Шууд Chart

Михаил Мишустиныг ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр томиллоо

2020-01-18 10:56:28

ОХУ-ын Төрийн Дум Ерөнхийлөгч Путины нэр дэвшүүлсэн Михаил Мишустиныг засгийн газрын даргаар томилохыг дэмжин баталлаа. Үүний дараагаар Ерөнхийлөгч Владимир Михаил Мишустиныг засгийн газрын даргаар,  Дмитрий Медведевийн аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар томилох 2 зарлигт гарын үсгээ зурсан юм. Харин одоо Оросын засгийн газрын шинэ дарга танхимаа эмхлэн байгуулах ажилдаа ороод байна. Дотоодын  судлаачид, улс төрчид энэ хооронд Мишустины танхимд хэн хэн багтахыг таахыг чармайж байна.

Михаил Мишустин санал хураалтаас өмнө Төрийн Думын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ шинэ танхимынхаа зорилго, бодлогыг танилцуулсан. Юуны түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн хүүхэд, гэр бүлүүдэд, тэдгээрийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарал хандуулахаа тэрээр илэрхийлжээ.  Мөн энэ бүхэнд зарцуулах хөрөнгө мөнгө засгийн газарт байгаа гэдгийг гол нь тэмдэглэн хэлж байсан. 

Үүний зэрэгцээ шинэ Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын шинэ циклийг эхлүүлэхэд  засгийн газар анхаарч ажиллахыг мэдэгдсэн Үүний тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, бизнесийнхэнд шинээр  ажлын байр нэмэгдүүлж, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж  олгохын тулд  ажиллах таатай нөхцөлөөр хангахаа  илэрхийлсэн. Мөн Төв  банкны хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ засгийн газар ажиллах болно хэмээн амлаж байлаа. Түүнчлэн эдийн засгийг дижиталжуулах, тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний хэмжээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа баталсан.

Мөн засгийн газрын  бүх гишүүн үндэсний хэмжээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээх болно гэдгийг амласан юм. Төрийн Дум  дахь санал хураалтын өмнөх асуулт хариултын үеэр хөндөгдсөн гол  сэдэв Оросын иргэдийн өрийг тэглэхтэй холбоотой  байсан. Төрийн Дум дахь либерал ардчилсан намын фракцийн иргэдийн өрийг тэглэх санаачлагыг хэрхэн үнэлж дүгнэж байгааг тэрээр асуухад:  "дэмжихгүй. Зээл тэглэх нь бүхэлдээ дампуурлын давлагаа үүсэхэд хүргэнэ. Зээл  аваагүй хүмүүс нь мөнгөө  алдана  гэсэн үг. Одоохондоо татварын албаны  дарга хэвээрээ байгаагийн хувьд  өр  зээлийг тэглэх санал санаачлагыг угаасаа дэмжихгүй гэдгээ илэрхийлэх байна" гэжээ.

Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Твиттер хуудсаараа дамжуулж санхүүгийн жижиг байгууллагууд, өр барагдуулах албуудыг бүр татан буулгах нь зүйтэй хэмээн санал  болгож байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн иргэд ийм байгууллагуудад нийт 40 орчим тэрбум рублийн өртэй байгааг хүчингүй болгох хэрэгтэй хэмээн  мэдэгдэж байсан юм.

Харин засгийн газрын шинэ танхимын бүрэлдэхүүний тухайд  ОХУ-ын Ерөнхийлөгч  Путины  эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах  Андрей Белоусовыг ерөнхий  сайдын 1-р орлогчид  нэр дэвшүүлж магадгүй тухай улс  төрийн хүрээнд  ихээхэн яригдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Михаил Мишустиныг ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр томиллоо  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй