Шууд Chart

“Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

2019-11-14 12:54:01

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Уралдааны талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал нар өнөөдөр олон нийтэл хүргэв.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах эсээ бичлэгийн уралдаан нь эх түүхийн мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой, сэдлийг төрүүлэх,  өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Эсээ бичлэгийн уралдааны талаарх мэдээлэл:

Хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдана.

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид.

Тавигдах шаардлага:

  • Эсээ нь сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх
  • Асуудал хөндсөн байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх
  • 1500 хүртэл үгтэй байх
  • “А4” цаасан дээр, Times New Roman, 11pt-ээр бичсэн байх
  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
  • Овог нэр, оршин суугаа газраа тодорхой бичсэн байх,

Бичлэгийн сэдэв ба дүгнэх явц: 

Эсээ бичлэгийн 1 дүгээр шатны сэдэв нь “Миний мэдэх Чингис хаан”. Дээрх шалгуурын дагуу бичигдсэн эсээг 2019 оны 11 дүгээр сарын 15-25-ны дотор сургууль бүрийн удирдлага тус тусын шүүгчийн баг ажиллуулан дүгнэж зөвхөн 1 сурагч шалгаруулна. Шүүгчийн баг дүнгээ “Монгол бахархлын өдөр” сургууль дээрээ танилцуулж, шалгарсан сурагчийн материалыг 11 дүгээр сарын 30-ны дотор аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар /БСУГ/-т ирүүлнэ. БСУГ эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр шатны талаарх мэдээг аймаг, дүүрэгтээ нэгтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт 12 дугаар сарын 5-ны өдөр ирүүлнэ.

Эсээ бичлэгийн 2 дугаар шатны сэдэв нь Тусгаар тогтнолын үнэ цэн. 1 дүгээр шатанд шалгарсан сурагчид 2 дугаар шатанд оролцох бөгөөд тавигдах шаардлага ижил байна. Сургууль бүрээс шалгарсан сурагчдын эсээ бичлэгийг аймаг, дүүргийн БСУГ 2019 оны 12 дугаар сарын 9-20-ны хооронд зохион байгуулж шүүгчийн баг гарган дүгнэх ба анги танхимаар хангана.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс тус бүр 2 сурагч, бусад дүүрэг болон бүх аймгаас тус бүр 1 сурагч шалгаруулан, шалгарсан сурагчийн материалыг 12 дугаар сарын 23-ны дотор tuvshinjargal@president.mn хаягаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Аймаг дүүргийн БСУГ-аас ирүүлсэн сурагчдын материалыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас эсээ бичлэгийн 2 дугаар шатанд шалгарсан бүх сурагчдад талархлын захиа илгээнэ.

Эсээ бичлэгийн 2 дугаар шатны уралдаанд шалгарсан 36 сурагч 3 дугаар шатны эсээ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хотод ирж оролцоно. Эсээ бичлэгийн 3 дугаар шатны уралдаан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болно.

Эсээ бичлэгийн уралдааны 3 дугаар шатны сэдвийг тухайн танхимд зарлах бөгөөд оролцогчид 2 цагийн хугацаанд өгөгдсөн сэдвээр эсээ бичнэ. 3 дугаар шатанд шалгаран оролцож буй сурагчдын эсээ бичлэгийн ажлыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн 5 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн багш нарын баг байр эзлүүлэн дүгнэж, дүнг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мөн өдөртөө хүргүүлнэ.

Эсээг шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд:

1 болон 2 дугаар шатанд оролцогчдыг шалгаруулах сургуулийн захиргаа, аймаг, дүүргийн БСУГ-ын шүүгчийн баг дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримтална.

0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

Үүнд:

  • Найруулга, зөв бичих дүрмийн мэдлэг (15 оноо);
  • Үгийн тоо (10 оноо);
  • Бичих ур чадвар (25 оноо);
  • Санаагаа илэрхийлсэн байдал (30 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Шүүгчийн баг сонгон шалгаруулалт хийхдээ дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.

Шагнал:

Эсээ бичлэгийн уралдааны дүнг 2019 оны 12 дугаар сарын 29-ний “Үндэсний эрх чөлөөний өдөр” Төрийн ордонд гардуулна.

  • Тэргүүн байр -1. Өргөмжлөл – 3 000 000 төгрөг
  • Дэд байр – 2. Өргөмжлөл, хүн тус бүр 2 000 000 төгрөг
  • Гутгаар байр – 3. Өргөмжлөл, хүн тус бүр 1 000 000 төгрөг
  • Тусгай байр -3. Өргөмжлөл, хүн тус бүр 500 000 төгрөг

“Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй