Шууд Chart

Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв

2019-11-21 19:16:14

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлага үүсчээ. Иймээс энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй, алдагдал багатай, үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх, тостой тоноглолын хэрэглээг бууруулах, ашиглалтаас бүрэн гаргах, тоноглолын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах замаар байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах Ухаалаг сүлжээ бий болгож хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилтыг хэрэгжүүлэх юм байна. Уг гэрээг 2018 оны 6 дугаар сарын 22-нд гарын үсэг зурж байгуулжээ.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж.

Төслийн хүрээнд 220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан хуучирч муудсан ВМТ-110, МКП-110 тип маркын 41 ш тосон таслуур, 17ш ОД, КЗ нийт 110 кВ-ын 58ш таслуур, 174ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт. автоматикийн хамт шинэчлэх, 220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан 35 кВ-ын С-35, МКП-35, ВТ-35 тип маркын 51 ш тосон таслуур 153 ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх, 220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, ИХБ-4” болон 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын систем (Н1М/5СМ5)-ийг шинэчлэх, 220/110/35 кВ-ын ИХБ 4-ын автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх  зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг соёрхон батлав.


Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 13:54
арга ядсан үед зээл ав

Бидэнтэй нэгдээрэй