Шууд Chart

Францын 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал боллоо

2019-12-06 13:36:21

Францын ерөнхийлөгч Макрон тус улсын тэтгэвэр, тэтгэмжийн системд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тэгвэл энэ өөрчлөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болон ажил хаялт Францын 100 гаруй хотод өрнөөд байна.

Ерөнхийлөгч Макроны засаг захиргааны боловсруулаад байгаа шинэчлэлтийн төлөвлөгөөний дагуу Франц иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж, мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах талаар тусгасан юм. Харин энэхүү шинэчлэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болох үеэр Францын зарим хотод иргэд болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. 800 000 гаруй хүнийг хамраад байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн Францын зарим сургуулиуд хаагдахад хүрээд байгаагаар зогсохгүй нийтийн тээврийн үйлчилгээ гацаанд оржээ. 

Францын өнөөгийн тэтгэвэр, тэтгэмжийн систем нь хувийн болон улсын байгууллагыг хамруулаад дотроо 42 өөр төрлийн хөтөлбөртэй юм. Энэхүү системийг өөрчлөхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл цаашид өргөжих төлөвтэй байгааг олон улсын зарим хэвлэл онцолжээ. Газрын тосны зарим үйлдвэрийн ажилчид эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхээр байгаа төдийгүй үүнээс үүдэн Францад шатахууны хомсдол үүсч магадгүй байна. 

Парис хотод болсон жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, 70 гаруй хүн баривчлагдсан байна. Тус хотын аяллын жуулчлалын гол бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг хаагдаад байгаа юм. Үүнээс гадна энэхүү жагсаал, ажил хаялт нь нийтийн тээвэр болон дотоодын нислэгүүдэд ихээхэн саад учруулж байгаа юм. Air France компани л гэхэд дотоодын нислэгийнхээ 30 орчим хувийг цуцалжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал боллоо  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй