Шууд Chart

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-01-17 09:32:21

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүнээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийгУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишуүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилсан байна. 

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаарх дараах саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байгааг уг санал, дүгнэлтэд дурджээ. Тухайлбал, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл, оюуны өмч бүтээгч, эзэмшигчдийн шаардлага, нөхцөл байдлыгхаргалзан орон нутагт хэлтэс, тасаг байгуулах хууль, эрх зүйн боломжийг нээх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх эрхийг хэрхэн авах, түүний үйл ажиллагааны чиг үүргээс гадна, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох зэрэг асуудлыг тусгасан байна. 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 


Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй