Шууд Chart

Канадын мэргэжилтнүүд ослын шалтгааныг мөрдөн шалгах багт ажиллахаар Иранд очжээ

2020-01-15 11:34:23

Ираны нийслэл Тегеранд осолдсон Украины агаарын тээврийн компанийн онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох Канадын техникийн мэргэжилтнүүд тус улсад ирээд байгаа юм байна. Канадын мэргэжилтнүүд Ираны мэргэжилтнүүдтэй уулзахаар болсныг Канадын тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Кэти Фокс мэдэгдсэн. 

Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр мөрдөн шалгах ажиллагаанд Канадын тал ямар үүрэгтэйгээр оролцох талаар мөн Канадын шинжээч мэргэжилтнүүд ямар хугацаагаар Иранд ажиллахыг тодорхой мэдэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн "Ослын уршгаар Канадын 57 иргэн амь насаа алдсан учир манай тээврийн аюулгүй байдлын зөвлөлд мөрдөн шалгах ажиллагааг ил тод, шударгаар явуулахад мэдлэг туршлагаа ашиглах боломж олгох байх гэж бид найдаж байна. Ираны тал Канад төдийгүй бусад улс орнуудын мэргэжилтнүүдэд нисэгчдийн яриа болон хар хайрцгуудын бичлэгийг тайлж унших талаар зөвлөгөө авах хүсэлт тавьсан. Тиймээс Иранд болох уузалтаар ямар байдлаар хамтран ажиллах нь тодорхой болох байх гэж хүлээж байна" гэжээ. 

Канадын Гадаад хэргийн сайд Филипп Шампаний мэдээлснээр тус улсын мэргэжилтнүүд дипломатууд бүгд Ираны виз аваад байгаа аж. Нийт 10 орчим дипломат, тээврийн аюулгүйн зөвлөлийн хоёр төлөөлөгч ослын уршгаар амиа алдсан канадчуудын ар гэрийнхэнд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ цогцсуудыг таниулах ажилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр Иранд очоод буй юм байна.

Ирэх пүрэв гарагт Афганистан, Канад, Швед Украин, Украины төлөөлөгчид Украины иргэний агаарын тээврийн онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндсөн уулзалтыг Лондонд хийх гэж байгаа юм байна. Энэ тухай Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко өчигдөр "Ройтерс" агентлагт мэдээлснийг хэвлэлүүд дамжуулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын мэргэжилтнүүд ослын шалтгааныг мөрдөн шалгах багт ажиллахаар Иранд очжээ   
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй