Шууд Chart

Настны зөв хооллолтын зөвлөмж

2019-12-05 12:35:17

Ахмад настны бие махбодын физиологийн онцлогийг харгалзан, халдварт бус өвчин ялангуяа судасны хатуурал, харвалт, артерийн даралт ихсэлт, хавдраас сэргийлэхтэй холбоотой аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй биологийн төгс чанар бүхий тэжээллэг хоол хүнсээр эрүүл мэндийг дэмжихэд энэхүү зөвлөмжийн зорилго оршино.

Настны хоол, хүнс, ундааны хэрэгцээг тогтоохдоо тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлгөөний идэвх, илч зарцуулалт, бодисын солилцоо, насжилт болон бие махбодын онцлог, хооллох дэглэм, дадал хэвшлийг анхааран үздэг. Бие махбодын онцлог болон насжилтаас шалтгаалан настны хооллолт нь тэдний хөгшрөх явцыг эрчимжүүлэх эсвэл удаашруулах нөлөө үзүүлэх бодит хүчин зүйл болдог ажээ.

-Настны хөдөлмөрийн чадвар буурч, биеийн эрчимтэй хөдөлгөөн багасдаг тул хоногийн хоолон дахь өөх тос, уургын хэмжээг бууруулах нь зүйтэй. Гэхдээ настны бие махбодын эд эсийн нөхөн төлжилтийг хангах шаарлагын улмаас уураг зайлшгүй шаардлагатай. Хэдий чинээ эрчимтэй хөдөлгөөнтэй байна булчингийн ачаалал төдий чинээ их байдаг тул эд, эсийн нөхөн төлжих хэрэгцээ өндөр байдагтай холбогдон уургын хэрэгцээ их байдаг юм. Иймд биеийн хүчний идэвхитэй хөдөлгөөн хийж буй настны уургын хэрэгцээ нэлээд их байж болно. Настны бие махбодын уургын хэрэгцээний 40 хувийг амьтны гаралтай уургаар хангавал зохино. Биеийн хөдөлгөөний идэвхи багатай настай хүмүүс махны хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй бөгөөд харин сүү, цагаан идээ болон ургамлын гаралтай уургыг хэрэглэх нь илүү тохиромжтой.

-Нүүрс ус нь настны бие махбодын энергийн хэрэгцээг хангах үндсэн шимт бодис юм. Гэхдээ настны хөдөлгөөний идэвх багасч, илч зарцуулалт буурдаг тул нүүрс ус, ялангуяа хялбар шингэдэг (чихэрлэг) энгийн нүүрс усны хэрэглээг багасгах шаардлагатай. Учир нь сахарын илүүдэл гэдэсний ашигтай бичил биетний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цусан дахь холестрины хэмжээ ихсэхэд хүргэдэг байна. Түүнчлэн сахрын илүүдэл нь биед өөх хуримтлагдаж таргалалт үүсгэх нэг эрсдэлт хүчин зүйл болдог.

-Настны хоолны илчлэг нь дунджаар 1800-2030 ккал тохиромжтой. Настны хоногийн хоолны илчлэг чанарыг бага байлгахын тулд өндөр илчлэгтэй өөх тос ихтэй, чихэрлэг хоол, хүнс, ундааны хэрэглээг хязгаарлана.

Судасны хатуурлаас сэргийлэх зорилгоор өөх тос, холестериноор баялаг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлана. Ахимаг болон өндөр настай хүмүүс өөх тосны хэрэглээгээ хязгаарлах нь чухал ач холбогдолтой. Өөх, тосыг хэтрүүлэн хэрэглэх нь хоолны илчлэгийг хэрэгцээт хэмжээнээс нэмэгдүүлээд зогсохгүй, судас хатуурах эмгэг үүсэхэд хүргэнэ. Ахмад настан хөдөлгөөний идэвхи, насжилтаас хамаарч хоногт 70-85 гр өөх тос хэрэглэвэл зохино. Үүний 20-25 грамм нь судасны хатуурал үүсгэх эрсдэл багатай нэг холбоот ханаагүй хүчлээр баялаг ургамлын тосыг хэрэглэх нь зүйтэй.

-Насжилттай холбоотойгоор ахмад настны бодисын солилцооны эрчим буурдаг тул үл орлогдох аминхүчил, аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй эслэгээр баялаг биологийн төгс чанар бүхий хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь илүү ашигтай.

Хүнсний ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд аминдэм хангалттай байдаг. Настны дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулардаг тул аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл, ялангуяа хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй ихэсдэг байна. Иймд хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй А ба С аминдэмээр баялаг ногоон, улаан, улбар шар өнгөтэй хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь эрүүл саруул, урт удаан амьдрахад нэн тустай.

-Шинэ хүнсний ногоо, жимсний хангамж, хүртээмж багатай өвөл, хаврын цагт эмчийн зааврын дагуу аминдэмийн бэлдмэлийг ууж болно. Хөгшрөлтийг ямар нэг хэмжээгээр удаашруулах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх аргуудын нэг нь тодорхой тоон харьцаатай олон төрлийн аминдэмийг агуулсан бэлдмэлийг ашиглаж болно. Гэхдээ эдгээр бэлдмэлийг хэрэглэхдээ хянамгай хандаж, эмчийн заавраар хэрэглэвэл зохино.

Хүнсний ногоо, жимс нь гэдэсний ашигтай бичил биетний хэвийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг тул настай хүний хоол тэжээлд онцгой ач холбогдолтой юм. Жимс, хүнсний ногоо нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа болон бодисын солилцоог идэвхижүүлэх нөлөөтэй. Гэдсэнд хий хуралдахыг багасгаж, ялзралын процессийг бууруулах үйлчилгээтэй “пектин” хэмээх бодис нь зөвхөн хүнсний ногоо, жимсэнд агуулагддаг юм. Настай хүмүүсийн хоногийн хоолыг лууван, манжин зэрэг ногооны чанамал, пектиныг түүхий алимнаас илүү ихээр агуулдаг жигнэсэн алимаар баяжуулах нь нэн чухал ач холбогдолтой.

-Настны бие махбодод нилээд ач холбогдолтой эрдэсийн нэг болох калийн үндсэн эх сурвалж нь төмс, хүнсний ногоо, жимс юм. Кали нь бие махбодоос ус, давсны ялгаралтыг идэвхижүүлж хаван үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ, зүрхний агшилтыг хүчтэй болгодог. Үзэм зэрэг хатаасан жимс, жимсгэнэ нь калийг ихээр агуулдаг.

Ахмад настан нь хоол, хүнсэндээ тослог багатай сүү, цагаан идээг аль болох их хэмжээгээр хэрэглэснээр хоолны шүлтлэг чанарыг ихэсгэж, бие махбодын хэт хүчилшилт, ясны сийрэгжилтээс сэргийлж чадна.

Нас ахисан үед бие махбодод эрдэс давс хуримтлагдах нь нэлээд элбэг тохиолддог бөгөөд энэ нь насжих тусам улам түгээмэл илэрдэг. Настны ууц нуруу, үе мөч, судасны хана, эд эс болон бусад эрхтэн тогтолцоонд давс хуралдах нилээд элбэг байдаг. Мөн давсны илүүдэл, хоолны давсны хэрэглээ хэт их өндөр байх нь судас хатуурах болон давсны солилцоотой холбоотой өвчин үүсгэдэг байна. Иймд ахимаг настай хүмүүс давсны хэрэглээндээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй.

Хоногт хэрэглэх давсны хэрэглээгээ 2,5 грамм хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулах боломжтой.

-Хатуу бүхэл хоолыг муу зажилж залгих нь залгиур, улаан хоолойг гэмтээх, улмаар хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг юм. Түүнчлэн ходоод, нойр булчирхайн хоол боловсруулах чадвар сулардаг тул настан нь хоол, хүнсийг сайтар зажилж боловсроход дөхөм болгохын тулд шүд, амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах, хэрэв шүд дутуу бол хиймэл шүд хийлгэх хэрэгтэй.

Хэт халуун хоол, унд хэрэглэх нь залгиур болон улаан хоолойг гэмтээх, улмаар хавдар үүсгэх нөлөөтэй байдаг. Халуун цайг ихээр уух дадал нь улаан хоолойн өмөнгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлдөг тухай олон баримтууд байдаг бөгөөд давстай хийцтэй цайг их хэмжээгээр уудаг заншил улаан хоолойн хавдар үүсгэх гол хүчин зүйл мөн гэж хатуу батлаагүй ч хавдар үүсгэх олон хүчин зүйлсийн дотор нэлээд чухал суурийг эзэлдэг юм.


Настны зөв хооллолтын зөвлөмж  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 15:27
ингэж идвэл урт насална
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 15:18
монгол хүний хоол идэх чадварыбг судалахгүй гаднын хүний нүдээл битгий олон юм бичжээ бай даа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 14:25
Монгол ахмадууд хэзээ байхад ногоо,өвс ,идэж ,байлаа.Сүүлний өөхнөөс ,уураг авдаг, Халуун цай л уудаг. Гадаадын хүний ходоод өөр шүү. Бүдүүн гэдэс байхгүй.

Бидэнтэй нэгдээрэй