Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулах шат дараатай бодлого үр дүнгээ өгч байна

2019-11-14 12:33:31

 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой ордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрс медлингийн тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцоо гарч байгаа юм.

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд медлингийн тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгасан.

Засгийн газрын дээрх шат дараатай шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд медлингийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймгийн дундын агуулахад 450 мянган тонныг иргэд, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу 1100 гаруй тээврийн хэрэгслээр татан авалтыг хийгээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Агаарын бохирдлыг бууруулах шат дараатай бодлого үр дүнгээ өгч байна   
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй