Шууд Chart

Өөр ардчиллаас жинхэнэ ардчилал руу

2020-01-10 17:02:10

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. Энэ өдрөөс сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан.

Монгол Улс 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон. Хоёр жилийн дараа буюу 1992 онд улс төрийн тогтолцоог шинэчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ардчилсан хувьсгал бүрэн ялалтад хүрч ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн.

Ардчилалтай хамт манай оронд олон ололт амжилт нэвтэрсэн ч гэлээ, сүүдэрт нь мөн алдаа дутагдал “үүрлэсэн” гэхэд хилсдэхгүй.

Учир нь 1992 оны ардчилсан тодотголтой Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг, өмчийг баталгаажуулсан, олон ургалч үзлийг авчирсан зэрэг олон давуу талтай ч төрийн байгууллагын хувьд алдаа дутагдалтай, парламентын улсын стандартаас зөрүүлж хийсэн буруу өрөлт бийг туршлагатай хуульчид болон судлаачид хэлдэг. “Эцэг хууль”-ийн зарим үг, өгүүлбэр манай засаглалд сөрөг нөлөө үзүүлж буйг их, бага хэмжээгээр улстөрчид болон хуульчид хэлсээр ирсэн. Ардчилсан нийгмийн хамгийн том чөдөр бол муу засаглал гэж үздэг. Үүнээс үүдэн авлига газар авч, улс төрчид хувьдаа ихээхэн баялагтай болдог.

Ардчилал бол хамгийн муу дэглэм. Гэхдээ бусдаасаа дээр юм” гэж У.Черчиль хэлсэн байдаг. Ардчилсан нийгэмд хамгийн их саад болсон зүйл нь муу засаглал. Муу засаглалтай газарт авлига, хээл хахууль, хүнд суртал их байдаг. Мөн улстөрчид, иргэдийн зааг ялгаа улам нэмэгддэг.

Манай оронд анх ардчиллын “үнэр” орж ирэхэд Америк шиг болно гэж төсөөлдөг байсан. Тэгвэл Монгол яагаад АНУ, Швед, Канад, Итали зэрэг барууны орнуудын хөгжлийн замаар яваагүй вэ. Ядаж л дайны хөлд нэрвэгдэн XX зууны дундаас хойш үед хөгжлийн замд шулуудсан Япон, БНСУ-аас тээр хойно тасарч үлдэв. Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том ордоо задалсан ч Монгол Улсын гадаад өрийн тааз улам нэмэгдэж, иргэд хүсээд байсан сонгуулийн тогтолцоогоор сонгосон 76-гаа муу хэлж, Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойших 25 жилд ажилласан хоёр Засгийн газраас бусад 12 танхим огцрох буюу бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадсангүй вэ. Яагаад сүүлийн хоёр ч засгаа эрх баригч намын гишүүд өөрсдөө унагав.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид “Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс, булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулсан. Иймд юу юугүй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох хэрэгтэй байдаг. Үүний тулд Үндсэн хуулийн үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой Үндсэн хуульчилсан, органик хууль, ердийн хууль дэгээр оролдох нь зөв” гэж хэлж байсан.

Харамсалтай нь 1992 онд баталсан Ардчилсан, шинэ Үндсэн хуульд “хүрэхгүйгээр” УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвийн зохистой хэмжээнд байлгах, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг эрх мэдлийн хуваарилалттай болон хяналт хариуцлагатай холбоотой асуудлыг органик хуулиар зохицуулах удаа дараагийн оролдлого бодит амьдрал дээр улс төрийн намуудын субъектив хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгжээгүй. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдож тамгаа авсан цагаасаа эхлэн УИХ-ыг царайчлах болдог. Ерөнхий сайд нь танхимаа бие даан бүрдүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа зарим сайдыг буцаах бодит эрх мэдэл байхгүй. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт УИХ-аас хараат байж, Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлдэг. Мөн УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, уг саналыг парламентаар хэлэлцүүлэн дэмжихэд нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх буюу 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу УИХ-ын нийт гишүүдийн 20 нь санал өгөхөд Засгийн газар унах боломжтой байв.

Иймээс Монгол Улс өөр ардчиллаасаа жинхэнэ ардчилал руу шилжихийн тулд улсын хөгжлийг чөдөрлөж, хэсэг бүлэг хүнд соёлжсон аргаар хөлжих боломж олгосон алдаагаа залруулах хэрэгтэй болсон. Иргэд ч 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д 65 суудал олгосноор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах давуу эрх өгсөн.

Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэсэн айдас хэн бүхэнд байсан. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан. Үүнээс Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 2000 онд л нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн төдийгүй төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэсэн шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” гэгдэх болсон. Тийм дээ ч Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүдээс 2011, 2012, 2015 онд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлсэн ч амжилт олоогүй гурван парламент дамжин үргэлжилсэн.

УИХ 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ийн Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Монгол ардын нам Засгийн эрх авсны дараа хоёр Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзсэний эцэст ийнхүү Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад зөв зүйтэй олон зүйл, заалт хасагдсаныг үгүйсгэхгүй ч “Эцэг” хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар дэмжив.

Уг өөрчлөлтөөр 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засан сайжруулсан. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүртээ тэгш, шударга хүртээх, стратегийн ордын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг тогтоосон. Ардчилсан замаар амжилттай замнасан том гүрнүүдийн парламент ард түмнээ төлөөлдөг, хууль тогтоодог дээд байгууллагын үүргээ гүйцэтгэдэг. Хэрвээ парламент хэл амаа ололцохгүй бол тараах субьектыг нь заагаад өгчихсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг засаж залруулж чадсан.

Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд багтаж, Засгийн газрыг байгуулж өгөөд парламентын хууль бус улс төрийн довтолгооноос Засгийн газраа хамгаалж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн Ерөнхийлөгч улс төрөөс хөндийрч бэлгэдлийн чанараа хадгалдаг. Нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгох, дөрвөн жилээр 2 хүртэл сонгогдох боломжтой байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалт оруулсан байдаг. Мэргэжлийн Засгийн газар танхимын зарчмаар тогтвортой ажиллах, бодлого хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх нөхцөлд бүрдсэн. Тухайлбал, нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгож чадсан. Шүүхийн тогтолцоог зохистой болгож, хараат бус, бие даасан байдлыг хангасан.

Үүнээс гадна Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог сайжруулж, хот тосгоны өөрөө удирдлагын эрх зүйн үндэс бий болсон. Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод босгыг 55 болгож, нэг удаа зургаан жилээр сонгогдох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, чөлөөлөх онцгой эрхтэй болов.  УИХ-ын шийдвэр 39 ба түүнээс дээш гишүүн буюу  УИХ-ын олонхын саналаар хүчин төгөлдөр болох, Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх, Дархан-Уул, Орхон аймгийг хотын статустай болгох, сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах зэрэг өөрчлөлтийг тусгасан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан". Мөн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажуулахдаа “Иргэн бүр УНШТУГАЙ, УХААРТУГАЙ, ДАГАТУГАЙ!!!” хэмээсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.

“Иргэн бүр УНШТУГАЙ, УХААРТУГАЙ, ДАГАТУГАЙ!!!”

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өөр ардчиллаас жинхэнэ ардчилал руу  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2020-01-14 23:13
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.

Бидэнтэй нэгдээрэй