Шууд Chart

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 3478 хүн ажиллаж байна

2019-11-20 06:40:50

Монголчуудын өөрсдийн нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 7 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг өнөөдөр /2019.11.19/ угсарлаа. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байна.

Суурь далангийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 аж ахуйн нэгж 180 километр, Дорноговь аймгийн Мандах суманд Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, 8 аж ахуйн нэгж 50 километр, Зүүнбаянд Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд, 13 аж ахуйн нэгж 80 километр, гүүр барих ажлыг 3 аж ахуйн нэгж, хоолой барих ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд болон хяналтын компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.



Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 3478 хүн ажиллаж байна  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй