Шууд Chart

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Увс аймагт ажиллаж байна

2020-01-15 15:11:41

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбат болон аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нартай уулзлаа.

Уулзалтаар Увс аймгийн шилжилт хөдөлгөөн, үүнд нөлөөлж буй хүчин зүйлс, иргэдийг тэр дундаа залуу гэр бүлүүдийг уугуул нутагт нь үлдээх тухай санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. 

Мөн тус байгууллагын хэрэгжүүлж буй "Монгол дахь Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийг Увс аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулан, тэдний санал бодлыг сонслоо. Орон даяар хэрэгжиж буй уг төсөл нь Улаанбаатар хотод өнгөрсөн оны 10 сард нээлтээ хийсэн бөгөөд орон нутгийн хамтын ажиллагааны эхлэл нь ийнхүү Увс аймгаас эхэлж байна. 

Төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн 2000 оноос хойш улс даяар идэвхжсэн ба дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотыг зорьсоор байна. Үүний дүнд нийт хүн амын 48 хувь нь нийслэл хотод амьдарч, энэ нь хотын хүн амын нягтаршлыг нэмэгдүүлэн, ус, хөрс, агаарын бохирдлыг ихэсгэж, замын түгжрэлийг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна.

Увс аймгийн хувьд нийт 14300 гаруй хүн 2010-2016 оны хооронд шилжин явснаас цэвэр шилжилт нь 9609 байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд тус аймгаас хот суурийн газрыг зорих шилжилт хөдөлгөөн буурсан ба энэ нь орон нутгийн хөгжил дэвшил, дэд бүтцийн хүртээмж сайжиртай холбоотой хэмээн Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу хэлж байлаа.

“Шилжилт хөдөлгөөн зөвхөн сөрөг талтай биш, эерэг тал ч бий. Эерэг талыг иргэд төдийгүй нийгэмд нөлөөлөх хэмжээнд авчрахын тулд бид ажиллаж байна” гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хэлсэн юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь тус төслийн хүрээнд анх удаа үндэсний хэмжээний хоёр цогц судалгааг хийжээ. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн гол зорилго нь дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх юм.


Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Увс аймагт ажиллаж байна   
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй