Шууд Chart

"Токио-2020" олимпод оролцох байт харвааны тамирчдад тэтгэмж олголоо

2020-01-17 18:35:50

Өнөөдөр Монголын байт харвааны холбоо болон Төрийн банк хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төлөөллүүд гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар олимпын эрх авсан байт харвааны тамирчдыг санхүүгээр дэмжихээр болж байгаа юм. Эхний ээлжинд "Токио-2020" олимпын наадамд оролцох эрхээ авсан байт харвааны тамирчин ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны тамирчин спортын мастер Н.Мөнхбаатар нарт мөнгөн тэтгэмж олголоо. Ингэснээр тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх нөхцөл бүрдэж байгааг талууд онцоллоо.

Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар: " Манай байгууллага Байт харвааны холбоотой гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна Санамж бичгийн хүрээнд бид тамирчдын нийгмийн асуудлыг шийдэхэд гурваас дөрвөн төрлийн дэмжлэг үзүүлнэ. Цаашид эдгээр тамирчдад олимпод амжилттай оролцоход нь зориулж санхүүгийн тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана" гэлээ.

Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд: "Байт харвааны тамирчдын дийлэнх нь боломж нөхцөл тааруу орчинд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ихэнх нь гэр хороололд амьдардаг. Хоёр жилийн өмнө байт харвааны холбоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "360" талбайг барихад Төрийн банк тусалж байсан. Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд манай холбооноос Төрийн банкны ажилтнууд, тэдний хүүхдүүдэд байт харваа сургана. Сургалт зохион байгуулна.

Ер нь олимпод амжилт гаргасны дараа нь биш, амжилттай оролцож, Монгол Улсын нэрийг дуурсгахад бэлтгэлд нь зориулж энэ тусламж дэмжлэгийг Төрийн банк үзүүлж байгаа нь гол онцлог. Тус банкны хамт олонд баярлалаа.” гэлээ.

Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Мөнхбаатар: Байт харваагаар зургаан жил хичээллэж байна. Монгол Улсын шигшээ багт 2017 онд орсон. 2019 онд Тайландад болсон пара байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч олимпын эрхтэй болсон. Одоо олимпдоо 200 хувь хичээх л хэрэгтэй байна. Анхлан суралцагч байж байгаад ахисан түвшин рүү орсон. Оноо ахиад ирэх болгонд улам ч дуртай болдог. Мэдрэмж, сэтгэл зүй, анхаарал, тэвчээр гээд бүх л чадвар шаардана даа.

Монгол Улсад байт харвааны спорт 1960 оноос эхлэн хөгжсөн бөгөөд 1971 оны Англид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд Д.Дэмбэрэл түрүүлж спортын төрлүүд дундаас Монгол Улсдаа анхны Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан байна.

 

Нийтэлсэн: Д.Даваадулам

"Токио-2020" олимпод оролцох байт харвааны тамирчдад тэтгэмж олголоо  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй