Шууд Chart

“Утгын чимэг-2019” наадмын гутгаар байрт шалгарсан “Аав хүү хоёр” өгүүллэг

2020-01-13 10:22:30

Зүс буруу борлог үрээг Хайрханы арын хясаанд шахан уургалчихаад, тогтоож чадалгүй уургаа чиргүүлээд алдчихлаа хэмээн хар даран зүүдлээд, давхийн сэрсэн Дэмчигноров зүүдэнд үзэгдсэн адуу шиг, хулжиж одсон нойрондоо харамсан, эрт эдүгээ хийгээд ирэх өдрүүдийн тухай элдэв бодолд ээрэгдэн хэвтэхдээ айх эмээхийг үл мэдэгч залуу халуун насны ойворгон араншин нь нугарч, ааг сааг юухан хээхэнд сэмэрчихдэг болоо юу даа гэмээр сэтгэл нь хөндүүрлэн байлаа.

Сэжиг таамаг, сүсэг бишрэлийн ил харагдахгүй, үл тасрахгүй явган яриаг салхи шиг залгиж, шүлс шиг нулимж явсан Дэмчигноров залуу насны омголон хэнэггүй монгол араншингаа өөнтөглөх болсон нь хүн ёсны хөх зөнд хөтлөгдөн буйн шинж биз ээ. Тэрбээр хүч буурайг өмөөрч, омогдож агсарсан шазруун харчуудтай нударга зөрүүлэн, дийлэхдээ дийлж, дийлэхгүй нэгэнд нь хэвтэрт ортолоо гөвшүүлж явсан залуу халуун насаа эргүүлж хөрвүүлэн бодож хэсэг хэвтэв.

-Муу хүү минь шинийн гурванд багтаж ирэх учиртай. Урь унаж, цаг тавирхаар ирж бай гэж зөндөө л үглэлээ. Тоохгүй юм. Өөрт нь нэг бодол байдаг юм болов уу даа. Цагаан сар хаяанд ирчихлээ. Өчигдөр хэдэн хавсаагаа хайрав. Өнөөдөр ганц нэг дэлгэц банш чимхэе. Орой оруулсан мах гэсч байгаа болов уу. Жаахан уятаад эргээд хөлдчих вий дээ. Босч гал түлье дээ. Мөн чиг хүйтэрч байна даа гэж бодоод, ар дагзныхаа атриатсан хуйхтай данхар толгойгоо атгалан, нулимсаа гоожтол эвшээсээр өндийж суулаа.

Азарган нэхий дээлээр давхарлан хучсан бор хөнжлөө хумин, товхогор эсгий гудсаа сөхөж хэд нугалсан сонингийн цаас, дугуй хайрцагтай тамхиа авч сурмаг ороогоод дэрэн доороо хийсэн чүдэнзээ шархийлгэн хавирав.

Чүдэнзний галд тамхиа асаан шунаглан сорох үед гэрийнх нь үүдэнд хэн нэгэн сүүтгэсхийх шиг болоход арзасхийн цочиж, хавирсан чүдэнзээ өргөн ойр орчноо тойруулан, ийш тийшээ харснаа:

-Халцгай хэмээн дуу алдаж, шатаад дуусч буй чүдэнзний модыг зуухны зүг шидээд, чимхийн хорсох эрхий долоовор хурууныхаа өндөгийг долоох зуур

-Хий юм хардаг болох нь ээ гэж бөгт дуугаар үглэсээр, дахин чүдэнз зурж, орны урд дахь жижиг ширээн дээр хатгаж орхисон лаагаа асаалаа.

Хүйт даасан гэрийнхээ ялимгүй шазгар өрхний завсраар сэнгэнэх хүйтэн жаварт эгдүүцэх мэт тооно өөдөө харж, том нударгатай дээлээ нөмрөн, орны урд тавьсан ээтэн гутлаа холхиндог углаад гарав.

Цанхилзтал салхилах жавартай шөнийн, одод анивчих тэнгэрийг ширтэн,

-Уг нь ч цагаан сар өнгөрөөд цагийн хошуу эргэчихдэгсэн. Цаг тооллын бичиг гаргадаг эрдэмтэн доовторууд нь алдаж тоолох учиргүй л баймаар хэмээн бодов.

Дөрвөлжтэй аргал, шуудайтай хөх шиндүүнээс зуухныхаа хүхээгэнд тултал зэрэглэн, галаа асаахад хуурай аргалын галд гэрийн жавар хөөгдөн, тэр доороо пүнхийсэн ч, ар нуруунаас хүйт даан жиндүүлэх аж.

-Олон хөндийн жавраас орны хөндийн жавар хэцүү гэж хэн анх хэлээ юм бол доо хэмээн үглээд, яндан, өрх хоёрын завсар түлээний залтас хавчуулаад, орондоо орж, хөнжлөө нөмрөн хэвтлээ.

Шад падхийн цорволзох хуурай модны хөх дөл зуухны амаар цухалзаж, час улаан цог хаа нэг нисээд, зуухны өрөн дээр унах аж.

Хэсэг зуур зүүрмэглэх мэт хэвтэснээ, хажуу бөөрөө даган урсах ганц лаагаа хайрлан, огцом чангаар "пүү" хэмээн үлээгээд , зууханд асах галын гэрэлд унь тооноо ширтэн хэвтэв.

...Одоогоос хориод жилийн өмнөсөн. Цэргийн онжавууд, бага сургуулийн нэг ангийнхан гээд бие биенээ өдөөж хөөргөсөн хэдэн залуус айраг архи эргүүлж, үерлэж шуугисан голоор хөндлөн гулд туучин, галзуу ноход шиг агсарч явсаар цагаан гэгээ тасрахын алдад Дэлгэр бүсгүйнд буув.

Оройн саамаа борлуулж, хэдэн тугалаа хашчихаад, унтахаар зэхэж буй бүсгүйг элдэв марзан үгээр хоргоож, гурван усны нэрмэлээс эхлээд, цагаа амтагдсан сувсыг нь хүртэл шавхруугүй залгилаад явцгаах үед,

-Дэмчигноровоо чи энд үлд. Бага ангидаа та хоёр чинь нэг ширээний хоёр байсан биздээ гэж шулга Баасан тультраатан хэлээд

-Дэлгэр минь наадхаа олигтойхон номхруулаад өгөөрэй гэж нүд ирмэн марзганав.

-Хүүхдийн дэргэд олон юм ярилгүй морд чи гэж Дэмчигноров унтууцвал, тэдний ард нь дээлээ нөмрөн унтаж байгаа жаалхүүг сая л анзаарсан шулга Баасан агдалзан инээж

-Дэмчигноров чамайг Дэлгэр хүүхэн дээр бууж мордож явсныг мэдэхгүй юм байна. Хүний хүүхэд чамд ямар хамаа байна. Дэлгэрээ миний найз хүүгийнхээ эцгийн нэрийг хэлж, энэ тэнэгийн сэтгэлийг амраагаад өгдөө хэмээн шижээргүй харцаар өдөнгүй ширтэхэд, согтуу харчуудын овилгогүй харцанд ээрэгдсэн Дэлгэрийг өрөвдсөн Дэмчигноров:

-Дэлгэр бид хоёр хүүтэй гэдгийг мэдэж авцгаа та нар хэмээн чанга дуугаар хэлээд, шулга Баасанг чирч гаран, эвхэртэл элэгдэж, бусад харчуудыг өшигчин хөөсөөр мордоцгоов.

Ганц бие бүсгүйг элэг барингуй далбилзах согтуу харчууд тэр дундаа шулга Баасанд дургүй нь хүрч суусан Дэмчигноров үеийн харчуудаа хашраамаар санагдсан хэрэг.

Тэр үдшээс хойш Дэлгэр хүүхний ганц хүүгийн эцэг нь Дэмчигноров гэнэ шүү гэсэн цуу үг ам дамжин шуургалав. Санаандгүй хэлсэн үг салхи хөлөглөн тархана чинээ санаагүй Дэмчигноров сэтгэл зовонгуйран явсаар сар гарангийн дараа Дэлгэрийнд үдшийн бүрийгээр давхиж очсон аж. Бага сургуулийн нэг ангийн хоёр бие биенээсээ санаа зовонгуйран суух үед Дэлгэрийн хүү чимээгүйхэн хоолоо идээд ороо засан унтаад өгчээ. Өөд өөдөөсөө сэм сэмхэн харж, харц тулвал нүд буруулан бултаж дуугүйхэн сууцгаасаар хүүг унтсаны дараа гэрээс цувралдан гарч чийг үнэртсэн шөнийн тэнгэр дор үүр хаяартал ярилцаж билээ.

-Ам дамжсан цуурхал хүүгийн чихэнд хүрсэн байна. Чи тэр орой юунд тийм үг хэлэв дээ хө. Миний аав Дэмчигноров ах тийм ээ гээд мөн ч шалгаалаа гэсээр уртаар санаа алдахад

-Чамайг бутанд хярсан бүжин шиг бүлтэгнэхийг хараад дуугай сууж чадаагүй юм. Тэгээд ч надад хэл ам татлах эхнэр хүүхэд байх биш. Хүүхдийн сэтгэлд сэв суулгаж байснаас “тийм ээ үнэн” л гэчихгүй юу гээд зөөлөн дуугаар нур нур инээж суусан дуртадмал хонгор насаа эргэн санав.

...Цаг эргэдэгээрээ эргэж цагаан сарын шинийн гуравны билэгт сайн өдөр үүр цүүрээр эртлэн босч, цай идээгээ бэлдэн суугаа Дэмчигноровын өвөлжөөний доод замаар хурдан унааны хүнгэнсэн дуу сонсогдохыг өглөөнөөс хойш чих тавин суусан өвгөн толгой гилжийн анирдаад, сандчин босч, цагаан сар хурал хуйд хаа нэг өмсдөг хөх жигүүнэн дээлээ өмсөх хооронд аль хэдийн гэрийнх нь гадаа давхиж ирэв.

Эцгээ хүлээсэн хүүхэд шиг гүйж гарсан Дэмчигноровын өөдөөс

-Өвөө би тань дээр хүрээд ирлээ шүү гэж цангинуулан хашгирсаар, хөх бууцны тоос босгон гүйж яваа жаахан хүүгийн өмнөөс майрганан харайсаар тэврэн авч, хөлөрсөн магнайг нь өхөөрдөн, сахалтай хошуугаараа үрчин үрчин үнсэв.

-За мэнд амар сууна уу ааваа гэсээр хүрч ирсэн гуч эргэм насны хархүүгийн өөдөөс инээмсэглэн

-Ор хүү минь ор. Ороод золгоё. Бид хоёр яахав. Гадаа гэрт гэх цээр нь арилсан хоёр оо гэсээр ач хүүгээ үүрэн эрхлүүлж гэр өөдөө алхав.

Амар мэндээ мэдэлцэн хадаг дэлгэн золгоод, хүү ач хоёртоо цай аягалан өгч, идээ шүүс тавиад, тогоонд даргилан буцлах усанд тавагтай хөлдүү банш шархийлгэн хийж жижиг халбагаар хутгав. Хүүг нь өхөөрдөн суугаа өвгөнийг харсан хархүү

-Хөөрхий дөө. Жилээс жилд өвгөрөөд байна даа. Ижий бид хоёрыг согтуу сожуу харчуудаас өмгөөлж, хүүгийнх нь эцэг би юм шүү хэмээн зарласан энэ хүн миний төрсөн эцэг биш ээ гэдгийг хожим хойно мэдээд сэтгэл мөн ч их хямарч билээ.

Дэлгэрийн хүүгийн төрсөн эцэг нь би байна. Яах юм та нар намайг. Өмөөрөх эзэнтэй айл шүү. Дахиад ирж дарласан байвал цувдайны чинь савыг зад цохино гэж мэдээрэй” гээд, ижий бид хоёрыг нойргүй хонуулдаг согтуу хөлчүү харчуудыг өвсөн түүдэг шиг өшигчин, гол уруудуулан хөөж одохыг чагнаад, “ааваа ааваа, миний ааваа” эргээд ирэл дээ хэмээн хөнжил дотроо нусаа шор шор татан уйлж байсан билээ. Нунж дорой ижий бид хоёрыг зорин ирж, өнжиж хоноод буцахад нь ээж хүү хоёрын сэтгэлд наран ургадаг байсан хэмээн ижийгээ үгүйлэн суулаа.

Ганц сармисаар амталж чимхсэн бор гурилтай баншийг нь амтархан идэж суугаа хүүгээ харсан Дэмчигноров

-Эвийдээ миний муу хүү. Намайг төрсөн эцгээ л гэж итгэсээр яваа. Дэлгэр минь нарийн учрыг нь хэлээгүй биз. Яахав яахав. Би хүүтэй, энэ маань аавтай явахад юуны буруу байх вэ. Хэдэн малын зах, өмбөө цөмбөө өмч хөрөнгөө хүүдээ хүлээлгэн өгч сэтгэлээ амраая. Сүүлийн үед муу совин төрөөд байгаа золиг шүү хэмээн өөрийгөө голон суулаа.

-Ааваа танд ганц сайхан хаш соруултай гаанс аваад цүнхэндээ хийсэн юм. Гэтэл хөшигдөөд хугарчихжээ гэж гэмшингүй ярих хүүгийнхээ өөдөөс харсан өвгөн ганган савтай үнэтэй архи сэржимдэж суухдаа саяхны зүүдэлсэн тодхон зүүдний учиг, бурзангаараа хугарсан гаанс байсныг ухаарав.

Монгол өвгөдийн зүүд зөнтэй гэж үнэн ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Утгын чимэг-2019” наадмын гутгаар байрт шалгарсан “Аав хүү хоёр” өгүүллэг  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй