Шууд Chart

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 44 жилийн ой боллоо

2020-01-15 12:46:55

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв нь Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг. Уг төвийг 1976 онд нээсэн бөгөөд өдгөө Ази Номхой далайн бүс нутаг дахь соёл мэдээллийн хамгийн том төвийн нэг болон ажиллаж байна.

Өдгөө тус төвийн чухал зорилтын нэг нь Монголын иргэдэд орчин үеийн Орос орон, түүх, соёл, зан заншил, уламжлал, хүмүүсийн тухай мэдээлэл түгээж хүргэхэд  оршдог. ОШУСТ-ийг түшиглэн орос хэлний дамжаа, номын сан, Ерөнхийлөгчийн цахим номын сангууд ажиллаж, төрөл бүрийн танилцуулга, кино үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ явагддаг. Мөн Улаанбаатар дахь ОШУСТ ОХУ-ын төсвийн хөрөнгөөр гадаадын иргэдийг оросын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулдаг нэгдсэн операторын үүргийг хэрэгжүүлдэг.

Улаанбаатар дахь ОШУСТ өнгөрсөн хугацаанд Монгол, Орос улсын улс төр, олон нийтийн янз бүрийн түвшний зүтгэлтнүүд оролцсон үлэмж олон арга хэмжээг зохион явуулжээ.

Тухайлбал, өнгөрсөн онд маш чухал, том арга хэмжээнүүд зохион байгуулсан. Үүнээс олонх нь Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд болсон. Тухайлбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэмжлэг дор орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг байсан “Бид Артек явна” уралдааныг сэргээн зохион байгуулсан.

Мөн UBS телевизтэй хамтран орос дуу дуулаачдын дунд зохион явуулсан «Наша песня» уралдаан олон нийтийн сонирхолыг ихэд татсан. Түүнчлэн «РЦНК Open» шатрын тэмцээн, Монголын кино хорхойтнуудад зориулан орос киноны «Русский ренессанс» кино наадам зохиосон юм.

Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевиз хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны орос хэл дээрх үзвэрийн арга хэмжээ зохион байгуулж, үзэгчдэд хүргэсэн.

Үүнээс гадна Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, Уралын их сургуулийн санаачилгаар Монголд анх удаа зөвлөлт/оросын сургууль төгсөгчдийн чуулган хуралдаж, Монгол, Оросын улс төр, олон нийт, ажил хэрэгч хүрээний нэрт  төлөөлөгчид оролцжээ. Тус чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон Россотрудничество агентлагийн тэргүүн Э.В.Митрофанова оролцсон бөгөөд тэрбээр Эрхүү мужид болсон усны үерт хохирсон хүмүүст Сайн санааны үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн монголын иргэдэд байгууллагынхаа шагналыг гардуулсан.

Уламжлал ёсоор жил бүр явагддаг Орос-Монголын найрамдлын өдрүүд 59 дэх удаагаа Монгол орныг өргөн хамарч зохиогдсон.  Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн олон шинэ салбар нээгдэж, аймгуудад явуулын арга хэмжээг зохион явуулсан. Улмаар орон нутагт болсон орос хэлний олимпиадуудын дүнд монгол сургуулийн төгсөгчид оросын их дээд сургуулиудад элсэн суралцах давуу эрх бүхий гэрчилгээний эзэд болсон билээ.

2019 оны хамгийн тод үйл явдлыг нэрлэвэл 30 жилийн дараа сэргээн явуулсан «Кремлийн сүлд модны наадам» юм.  Уг наадмын ерөнхий найруулагчаар Москва дахь «Кремлийн сүлд модны наадам»-ыг 2001-2013 онуудад найруулан тавьсан нэрт найруулагч Валерий Шевченко ажилласан.

Улаанбаатар дахь ОШУСТ 2020 онд өөрийн түнш байгууллагуудтай хамтран Орос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэг дор Аугаа эх орны дайны ялалтын 75 жил, Россотрудничество агентлагийн 92 жил, Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны 60 жилийн ойг тохиолдуулан олон том арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ. Мөн энэ онд болох «Оросын боловсролын үзэсгэлэн 2020»-д , Оросын тэргүүлэх их дээд сургуулиуд оролцож боловсролын хөтөлбөр, суралцаж амьдрах нөхцөл бололцооныхоо талаар танилцуулга хийх аж.

Монгол, Оросын ард түмний харилцааг бэхжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж манай орны тухай бодитой төсөөллийг бүрдүүлж буй Улаанбаатар дахь ОШУСТ-ийн хамт олонд 44 жилийн ойн баяр мэнд хүргэе.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 44 жилийн ой боллоо  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй