Шууд Chart

Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон

2019-12-15 09:40:00

Африкийн Марокко улс нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Тус улсын алслагдмал тосгон цахилгааныхаа бүх хэрэглээг нарны эрчим хүчний эх үүсвэрээр шийдвэрлэж байгаа юм.

Атлантын далайн эрэгт ойролцоо орших Айд Мжахди гэх жижиг тосгон цахилгаанаа зуун хувь нарны эрчим хүчнээс гарган авч буй Африкийн анхны тосгон болоод байна. Тосгонд нийт 32 нарны зайн толийг байршуулжээ.

Эдгээр нарны зайн толь 8.32 киловаттын цахилгааныг ялгаруулж, 20 гаруй айл өрхийг тогтмол цахилгаанаар хангаж байна. Тус тосгоны 50 гаруй оршин суугч үдэш бүр гэртээ тог цахилгаантай байх болжээ.

Марокко улсын алслагдсан жижиг тосгодын нэг болох Айд Мжахди ийнхүү нарны эрчим хүчээр цахилгаантай болохоос өмнө тус тосгонд амьдрал тийм ч таатай бус байж. Тосгоны айлууд оройн цагаар лаа асааж, ажил төрлөө эмхэлдэг байсан юм.

Ер нь Марокко улсад 800 гаруй жижиг тосгоны иргэд цахилгаангүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс цаашид алслагдсан тосгодын цахилгааны асуудлыг нарны эрчим хүчээр шийдвэрлэхийг албаныхан зорьж байна.

Африкийн орнуудаас Марокко улс нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолжээ. Өнөөдрийн байдлаар тус улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 35 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс гарган авч байгаа бол 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 52 хувьд хүргэхийг зорьж байна.

Сонирхуулахад, Дэлхийн банкны судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 840 сая хүн цахилгаанаар хангагдаагүй орон гэрт амьдарч байна. 2030 он гэхэд 650 сая хүн мөн л ийм нөхцөлд амьдарсан хэвээр байхыг онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй