Шууд Chart

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2019-11-09 07:07:48

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулав. 

Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзсэн. Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь, хэмжээгээр, хэрхэн давхардуулахгүй оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн зүйл, заалт хүчингүй болсон цаг хугацаанд үүсч бий болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамт боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гарч буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ бууруулах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-очир, Б.Пүрэвдорж, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хариулт, тайлбар авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн тодруулгад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүн хариулт өгсөн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж байсан бөгөөд энэ саналын дагуу Улсын Их Хурлын дарга Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав   
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй