Шууд Chart

АНУ Сириэс цэргээ гаргаж дуусчээ

2019-12-06 10:19:28

Сирийн хойд бүс нутагт үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдээ гаргаж дууссан гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдлээ. Тэрбээр "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар хэлээд, цэргийн хүчээ багасгаж, сэлгэн байршуулсны дараа 600 цэргийг тус улсад тогтвортой байдлыг хангуулахаар үлдээнэ гэж ярьсан байна. Гэхдээ шаардлагатай бол энэ тоо бага зэрэг хэлбэлзэж магадгүй гэж байна.

Хэрэв НАТО-гийн гишүүн улсууд цэргээ мөн байршуулах юм бол Сирид үлдээх цэргээ 50-аар цөөлөх боломжтой гэж Пентагон төлөвлөж байна. Энэ оны 10 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргана гэж мэдэгдсэний дараа тус улс Сири дэх цэргийн оролцоогоо хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байсан бол Марк Эсперийн яриа үүнд цэг тавихын дохио байх магадлалтай гэж "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна.

Цагаан ордны тэргүүн цэргээ татах талаар зарласнаас хойш Конгрессын гишүүд нь энэ шийдвэрийг эрс эсэргүүцсэнээс болж, Дональд Трамп энэ бодлогоо зөөлрүүлсэн гэсэн тайлбар байна. Гэхдээ АНУ-ын тал цэргээ Сирийн хойд бүс нутгаас гаргаж тус улсын газрын тосны нөөц байдаг зүүн чиглэлд байршуулсан. Ингэснээр Сири дэх мянга орчим америк цэрэг 40 орчим хувиар цөөрсөн гэж хэвлэлүүд бичиж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Сириэс цэргээ гаргаж дуусчээ   
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй