:35
Manai Mongol zaluuchuud uneheer hool hiih chadvaraaraa shildeg ni ym bna lee , buh eregtei togooch nar gaihaltai mundag
Зочин [127.0.0.xxx] 2019-11-07 15:41
Уг нь боловсролтой л хүн байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-11-08 09:10
Tegsen chin yasan gej
gansuh [127.0.0.xxx] 2019-11-07 15:05
mundag nz shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-11-07 15:04
nzdaa az jargal husie
Зочин [127.0.0.xxx] 2019-11-09 19:43
Ajild ni amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй